Categories
мэдээ спорт

Модон бөмбөгийн тэмцээн нээлтээ хийнэ

Малайзийн Перлист мужид дэлхийн оюутан залуусын дунд модон бөмбөгийн аварга шалгаруулах 4 дэхь удаагийн тэмцээний нээлтийн ёслол өнөөдөр болно. 1990 –ээд онд Хятадын Тайваньд үүссч хөгжсөн энэ спортын төрлийг анх 2004 онд дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээний хөтөлбөрт багтаасан түүхтэй юм. Орон нутгийн цагаар оройн 19 цагт тэмцээний нээлтийн ёслол болох бол маргааш буюу 22-ний өдрийн 10 цагаас эрэгтэй, эмэгтэй багийн төрлөөр цохилтын онооны нийлбэрээр аваргыг тодруулах тэмцээн эхлэх юм байна. Харин энэ өдрийн 20 цагт эрэгтэй, эмэгтэй тамирчдын ганцаарчилсан халз тоглолт эхлэх юм. Энэ нь сугалаагаар таарсан 2 тоглогч хоорондоо тоглох буюу хамгийн цөөн цохилтоор хаалганд бөмбөг оруулсан тоглогч дараачийн шатанд өрсөлдөхөөр шалгарч үлдэх замаар өрсөлдөх юм. Энэ удаагийн аварга шалгаруулах тэмцээний халз цохилтын тэмцээнд нийт 24 хаалганд хамгийн цөөн цохилтоор бөмбөг оруулсан нь дараа дараачийн шатанд өрсөлдөх эрхтэй болно. 23-ны өдөр эрэгтэй, эмэгтэй хосын халз цохилтын тэмцээн, 24-нд эрэгтэй, эмэгтэй хосын, 25-нд холимог хосын, 26-нд холимог хосын халз цохилтын тэмцээн тус тус зохион байгуулагдаж, тэмцээний сүүлчийн өдөр буюу 26-ны 11 цагт тамирчдын цуглуулсан нийлбэр онооны байдлаар аваргуудыг тодруулж, шагнал гардуулах юм байна. Энэ жилийн 4 дэхь удаагийн дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд Япон, Тайвань, Гонкгонк, Монгол, Балба, БНСУ, Индонези, Тайланд, Вьетнам, Уганда, Сингапур, Морокко, Энэтхэг, Бангладеш, ОХУ, Кени, Афганистан, Хятад зэрэг нийт 19 улсын баг тамирчид эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, халз, холимог, холимог хос, багийн гэсэн 7 төрлөөр ур чадвараа сорих юм. Манай улсад шинэ тутамд хөгжиж байгаа модон бөмбөгийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ш. Батжаргал, Б. Оюунтуяа, Б. Хишигжаргал, Г. Батбуян, Д. Мөнх-Оргил, Г. Ижилцэцэг, Э. Энхтүвшин, Д. Даваадорж, Ц. Баасанжаргал, Б. Баянбулаг нарын зэрэг 12 тамирчин оролцож байна. Өмнө нь манай улсын модон бөмбөгийн баг тамирчид шагналт 5-р байрт шалгарч байсан удаатай юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *