Categories
мэдээ нийгэм

Нэн хөөрхийлөлттэй дэрэвгэр жиргэрүү

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон баг, Сант, Орхонтуул гэх сумдуудаар эрэвгэр жирэвгэр гэдэг ургамал ургадаг аж. Түүнийг эм хийхэд ашиглах зориулалтаар БОНХЯ-ны зөвшөөрөлтэйгээр иргэд, аж ахуй нэгж ирж түүдэг болсон талаар нутгийн иргэд бидэнд мэдээлсэн. Хэдийгээр зөвшөөрөлтэй ч гэсэн ингэж их түүх нь тухайн ургамлын нөөц хомсдох, цаашилбал газрын хөрс сийрэгжин доройтолд өртөж, цөлжиж болзошгүй сөрөг үр дагавар үүсгэж, байгаль экологид харшилж байна гэсэн үүднээс малчид, нутгийн ард иргэд эсэргүүцэж, цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлт тавьдаг байна.

Цагдаагийн байгууллагынхан газар дээр нь очиж шалгаж үзэхэд урдаас нь БОНХЯ-ны зөвшөөрлийн бичиг харуулдаг тул яаж ч чадахгүйд хүрдэг аж. БОНХЯ-наас энэ жил эмийн үйлдвэрлэл, судалгаа шинжилгээ, тарималжуулах зориулалтаар 75 тн дэрэвгэр жиргэрүүг Дорнод, Сэлэнгэ аймгийн нутгаас түүх зөвшөөрөл олгосон юм байна. Уг ургамал нь газар тариалангийн бүсэд түлхүү ургадаг аж. 2012-2013 онд нэг ч аж ахуйн нэгжид уг ургамлын үндсийг түүх зөвшөөрөл олгоогүй юм билээ. Гэвч хууль бусаар түүж байсан 10 гаруй тохиолдлыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрынхан илрүүлсэн ч прокурорын шатанд хэрэг нь хэрэгсэхгүй болж байжээ.

-ЗӨВШӨӨРСӨН ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРҮҮЛЭН ТҮҮСЭН БАЙЖЭЭ-

Өнгөрсөн долоо хоногт энэ ургамлын 5.8 тонн үндсийг нийслэл рүү хууль бусаар тээвэрлэж явсан иргэдийг цагдаагийн байгууллагынхан саатуулжээ. Энэ онд БОНХЯ-наас Дорнод аймгийн Халхгол сумын нутгаас дэрэвгэр, жиргэрүү бэлтгэн тээвэрлэх зөвшөөрлийг таван байгууллагад өгчээ. Тэд нийт 20 тонн үндэс түүх зөвшөөрөлтэй аж. Харин дээрх таван компанийн нэг нь зөвшөөрсөн хэмжээнээс илүүг хувиараа ачиж яваад ийнхүү баригджээ. Тэд зөвшөөрлийн бичгээрээ халхлан хууль бусаар 5.8 тонн үндэс түүсэн байсан аж.

Энэ талаар МХЕГ-ын эх сурвалжаас тодруулахад “Эрэвгэр жирэвгэр гээд эмийн зарим ургамлыг ихээр түүж байгаа асуудал байна. Үүнд төрийн бодлогоор анхаарах нь зүйн хэрэг. Монголд эрэвгэр жирэвгэрийг эм үйлдвэрлэхэд төдийлөн ашигладаггүй. Гэтэл Байгаль орчны яамнаас энэ ургамлыг түүх зөвшөөрөл өгч байна. Улмаар аж ахуй нэгж, иргэд хэдэн зуун тонноор нь энэ ургамлыг түүж, газрын хөрсийг хуулж байна. Зөвшөөрөлтэй учраас бид түүж байгаа иргэд, аж ахуй нэгжүүдийг яаж ч чадахгүй” хэмээсэн юм.

СОЛОНГОС, ЯПОНД ХЭМЖЭЭЛШГҮЙ ҮНЭТЭЙ УРГАМАЛ-

Манайд дэлхийн зах зээлд өндөр үнэ хүрдэг, нэн ховордоод буй 130 гаруй овгийн, 300 орчим төрлийн эмийн ургамал ургадгийг эрдэмтэн, судлаачид тогтоосон. Дэлхийн зах зээлд байгалийн ургамлаар бэлтгэсэн эмийн түүхий эд өндөр үнэтэй учраас ил, далд хэлбэрээр хил давуулж байна. Зах зээлд өртөж, арилжаа наймааны золиос болж, хомсдож болзошгүй 102 зүйлийн ургамлын жагсаалтыг судлаачид гаргаснаас чихэр өвс, зээргэнэ, цөлийн аргамжин, эгэл бавран, газрын ус, дэрэвгэр жиргэрүү, жодоо, монгол хунчир, чацаргана, онго, цагаан мөөг зэрэг 10 гаруй зүйл ургамлыг Монгол орны ховор ургамлын жагсаалтад оруулсан байна.

Тэдний нэг дэрэвгэр жиргэрүү (Saposhnikovia divaricata (Turcz) Schischk) гэх ургамал юм. Монголчууд эрэвгэр жирэвгэр гэж нэрлэж заншсан билээ. Олон наст гоньдын төрлийн үндсэрхэг энэ ургамлыг дээр үед манайхан халуун ногооны оронд хэрэглэж байжээ. Гол нь тамир тэнхээ суларсан, ядарч доройтсон хүмүүс хэрэглэдэг байсан гэдэг. Хэрэглэж байсан нутгийн иргэдийн яриагаар түүн шиг “сэргээш” байдаггүй гэсэн. Энэ л чанараараа өнөөдөр Хятад улсад энэ талын эмчилгээний гол түүхий эд болдог байна. Солонгос, Японд бол хэмжээлшгүй үнэтэйг Швейцарийн эрдэмтэн Елена Менк тогтоожээ.

-АШИГ ХОНЖОО ХАЙСАН ХЯТАДУУД ХУУЛЬ БУСААР ТҮҮЛГЭЖ БАЙНА ГЭВ-

Уг ургамлыг БОНХЯ-наас зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүд хувь иргэдийг хөлслөн ажиллуулж, түүлгэдэг аж. Тэд ярихдаа “Энэ ургамлыг түүх зөвшөөрлийг БОНХЯ-нд тодорхой хэмжээний мөнгө төлж авдаг юм билээ. Гэтэл бидэнтэй зэрэгцээд ямар ч зөвшөөрөлгүй хүмүүс шөнө дөлөөр түүж Хятадуудад кг-ыг нь 5000 төгрөгөөр зарж байна. Бид зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүддээ кг-ыг нь 3000-аар тооцож түүж өгч байна. Хятадууд ямар нэг зөвшөөрөл байхгүй, нууцаар хил давуулдаг учраас л өндөр үнээр авч, монголчуудаар түүлгэж байгаа байх” хэмээх тайлбарыг цагдаагийн алба хаагчдад өгчээ.

Ямартаа ч БОНХЯ энэхүү ургамлыг түүж байгаа зөвшөөрөл олгосон аж ахуй нэгжүүддээ хяналт тавихаас гадна ар хударгаар ашиг хонжоо хайж, хил, гаалийнхантай хуйвалдсан өмнөд хөршийн наймаачид эх орны минь баялагт “хүйтэн гараа” дүрж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах цаг болжээ.

Б.БУРМАА

Эх сурвалж www.medee.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *