Categories
мэдээ цаг-үе

Д.БАТСҮХ: Магадгүй сайн өрсөлдөгч байгаагүй бол сайн уран бүтээл гарахгүй байсан

Номинталст” хамт­лагийн ахлагч Д.Батсүхтэй ярилцлаа.

Удахгүй болох тоглол­тынхоо үеэр шинэ цомгоо танилцуулна гэсэн. Тоглол­тынхоо сонин хачнаас сонирхуулаач?

-Юуны өмнө манай хамт­лаг тоглолт хийх болсон шалт­гаанаа үзэгчдэдээ тайл­барласан нь зүйтэй болов уу гэж бодож байна. Манай хамтлагийн шинэ цомгийн ажил дууссантай холбоотойгоор “Strings” клуб цомхон хүрээнд тоглолт хийхийг бидэнд санал болгосон. 2012 оны тоглолтоос хойш манай хамтлагийг тоглол­тоо хийхгүй юм байх даа гэсэн хүлээлт фэнүүдийн маань дунд байсан. Биднээс ч тоглолтын талаар асуудаг байлаа. Бид жил болгон цомог гаргаад, тоглолт хийхийг хүсээд байдаггүй. Тодорхой хэмжээний цаг хугацааны шалгуурыг уран бүтээлдээ тавьдаг. Харин энэ удаа шинэ цомгоо үзэгчдэдээ танилцуулахын зэрэгцээ “Номин талст”-ыг сонсох дуртай үзэгч фэнүүдтэйгээ дуу хуураа хуваалцъя гэсэн үүднээс цомхон хүрээнд фэн уулзалт маягаар тоглолтоо зохион байгуулах саналыг хүлээж авсан.

-“Мишээл экспо” төвд бол­но гэхээр үзэгчид босоо байдлаас үзнэ гэсэн үг үү. Хичнээн хүн танай тоглол­тыг үзэх боломжтой вэ?

-Заалны зохион байгуу­лалтын хувьд үзэгчид босоо байдлаас тоглолтыг үзэх бөгөөд бид тайзаа заалны голд байрлуулах болно. Ингэснээр тойрон хүрээлж буй үзэгчидтэйгээ илүү амьд харилцаатай байх болов уу. 1000-2000 хүн тоглолтод ирэх байх гэсэн тооцоолол байна. Тоглолт дуусаад үргэлжлээд шоу арга хэмжээтэй болохоор энгийн тоглолтоос арай өвөр­мөц болно гэдэгт итгэлтэй байна.

Тоглолтын тасалбарыг 1000 ам.доллар гэсэн яриа байна?

-Тоглолт энэ сарын 29-нд болно. Зохион байгуулагчийн зүгээс заалны зохион байгуу­лалт, тасалбарыг хариуцаж ажиллаж байгаа гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Бид зөвхөн уран бүтээлээ л хариуцаж байна. Тасалбарын тухайд 40 мянган төгрөгийн үнэтэй. Сууж үзэх цөөхөн хэсэг бий. Ширээ тойроод. Тэр нь 100 мянган төгрөг. VIP өрөө нь 1000 ам.доллар юм билээ. Энэ дотроо идэх уух бүх зүйл багтсан багцын үнэ гэсэн. Найз нөхдөөрөө, хамт олноороо ч юм уу арваад хүн нийлээд л багцын сонголтыг хийж болох юм билээ. Бид өөрсдийгөө нэг их айхтар үнэлээд тавьчихаад байгаа гэж ойлгож болохгүй. Мэдээж багц дотроо орсон хоол унд нь хэр үнэтэй зэргээс хамаараад ийм тарифтай байгаа болов уу. Ер нь тэгээд манайхан урлагийг арай өөр өнцгөөс хардаг болчихсон байна шүү дээ.

Шинэ цомогт хичнээн дуу багтсан бэ. Мэдээж анх гаргаж байсан дуунуудыг бодвол энэ олон жилийн дараа дуулах дууны өнгө аяс, илэрхийлэх санаа хүртэл өөр болсон байлгүй…

-Тэгэлгүй яахав. Бидний найм дахь цомог. Цомгийн ажлыг нэлээд удаан гүйцэт­гэлээ. Шинэ цомогт ямар уран бүтээл оруулах, шинэ уран бүтээлээ хэрхэн сонсогч­додоо хүргэх гээд тал талаас нь бодолцож хоёр жилийн хугацаанд хийсэн. Цомог “Чамайг санахдаа” дууг эс тооцвол бүгд шинэ уран бүтээлээс бүрдсэн бай­гаа. Уран бүтээлийн чанар, хөгжмийн дуугаралт, найруулгын хувьд олон шинэ шийдлийг илэрхийлсэн, мэр­гэжлийн өндөр түвшинд бүт­сэн гэж болохоор дуунууд бий. Өмнөх уран бүтээлүүдийг бодвол өвөрмөц илэрхийлэлтэйгээс гадна хоолойны тавилтаас эхлээд их сайн ажилласан. Хөгжмийн найруулгын хувьд мэргэжлийн өндөр шаардлага хангасан. Хөгжмийн дуугаралтууд дээр дандаа амьд филорманийн хөгжимчид ажилласан, амьд хөгжимтэй. Манай цом­гийн хөгжмийн найруул­гыг гитар­чин Өөжгий ах хийсэн бол ая зохиогчоор Болорхүү гээд залуу ажил­ласан. Тиймээс энэ хоёр уран бүтээлчдээ талархсанаа илэрхийлье.

Цомгийн нэр юу билээ?

-Шинэ цомогтоо “2014” гэсэн нэр өгсөн. Маш энгийн байдлаар тухайн цомог бүтсэн он цагийг илтгэх үүднээс ийм нэр өгсөн. Ер нь цомогт багтсан дөрөв, таван дууны видео клип үзэгчдэд аль хэдийнэ хүрчихсэн байгаа.”Намайг”, “Чинийх” дуунаас гадна “Бид” дууны шинэчилсэн хувилбар гээд хүмүүс санаж байгаа байх.

Танай хамтлаг сүүлийн үед аливаа тоглолтод дуу­лахдаа тайзан дээр гурван гишүүнтэй гардаг болж. Сонсох нь ээ хамтлагийн дуучин Т.Хангэрэл буюу Хаазаагийн ажилтай холбоотой гэх?

-“Номинталст” хамтлаг гурван гишүүнтэйгээр яагаад дуулаад байгаа талаараа өмнө нь ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй. Харин энэ удаа танай сониноор дамжуулаад сонсогч, үзэгчдэдээ тайлбар хийсэн нь зүйтэй байх гэж бодлоо. Хаазаагийн хувьд төрийн алба хашиж байгаа учраас тэр болгон бэлтгэл сургуулилт дээр ирээд байх боломж гардаггүй. Төрийн алба бол хариуцлагатай ажил. Төрийн ажлыг алдагдуулахгүйн тулд хамтлагаасаа албан ёсоор чөлөө авсан байгаа.

Хамтлагаасаа гарчихсан юм биш үү?

-Түр хугацаагаар чөлөө авсан. Тэрнээс хамтлагаас гарсан юм бол байхгүй.

Тэгвэл шинэ цом­гийн дуунууд гурван гишүүн­тэй­гээр бичигдсэн байгаа юу?

-Бүх дуугаа бүрэн бүрэл­дэхүүнээрээ дуулж бичүүлсэн. Зөвхөн тоглолтод л оролцохгүй байгаа. Нэг гишүүн дутуу байлаа гээд бидэнд нэг их хүндрэлтэй зүйл тулгарахгүй байна. Харин үзэгчдийн хувьд дөрвөн гишүүнтэйгээр хүлээж аваад сурчихсан болохоор эвгүй харагдаж байгаа байх. Магадгүй гурвуулаа дуулна гэдэг илүү их хичээл зүтгэл шаардаж байна. Нэг гишүүнээ завгүй гээд бид гурваас чанаргүй уран бүтээл гарах ёсгүй. Биднийг сонсох дуртай фэнүүдийнхээ итгэлийг алдахгүй. Гэхдээ бид харьцангуй шинэ залуу хамтлаг биш. Тодорхой хэмжээний туршлага байна. Цаашид урлагт хүчин зүтгэх цаг хугацаа ч бидэнд байна.

Дөнгөж өсч яваа дөрвөн хүү хамтлаг байгуулж, урла­гийн тогоонд орох үед төрсөн сэтгэгдлээсээ хуваал­цахгүй юу. Энэ тухай өнөө­дөр ч та бүхэн дурсдаг байх?

-Манай хамтлаг чинь “Номин” гээд дууны, “Талст” гээд бүжгийн хамтлагаас бүрд­сэн гэдгийг хүмүүс ихэнх нь мэднэ. Тухайн үед Дэлгэрмөрөн, Хаянхярваа, Хан­гэрэл бид дөрөв “Номинталст” гээд хамтлаг байгуул­чихаад хамтлаг хаана, хэзээ ямар амжилтад хүрэхээ мэдэхгүй догдолж байлаа. Магадгүй өнөөдрийнх шиг олон мянган сонсогчидтой, фэнүүдтэй болж өнөөдрийн энэ өндөрлөгт хүрнэ гэж зүүдлээ ч үгүй. Тийм боломж ч бага байсан. Хамтлаг байгуулаад дуу дуулж тайзан дээр гарна гэхээр л баярлаж байж дээ. Гэхдээ бид “Номинталст”-ыг хүн бүхний сонсох дуртай хамтлаг болгохын тулд зорил­гоо нэгтгэж, зүтгэсэн, хөдөлмөрлөсөн. Харин бид зорьсондоо хүрсэн. Цаашдаа ч хамтлагийнхаа төлөө бүх сэтгэл зүрхээ зориулсан хэвээр байх болно.

Мэдээж нэртэй хамтлаг болохоос гадна олон ч хүсэл мөрөөдлөө хоорондоо хуваалц­даг байсан биз. Одоог хүртэл санаанаас гар­даг­гүй дурсамж бий юу?

-Маш олон сайхан дурсамж бидэнд бий. Гэнэн томоогүй хүүхдүүд юм хойно бүтэх, бүтэхгүй олон зүйл мөрөөднө. Ихэвчлэн материаллаг буюу санхүүгийн асуудал их тулгардаг байсан. Тухайн үед нэрээ дуурсгасан мундаг хамтлаг болохоос гадна жижиг мөрөөдлүүд байнаа. 1997 онд анх гар утас орж ирж байлаа. Биднээс арай ах хамтлагийнхан гар утас барихыг хараад “Дөрвүүлээ хэзээ гар утастай болох юм бол. Гар утастай болох юмсан” гэж ирээд л хоорондоо ярина. Бас өөрсдийн гэсэн хөгжимтэй болох юмсан гэж мөрөөднө. Тухайн үед тоглолтын хувцсаа ч авах мөнгөгүй болох үе байсан. Гэхдээ энэ бол жижиг асуудал. Бидний зорилго харин жижиг байгаагүй, том байсан даа/инээв/. Хэдий мөнгөгүй ч гэсэн Энх-Манлай, Хоовон, Өөжгий зэрэг ах нар их тусална. Бид нар гуйж дуугаа бичүүлнэ. Ононбат ах гэхэд л манай хамтлагийн анхны цомгийг хандив маягаар зүгээр хийж өгч байлаа. Ингээд л хүмүүст танигдаад ирэхээр аяндаа ивээн тэтгэгч нар ч гараад ирдэг юм билээ.

Хэн ч мэдэхгүй байсан хөвгүүд олонд танигдаад ирэхээр биеэ тоохоос эхлээд их өөрчлөлттэй тулгарна биз?

-Сэтгэл зүйд маш том өөрчлөлт гардаг юм билээ. Хүмүүсийн хандлагыг буруу хүлээж авбал эвдрэх амархан санагдсан. Хоёрхон жилийн хугацаанд олонд танигдаад амжилт гаргаад ирэхээрээ зан араншин эвдрэх зүйл хэн хэнд нь ажиглагддаг байсан. Хамтлагийн гишүүд хоорондоо ч тэр, өөр хүмүүстээ харилцахдаа ч тэр биеэ тоох, нялх одын өвчин тусч эхэлдэг юм билээ. Гэхдээ энэ дундаас өөрийн­хөөрөө үлдэнэ гэдэг суурь хүмүүжилтэй холбоотой байх.

Бас амжилт гаргана гэдэг сайн өрсөлдөгчтэйн шинж байдаг уу. Ялангуяа “Камертон” хамтлагтай танай­хыг байнга харьцуулж, хоорон­доо өрсөлдөж ирсэн гэдэг?

-Сайн өрсөлдөгч амжилтын үндэс гэдэгтэй санал нийлж байна. Манай хамтлагийг гарч ирэхэд “Сүнс”, “Камертон” хоёр хамтлаг байсан. Тиймээс бид энэ хоёр хамтлагийн амжилтыг давахын тулд араас нь их л хөдөлмөрлөж,хөөж, өрсөлдөж явсан юм уу даа. Тухайн цаг үедээ нэгнийгээ эрчлээд хор шарыг нь малтаад явж байсан нь үнэн. Магадгүй сайн өрсөлдөгч байгаагүй бол сайн уран бүтээл гарахгүй байсан байх. Гэхдээ хүмүүс дэндүү дөвийлгөж, харьцуулж яриад сурчихсан зан манайханд ажиглагддаг. Хаа нэг уран бүтээлийн хувьд ч юм уу, гишүүдийн хооронд үл ойлголцох муудалцах зүйл бол гардаг л байсан. Тэрнээс насаараа тэмцэлдээд ирчихсэн юм биш шүү дээ.

Д.ДАВААСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *