-Н.ДЭМБЭРЭЛИЙГ АЖЛААСАА ГАРЧ БАЙГААГ МЭДСЭН НЭГ МУУХАН PR-ЧИН ХҮНИЙ ХИЙСЭН АЖИЛ БАЙЖ БОЛОХ-
МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Н.Дэмбэрэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тагнуулын ерөнхий газрын мэдээлснээр Н.Дэмбэрэл МАХН, АН-ын дарга нарын байгуулсан гэрээний “нууц” гэх хавсралтыг хуурамчаар үйлдсэн гэж буруутгаж байгаа. Тэрбээр дээрх нууц хавсралтыгхуурамчаар үйлдсэн нь баримтаар нотлогдсон гэдэг. Энэ талаар МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийт технологи, сургалт, судалгаа хариуцсан нарийн бичгийндарга Т.Гантулгатай ярилцлаа.
–МАХН, АН-ын дарга нарынбайгуулсан гэрээний “нууц” гэх хавсралтыг танай намд ажиллаж байсан Н.Дэмбэрэл үйлдсэн гэдгийг ТЕГ мэдэгдлээ?
-Энэ сарын 24-ний өдөр ТЕГ-ынхангэнэтхэн мэдэгдэл хийсэн. Энэ мэдэгдлийндараа бид холбогдох хүмүүсээс маш богино хугацаандмэдээлэл авч судалж үзсэн юм. Болсон явдал гэвэл манай намын нэг гэрээт ажилтан, сонины бодлого хариуцсан улс төрийн ахлах ажилтан хоёрын гэрт тагнуулынхан очсон байдаг. Тагнуулынханхувь хүний гэрт очихдоо заавал холбогдох газраас зөвшөөрөл авсан байх ёстой. Гэтэл тэд зөвшөөрөлгүй байсан бөгөөдманай ажилтнуудын иргэнийхээ хувьд эдлэх ёстой эрхийг нь эдлүүлээгүй. Өмгөөлөгч байлцуулалгүйгээрмэдүүлэг авч олон цагаар саатуулсан юм билээ.
–Ийм зүйл болж байхад яагаад танай ажилтнууд удирдлагууддаа мэдэгдээгүй юм бэ. Таны ярианаас харвал МАН-ынхан энэ явдлыг ТЕГ мэдээлэхэд мэджээ гэж ойлгогдлоо?
-Манай ажилтнууд энэ талаар бидэнд хэлээгүй. Учир нь тагнуулынхан тэднийг дарамталсан юм байна лээ. Энэ асуудлыг удирдлагадаа хэлж, өндөр авахуулж болохгүй шүү гэсэн юм билээ. Тэгээд бидэнд хэлээгүй. Маргааш нь ТЕГ-ын ажилтнуудМАН-ын төв байранд прокурорын зөвшөөрөлгүйгээр хууль зөрчин нэвтэрч албан ажлын өрөөнөөс компьютерийн хард дискийг хурааж авсан байгаа юм. Энэ бол ноцтой асуудал. ТЕГ-ын нэр бүхий ажилтнууд 2014 оны аравдугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92.133 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох бичиг баримт цуглуулах хураан авах журмыг зөрчиж МАН-ын байранд нэвтрэн орж ажилтан албан хаагчдаас мэдүүлэг тайлбар авахаар тулган шаардсан. Мөн зарим компьютерийн хард диск хураан авсан байна. Иймд хууль зөрчсөн асуудлаар бид Авлигатай тэмцэх газарт хандсан байгаа.
–Яагаад Авлигатай тэмцэх газарт өгсөн гэж. Энэ чинь авлигын асуудал биш шүү дээ. Хууль журмаараа бол прокурорын байгууллагад хандах ёстой биш үү?
-Төрийн тусгай албан хаагчид албан тушаалаа хэтрүүлэн хууль зөрчсөн үйлдлийг шалгуулахаар Улсын Ерөнхий прокурорын газарт давхар гомдол гаргасан байгаа.
–Гэрээнийхавсралтыг хуурамчаар үйлдсэн гэж байгаа. Түүнийгээ нотолсон ч гэж ТЕГ-ынхан хэлсэн?
-Олон түмний нүдэн дээр хоёр намын дарга гэрээнд гарын үсэг зурсан.Гэрээ хүчин төгөлдөр бид хамтран ажиллах гэрээг сайжруулна гээд байна. Бид хуурамч гээд буй хавсралтыг ньих гэрээтэй нь харьцуулаад харлаа. Гэрээний эх хувийг нь хураангуйлсан л зүйл байна лээ. Логик талаас нь аваад үзэхэд хуурамчаархавсралт хийх нь МАН-д ямар ашигтай юм. Тэгээд ч аливаа гэрээний хавсралтад ямар ч тохиолдолд гарын үсэг зурдаггүй бичиг хэргийн наад захын стандарт байдаг шүү дээ.
–Яагаад ашиггүй гэж. Хоёр намын даргын гэрээнд орсон хамтран ажиллах заалтууд танай намын дургүйг хүргэсэн байж болох юм. Нөгөө талаасаа хамтарч ажиллахнь МАН-д хохиролтой биш гэж үү?
-Тус гэрээнд “Улс төрийн намуудын өмч хөрөнгөтэй байхыг хориглох”,” Нэг намаас гарсан саналыг нөгөө нам нь дэмжинэ”, “Түншлэлийн гэрээнд заасан бусад аливаа асуудал гарсан тохиолдолд тухай бүр ажил хэргийн журмаар санал солилцож байр сууриа нэгтгэжхэрэгжүүлж ажиллахаар тогтов” гэх мэтээрбүх зүйл ньхуурамчаар үйлдсэн гэх хавсралтад хураангуйгаар тусгасан байгаа юм.
–Ерөнхий гэрээний хураангуй юм бол яагаад энэ гэрээний нууц хавсралт гэх зүйл хуурамч гээд асуудал дэгдээгээд байгаа юм бэ?
-МАН-ын гэрээт ажилтнаас мэдүүлэг аваад олон түмэнд МАН-д ажиллаж байсан хүний нэр хүндэд халдажмэдээлэл цацсан. Энэ бол тусдаа асуудал. Н.Дэмбэрэл гэдэг хүн шүүхэд хандаж, өөрийнхөө нэр төрийг сэргээж, хамгаалах ажлыг хийх байх. Нөгөө талаар Н.Дэмбэрэлийг ямар нэгэн хилс хэрэгт холбогдуулсан тохиолдолд намын гишүүнээ бид хамгаална. Бид УИХ дахь МАН-ын бүлэгтээ хандсан.
–Яагаад?
-ТЕГ-т ийм эрх байдаг юм уу, үгүй юү. Монгол Улсын Ерөнхий сайд өөрийнхөө шууд харьяанд байгаа төрийн тусгай албыг өөрийнхөө хувийн мөрдөх товчоо шиг ашиглаж болдог юм уу, прокурорын зөвшөөрөлгүйгээр ийм ажиллагаа явуулна гэдэг өөрөө ноцтой асуудал. Хамгийн ноцтой зүйл нь энэ. Ер нь нууц гэрээ хийсэн хүмүүсийг ТЕГ-ын дарга хайх биш.Монгол Улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалдагнүд чих болсон ТЕГ гэсэн төрийн тусгай байгууллагажинхэнэ гэрээ хийсэн, холион бантанг нь хутгасан Н.Алтанхуяг, Н.Энхбаяр гэдэг хоёр хүнийг шалгах хэрэгтэй байх.
–Энэ гэрээтэй холбоотой хуульчдын баг ажиллуулж байгаа гэсэн үнэн үү?
-Хуульчдын баг ажиллуулж байна. Энэ гэрээ Үндсэн хуулийн ямар зүйл заалтыг зөрччихөв. Нэгэнт биднийг хавсралт гэрээг хуурамчаар үйлдсэн гэж байгаа бол тэр гэрээнд тусгасанзүйлсийг нарийн судалж дүгнэлт гаргах хэрэгтэй. Биднийг гүтгээд байна. МАН-ыг яаж ч гүтгэж доромжилж, гэгээн цагаан өдөр албан байранд нь нэвтэрч болно гэж үзэж байна. Өт хорхой хүртэл биедээ хүрэхээр арваганадаг шиг бид өөрийн гэсэн гишүүд дэмжигчтэй, зохион байгуулалттай улс төрийн томоохон хүчний хувьд, ялангуяа төрийн эрхийг барьж байсан намын хувьд зүгээр суухгүй. Сонгуулийг ард түмний сонголтоор биш, хоёр намын гэрээгээр 2024 он хүртэл Ерөнхийлөгчийн, УИХ, орон нутгийн найман удаагийн сонгууль явуулаад үр дүн нь ямар байхаас үл хамаараад энэ хоёр нам хамтраад явах юм бол Монголд сонгууль гэж байгаад яах юм. Улс төрийн намууд гэж байгаад яах юм. Сонгуульд тийм их зардал гаргаад яах юм. Энэ хоёр хүний зурсан гэрээгээр явах юм бол хэрэг алга байна.Тэгэхдээ энэ чинь яваандааард түмнийсаналыг үл хүндэтгэсэн, сонголтоос үл хамааралтай болж, Үндсэн хуулийн бус аргаар төрийнэрх мэдлийг авах зүйл рүү явж магадгүй юм биш биз дээ гэсэн болгоомжлол бидэнд байна. Иймд гэрээг нягтлах ажлын хэсэг гарсан. Хэрэв энэ гэрээ Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхээр байх юм бол Үндсэн хуулийн цэцэд хандана.
–Н.Дэмбэрэл гэдэг хүн хэрэв хуурамчаар тэр гэрээний хавсралтыг хийсэн бол тэр нь хэнд ашигтай байж болох вэ. Яаж ч бодсон Дэмбэрэл гэдэг хувь хүндашигтай зүйл биш гэдэг нь тодорхой. Өмнө нь танай намын дарга М.Энхболдыг Ерөнхий сайд байхад энэ хүнхэрэгт холбогдож явсан. Одоо ч гэсэн МАН-ын дарга нь М.Энхболд гэдэг хүн байна. Тэгэхээр Дэмбэрэлийн асуудлыг МАН-аас салгаж авч үзэж чадахгүй байна л даа?
-Н.Дэмбэрэлийг ажлаасаа гарч байгааг мэдсэн нэг муухан PR-чин хүний хийсэн ажил байж болох.
–Н.Дэмбэрэлийн ажлаасаа гарсан, гэрээний хуурамч хавсралт гэх зүйл гарч ирсэн нь цаг хугацааны хувьд зүгээр ч нэг давхцал биш байх?
-Н.Дэмбэрэлажлаасаа чөлөөлөгдье, надад хувийн асуудал байна. Та миний оронд тавих хүнээ бодож байгаарай гэж сар гаруйн өмнө хэлж байсан. Намайг хөдөө ажлаар явж байхад Ерөнхий нарийн бичгийн даргад өргөдлөө өгсөн байсан. Энэ сарын 20-ны өдөр Удирдах зөвлөлийн шийдвэрээр ажлаас ньчөлөөлсөн. Ажлаасаа гарна гээд явж байсан хүн ийм хүзүүгээ ороосон юм хийх үү, эрүүлээр бодоод үзээрэй.
–Танай намын PR-ын бодлого ийм муу учраас баригдчихаж байгаа юм биш үү?
-Манай намын PR-ын бодлого ийм гэнэн байдаггүй. Бас нууц биш. Яагаад нууц биш гэвэл бид хар зүйл хийдэггүй. Бодит баримт дээр эсвэл үйлдэл дээр нь бүрэн нотлогдсон асуудлыг авч үзэж PR-ын стратегиа боловсруулдаг.
Хоёр намын даргын гэрээнд тодорхой байгаа зүйлийг бид хураангуйлан бичээд бас монтажлаад фотошоп хийгээд явж байх зав ч байхгүй. Манай нам ийм бүдүүлэг, энгийн PR хийдэггүй.
–МАН-ынхан хийгээгүй бол хэн гэж?
-Хамгийн хүнд байгаа хоёрт туслах гэсэн нэгний л ажил байх. Би Монголын улс төрд хоёр хүнийг хамгийн хүнд байдалд байгаа гэж ойлгодог. Ажил төрлийн хувьд ч хэвлэлээрявж байгаа олон түмний ам дамжаад яригдаж буй яриа энэ хоёрт хүнд тусч байгаа. Энэ хоёр хүн өөрснөө биш тэдэнд туслах гэсэн ойр дотнын хүмүүс нь ийм балай юм хийчихэв үү гэж хардаж байна. Үүнээс харахад монголчуудын сэтгэл зүй, зан заншлыг мэддэггүй гадны PR. Үүнд монголчууд хэзээ ч автахгүй. Цөөхөн хүн амтай манайх шиг оронд энэ PRявахгүй. Ийм зүйл явуулсан ч баталгаатай баригдана. Ийм энгийн хөгийн юм хийж нэр хүндээ унагах хүмүүс нь МАН гэж үү. Манай намын хамгийн эцсийн PR-ын зөвшөөрлийг өгдөг хүн нь би шүү дээ. Би ийм зөвшөөрлийг хэзээ ч өгөхгүй.
–Тэгвэл Дэмбэрэлийг хэн ашиглачихав?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр бушуу туулай шиг яаран сандран хулгайчийг бариарай гээд буй хүмүүс л ашиглачихлаа. Яагаад шүүхээр эцсийн шийдвэр гараагүй байхад, Н.Дэмбэрэлээс мэдүүлэг аваагүй байж, Дэмбэрэлийг хариуцдаг дарга нараас огт лавлагаа аваагүй байж олон түмэнд худал мэдээлэл цацаад байна. Тэгэхээр хэн Дэмбэрэлийг ашиглаж байна гэдэг тодорхой.
–Шууд хэлчихэж болохгүй байгаа юм уу?
-ТЕГ-ын даргад үүрэг өгсөн тэр хүнийг бид олж тогтооно.
–Н.Дэмбэрэл хаана байгаа вэ?
-Түүнтэй холбогдож чадахгүй байгаа. Амарч яваа байлгүй дээ.
–Та түүнийг зайл гэж хэлсэн юм биш үү. Тэр үгэнд чинь Дэмбэрэл хорсохдооийм зүйл хийсэн гэж сонссон юм байна?
-Бидний хороонд ямар ч тийм юм болоогүй. Ганц нэг хар муур гүйнэ л биз. Харин энэ боломжийг ашиглан нийт хэвлэл, мэдээллийн ажилтнуудад хандахад зорилго нэгт нөхрөө хамгаалаарай гэж хэлье.
–М.Энхболд гэдэг хүн Н.Дэмбэрэлийг хоёр дахь удаагаа ашиглалаа шүү дээ?
-Тийм зүйл огт байхгүй. Манай намын дарга Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нараа алгасан газрын даргатай харьцаж үүрэг, чиглэл өгдөггүй.
Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ