Categories
мэдээ нийгэм

Үндэсний өгөх өдөр арваннэгдүгээр сарын 1-нд болно

Өгөх Өдөр Хөдөлгөөн ТББ нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг Монгол түмний нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгч, нийгмийн сайн үйлсийг нэгээр нэмэхээр “ҮНДЭСНИЙ ӨГӨХ ӨДӨР”-ийг тав дахь жилдээ тэмдэглэх гэж байна.
Хамгийн анх 2010 онд тэд хүнд өвчинд нэрвэгдсэн Э.Удвал охинд зориулан “Том Болоорой Удвал” нэртэй төсөл боловсруулан амжилттай хэрэгжүүлсэн байна. Монголын ард түмний өглөгч сайхан сэтгэлийн үр дүнд Удвал охины эмчилгээний зардалд 25 сая төгрөгийг цуглуулж чадсан бөгөөд БНСУ-ын Сөүл хотын Ионсэй эмнэлэгт зургаан сарын турш эмчлүүлэн, бүрэн эдгэрсэн ажээ.
Харин 2011 онд 25-р тусгай дунд сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд том оврын автобусыг худалдаж авах аян өрнүүлэн, Hyundai County автобус 20 сая төгрөгөөр худалдан авч өгсөн. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуульдаа байнга хамрагдах боломжтой болгосон байна.
2012 онд Өгөх Өдрийн хүрээнд АНУ-ын нэрт зохиолч Шел Силверстайны “Өглөгч Мод” номыг албан ёсоор орчуулан, хүүхэд залуучуудын хүртээл болгосон бол өнгөрсөн жил “Өглөгч Мод ба Би” зохион бичлэгийн уралдааныг орон даяар ерөнхий боловсролын сургуулиудын бүх ангийнхны дунд зарласан уралдаанд хот хөдөөгийн 800 гаруй сурагчид оролцжээ.

Харин 2014 он буюу энэ жил “ҮНДЭСНИЙ ӨГӨХ ӨДӨР”-өөр дараах үйл ажиллагаа зохион байгуулагдана.

  • Яруу найрагч Тоомойн Очирхүүгийн “Урам Хайрла” шүлэгт, МУГЗ, хөгжмийн зохиолч Ц. Чулуунбат ая хийж, МУГЖ, Харанга хамтлагийн ахлагч Ц. Энхманлай, МУГЖ, дуучин Х.Лхагвасүрэн, МУ-ын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нарын дуулснаар сонор мялаахад бэлэн боллоо.
  • Аравдугаар сарын 26-нд Эмэгтэйчүүдийн засан хүмүүжүүлэх 407-р ангид “Урам Хайрла” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Уг арга хэмжээнд хувь албан байгууллагуудаас цугларсан хувцас хунар, хүүхдийн хоол тэжээл, хувцас живх зэргийг хүмүүжигчдийн хүүхдүүдэд гардуулан өгч, йогын багш Б. Дэлгэртуяа эмэгтэйчүүдтэй дасгал хийн, дуучин Р. Номин, хуучир хөгжимчин П. Отгонбаатар нар ая дуугаа өргөлөө.
  • “Урам Хайрла Challenge” эхлүүлж, хүн бүр хоёр хүртэл хүнд урам хайрласан, сэтгэлийнхээ үгсийг илэрхийлэхийг уриаллаа. Урам авсан хоёр хүн нь цаашаа тус бүр хоёр хүнд урам хайрлах үгсээ хэлэн, гинжин хэлхээ үүсэх юм. Энэ Challenge-ыг СГЗ, шог зураач С.Цогтбаяр эхлүүлж байна.
  • Өгөх Өдрийн хүрээнд Монгол ТВ-тэй хамтран “Зүрхийг бүлээцүүлэх Зуун захидал” аянг өрнүүлж байна. Тус ТВ-ын “Өнөө Өглөө” продакшнд хаяглан сэтгэлийн захиагаа бичиж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *