Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар нийслэл, дүүргийн өмч, газрын харилцааны албаны үйл ажиллагаанд хийсэн шалгалтыг хэлэлцлээ. Өнгөрсөн долдугаар сард хийсэн шалтгалтын дүнг одоо ийнхүү тайлагнаж,цаашид хэрхэх талаараа хэлэлцэж байгаа юм.
Нийслэлийн өмч харилцааны газраас илэрсэн зөрчлүүдийгНМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун танилцуулсан. Шалгалтаар дээрх байгууллага нь газар зохион байгуулалт, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу газар олгож хэвшээгүй, газар эзэмших эрх олгохдоо эзэмших хугацааг хуулинд зааснаас багаар тогтоосон, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгодоггүй, газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, бусад шилжүүлэх тухай хүсэлт гаргасан тохиолдолд материалыг бүрэн бүрдүүлж хүлээн авдаггүй, хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэдэггүй, Газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрыг таван жилд нэг удаа газрын төлөв байдал, чанарын улсын хяналт баталгаанд хамруулдаггүй гэх мэт зөрчлүүдийг илрүүлжээ.
Энэ талаар тэрээр”Нийслэл, дүүргийн өмч, харилцааны газар нь иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж өгдөггүй, төлөвлөгөөнд ороогүй хэсэгт газар олгосон, шаардлагатай дотоод хяналт хангалттай хийдэггүй юм байна. Үүссэн асуудалд газрын удирдлага, албан хаагчдаас асуулт асуухаар тодорхой хариу хэлэхгүй байгаа нь ажлаа мэдэхгүй байгаагийн шинж” гэж байв.
Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлагыг Сүхбаатар, Багануур, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албанд болон Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлэн, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн гэдгийг албаныхан онцоллоо.