Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“АЛД БИЕ МИНЬ АЛЖААВААС АЛЖААГ, АХУЙ ТӨР МИНЬ БҮҮ САМТАРТУГАЙ”

1930-аад оны үед шашин сүм хийд, том толгой хар, шар пийдаалтай тэмцэх, даян дэлхийд “ардын хувьсгаалыг мандуулах” талаар хөдөөгийн уул талаар суртал ухуулагч хэмээх “бо” намын курс төгссөн нөхдүүд яаж хийрхэж байсан талаар хөгийн гэмээр онигоо зөндөө л байдаг даа.

Нэг тийм “сүгсэлзүүр” ухуулагч хот айлд очоод сааль сүүний дараа дэнгийн гэрэлд хувьсгаал хийх талаар суртал ухуулга явуулж, шөнө дөл болтол илтгэл тавьж гарчээ.

Тэрээр гурван үг хэлээд л “дэлкээн хувьсгаалын их багш Ленин сургахдаа” гэж ирээд л ширээ шаагаад л халимаг үсээ хойшоо илдэг зуршилтай нэгэн байсан гэдэг. Залхаж, нойрмоглосон малчдын нэг нь харанхуйд зуухны таг ширээн дээр нь дээш харуулаад тавиадхаж, мань хүн ширээгээ балбаж, үсээ хойш илсээр үүр цайлгаж, өглөө гэхэд тас хар царайн доороос шүд нь гялалзаж, хүмүүсийг хөгжөөж, нөхөр улам л сайхан илтгэл болж байна гэж хөөрөн сагсалзаж байсан гэдэг.

Тэр л хүмүүс эргэцүүлэн бодохгүйгээр халхын уудам нутаг, нэлэнхүй Монголд түгэн мандсан бурхан багш Шагжамуний сургаалд үндэслэсэн шашны 800 орчим сүм дуган, хийдүүдийг сэтгэл нь ч сэрдхийлгүй нураан шатааж, 100 мянган ламын 20 гаран мянгынх нь духанд сум зоож, үлдсэнийг нь хэлмэгдүүлэн яллаж, шар шувталсан түүх нээх холынх биш.

Тэр улаан хувьсгалчдын үр нь хийсч, үндэс нь тасраагүй л байна.Тэд босгосныг нурааж, эвссэнийг эвдрэлцүүлж, цээжээ балбаж, үсээ илж, нүд нь эрүүл бусаар гялалзаж, хоолой нь цахиртсаар л байна.

Чухам тэр “хувьсгаалчийн үсэрсэн цус, тасарсан мах, хэлтэрсэн яс” гэмээр шинэ цагийн, улаан хувьсгалч хэрхэн цуст хувьсгал хийх тухай хоолойгоо цахиртуулж үймээн самуун дэгдээж, МАН-ын ариун сүм нь болох орд харшийг нь шатаалцаж, цус гарсан үймээнийг хийлцэж яваад баригдаж, ял асуулцах болонгуут харцаганаас зугтах болжмор хүний хормой доогуур орж нуугдан, анчин удамт монголын сэжиг, огидос хүргэдэг шиг “Ах аа намайг бодоорой” гэсээр байгуулсан намаа таягдан хаяж, уухилсан дуугаа таслахгүй, унасан малгайгаа авалгүй, зулбан ирж АН-ын хормой хот руу харайн орж аврагдаж байсан нэгэн хувьсгаалчийн уудаг эм нь тасарсан уу, уух идэх хүсэл нь бадарсан уу, хойморт мацан дуу нь чангарч, сөрөг хүчинтэй хамсаж, “ус уусан худаг руугаа нулимж” гарлаа.

Олон түмний аль л мэдээлэлгүй, аль бэрхшээлтэй, аль л бусдад сэтгэл дундуур олон масс дээр хүсэж байгаа адын сэтгэлийг нь хангах гэж болж бүтэж байгаа болгоныг харлуулж, болохгүй болгоны бурууг чихэж, бүтэхгүй бүхнийг амлаж, өөрөө хэзээ ч хариуцлага хүлээдэггүй тийм этгээдүүдийг л популист гэж тодорхойлсон байдаг.

Хүн төрөлхтөн тийм популистын гайг ханатлаа амсаж, хожим ойлгоод хариуг нь тун хатуу өгсөн байдаг.

Тэдний алдарт төлөөлөгч бол Муссолини, Гитлер нарыг нэрлэхэд л болно.Уго Чааваас, Амин гэхчилэн үгээр тэжээгээд үйл хэргээрээ гутаадаг ийм л нөхдийг популист гэнэ. Ийм хүмүүс өнөөгийн манай нийгэмд иргэний нийгэм хөдөлгөөн, төрийн бус байгууллагын тэргүүн нэрээр хүр хорхой мэт үржин, тор торгоо нэхэж, эх орны хөгжил, дэвшил, тайван амгалан амьдрал, төр засгийн тогтвортой бодлого, бодлогын хэрэгжилтийг улдан чангааж, хорлон бусниулж байгааг жирийн иргэд бид ойлгон мэдэрч, залхаж, салахын түүс болж байна.

Тэд эрх мэдэл, хэргэм зэрэгт шунан, Манжийн хаанд өргөл барьц, цол хэргэмээр Монголынхоо эв нэгдэл, тусгаар тогтнолоо худалдсан өвөрлөгч харчингийн 39 хошууны ноёд шиг нөхдийн нохойд барьдаг мод болж явна.

Африк, Латин Америкт зөндөө төрсөн популистын монгол хувилбар нэг Батзандан гэх нэгэн нэн шинэ үеийн Монголын эмгэнэл, хормойдоо хоргодуулсан АН-ын үйлийн үр үртэс юмуу даа л гэж өмнөх үеийн Монголын ардчиллыг дэмжигчид бид харуусан харж сууна.

Үүнийг жишээ татан ярихын учир 1996-2000 оны алдагдсан ялалт, хийсэн алдааг дахин давтах тэнэг хүний үйлдлийг давтах вий, эгзэгтэй, бэрхшээлтэй энэхэн үед монголчууд бидэнд үнэхээр хэрэгтэй байгаа төрийн тогтвортой бодлого, засаглалын тууштай үйл ажиллагаа, эрх баригчдын эв нэгдэл, сөрөг хүчний Монголоо гэсэн эрх ашгийн эрхэм дээд эрэмбийг бариасай гэсэн олон түмний дундах хүлээлт байгаад л бүх юм оршиж байгаа юм.

Өнөөдөр хаа ч явсан дээрээ хэлээ олохгүй байдал доороо хөлөө олохгүйд хүргэж байна гэж үзэж, олон сараар хүнд үед хэл амаа ололцохгүй албан тушаал, эрх мэдлийн төлөө “хөнжилдөө ч унтах завгүй хөнөөлдөн тэмцэж байгаа” байдлаас үнэнхүү залхаж бидний хоёр хөрш бүү хэл гурав дахь хөршүүд урам хугаран харцгааж сууна.

Өнөөдөр хөрөнгө оруулагчдын урсгал хаашаа явж байна, тэнэг биш бол мэдэрч байгаа байх. Заримдаа дарангуйлалтай орон гэж нэрлэгдэх төр засгийн бодлого нь тогтвортой, олон түмэн нь цээжээ балбаад эх орон, ард түмэн, уул ус, байгаль орчин, шударга ариун ёс, хүний эрх, эрх чөлөө гэж шаагин хашгирах нь харьцангуй мөртлөө хөгжин цэцэглэж байгаа тэр л орнууд руу чиглэж байна.

Яс юман дээрээ ардчиллын эх орон АНУ ч өнөөдөр Монгол шиг агуу шударга ёс ярьдаг, арав хүрэхгүй малчин нийлээд ард түмэн бид эх орноо мэднэ та нар зайлцгаа гээд стратегийн хөрөнгө оруулагчийг дарамталж байгаа тухай ёстой сонсоогүй юм байна.

Өнөөдөр 2024 он хүртэл бодлого нь өөрчлөгдөхгүй Путины орос хүчирхэгжиж, хүн амын орлого, нэг хүнд оногдох дотоодын бүтээгдэхүүний хэмжээ огцом үсрэн өндийжээ.

10 арван жилээр үечлэн төрөө тогтвортой засаж байгаа манай урд хөрш рүү дэлхий хөрөнгөө цутгаж байна. Дэлхийн эдийн засгийн манлай орон боллоо.

Бидний гуравдахь хөрш, нэг гараан дээрээс цуг гарсан, 49-хөн километрээр зааглагдсан, яс үнэнийг нь хэлбэл улс байгуулж үзээгүй их Монгол болон Жунгаар ойрдын иргэн, өтөг боол хүртэл болж явсан хүмүүсийн удам өнөөгийн хүчирхэг Казахстан улс тогтвортой засаглал бодлогын ачаар биднийгээ холоо хаяжээ. Тэнд дэлхийн капиталистууд санаа зовохгүйгээр хөрөнгөө цутгаж байна.

Дэлхийн бар улсууд болох Синга Ли Куаны урт удаан тууштай засаглалаар өндийсөн, дарангуйлагч гэх Пак Жөн Хигийн үед Өмнөд Солонгос бар болсон.

Ардчилсан Монголд дарангуйлагчийн засгийг хүсэж байгаам биш аргаа барахдаа, ичихдээ гуравхан хөршөөсөө бид ийм арчаагүй байна гэхдээ хол ойрын орны дарангуйлагчаар жишээ авч байна.

Одоо олон түмний хүсэл, нийгмийн сэтгэл зүй засаглалын тогтворгүй байдлаас залхаж, эргэн тойрны улсуудын үсрэнгүй хөгжлөөс жишээ авч, зарим нь ичихдээ зарим нь атаархахдаа Назарбаевийг, Путиныг, Си Жин Пинийг, Ли Куаныг хүсэмжлэх сэтгэлгээ газар авах хандлага, тийм хөрс, тийм болохыг хүсэмжлэгчийг төрүүлэх нөхцөл Монголд үүсээд байна.

Магадгүй Пиночетийн Чили, Пак Жөн Хигийн Өмнөд Солонгосын хөгжлийн гарааг зөвтгөх нөхцлийг бий болгож эхэллээ. Энэ илүү их гарзтай хөгжил болно.

Өнөөгийн Монголын сөрөг хүчин ухамсартай, Монголоо гэсэн эх орончдын, тулхтай юм үзсэн улс төрийн хүчин гэж харагдахаасаа илүү төр засгаа, хөгжлөө, Монголоо боомилсон муу байвал сайн гэсэн сөрөхийн төлөө сөрдөг нам болж харагдаж байна. Олон түмний ам хазайжээ. Олны ам хазайх бол яаж ч засах боломжгүй монголчуудын философи болсон ойлголт.

Эрх мэдэл, их мөнгөний алсын чимээнд дөжирч эрэмбээ алдсан, тогтвортой засаглалын алуурчин болж харагдаж байгаа нь салхины эсрэг нулимж байгаатай адил харагдаж байна.

Бат-Үүлийн ярьж байснаар 67 тэрбум ам.долларын хотын газрыг буруу аргаар эзэмшүүлсэн, сургууль,цэцэрлэг, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайг хууль бусаар олгож, хотыг утаа униар, түгжрэл, стресст оруулсан гэж үздэг олон түмэнд туйлын сөрөг нэр хүндтэй, хүнээр намаа толгойлуулж, хүйтэн тархиар биш, халуун зүрхний хийгээр явдаг яруу найрагч генсектэй энэ намын олон түмнээс авах үнэлэмж улам л хорогдсоор байгааг мэдэхгүй баймааргүй юм.

Хүмүүс мартамхай ч сануулаад өгөхөд эргээд сэргэдэг ой тойтой байдаг. Өчигдөрхөн засгаа дахин дахин сольж, жагсаал буудан тарааж, гишүүд нь авлигад живж, АТГ-ын үүдийг энэ л намын гишүүд сахиж байсныг сонгогчид мэдэж байгаа болохоор эргээд төрөл арилжсан шударга хүмүүс боллоо гэж бодох нь юу л бол.

Хан-Уулын сонгогч би л лав өнөөгийн УИХ-д хамгийн их цор цор хийж байгаа МАН-ын гишүүдийг хараад “Элэнцийн үеэсээ иштэй хулгайч, хуланцын үеэсээ хувьтай хулгайч” ярьж байна гэж л хардаг.

Энэ намын өнөөгийн удирдлагад эв нэгдлээ хангах, хууль журам, улс төр нь тогтвортой байх, тулхтай улс төрийн хүчин байлгах мэдрэмж, ухаан буурь суурь байхгүй юм байна гэж сүүлийн үед явуулж байгаа бодлогыг нь хараад ойлголоо. Муу нэртэй С.Баяр, У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Сү.Батболдоосоо хамаагүй өчүүхэн дорой удирдлага яаж сонгуульд авч орох бол гэж олон түмэнд харагдаж байна.

Үхэх хүнд ухаан заяахгүй, ялагдах намд удирдагч заяахгүй гэж үнэн байна даа гэж л хэлмээр байна.

Намын бүлгийн хоёр толгойлогчийн амнаас гарч байгаа үг болгон олон хүний дургүй хүргэж байгаа нь захын сэтгэгдэл харахад л мэдэгдэж байна.

Уг нь монголчууддаа эв нэгдэл уриалсан, хөрөнгө оруулагчийг дуудсан хууль санаачилсан, эрх баригчийн нүүр лүү угаадас цацснаас хэлж сургасан гарах арга замыг заасан, ташуурдаж урагшлуулсан мөрлөж түлхсэн, хэрэгтэй үед эх орныхоо эрх ашгийн төлөө магтаж урамшуулсан, буруу замаар будаа тээснийг нь ухааруулж зэмлэсэн тийм бодлого барьсан сөрөг хүчин оноогоо буцааж авах боломж илүү баймаар.

Оюунхорол Алтанхуягийг хичнээн их хараах, загнах бүр хүмүүс улам их Алтанхуягийг өрөвдөх, өмөөрөх, хичээл зүтгэлийг нь олж харах гэсэн эрмэлзэл нэмэгдэж байгааг анзаардаг болов уу.

Бүлгийн дарга нь байсхийгээд л сайдад хариуцлага тооцно, засаг огцруулна, хал, соль, шалгуул, шоронд хий гээд л байнга хар амлаад байгаа нь ерөөсөө сайхан харагдахгүй байна.Үсрээд л өөрийнх нь намын эрх мэдэл, түүгээр дамжуулж авдаг байсан орлого нь хомсдсон нөхдийн тэжээгдэгсэд л зөв гэж хашгирна байх.

Хоёрхон жилийн өмнө Шинэчлэлийн засгийн газар байгуулагдаж, Бат-Үүл хотын ажил хүлээн авч байсан тэр зун ядаж л Улаанбаатар хотын бүх зам ямар байсан, Баянзүрхийн тэрбумын нохойн хөшөөн доорх зам ямар байсан, 22-ын товчоо, Лүнгийн зам, баруун зүүн зам ямар байгаад дөнгөж засаг авсан намар ямар болсныг бид мартаагүй байна.

Тэгэхээр төрөл арилжихгүйхэн шиг, ирээдүйд амьдрах эх орноо үр хойчийнхоо амьдралыг бодсон шиг, улс маань баяжиж хөрөнгө орж ирснээр МАН-ын Нямтайширын хүү Ч.Отгонбилэг агсны хүү ч их хөрөнгө оруулалтын доор, зовлон ойлгосон шинэчлэлийн засгийн доор, тэсвэртэй бөгөөд бизнесмэнүүдийг улс төрөөр гадуурхдаггүй энэ ерөнхий сайдын тогтвортой засаглалын доор хаа хаанаа хожих юм биш үү.

Яс юман дээр за тэгээд хүсээд байж мэдэх, гадуур хэлэгдээд байгаа хоёр хүн ерөнхий сайд боллоо гэж бодъё. Өөрийнхөө нөхдөө ч хайрладаггүй, нүдээ цавчихгүйгээр шоронд илгээж чадах АН-ын энэ хоёр хатуу самар МАН-ын гэгээнтнүүдийн толгойг яг илж харагдаач, бизнесмэнүүдийг, том компанийг тэтгэж харагдаач гэдгийг МАН-ын хатуу мөртлөө хорлонтой, орой руу орсон үг хэлдэг Цэндийн Нямдорж ёстой хэлээд өгөх байлгүй.

Монголчууд бидэнд яг одоо цалин тэтгэвэр нэмэх, хувьцаа хувь авах, бэлэн 21 мянган төгрөг авч сархад уух сонирхол байна уу байна, гэхдээ нэгэн киноны баатар ардын хоршооны хүү “Ах аа би одоохондоо гутал авахаа болиод чихэр авъя, тэгэх үү” гэдэг шиг бидэндээ одоо хамгийн хэрэгтэй зүйл Монголын бүх түүхэнд үргэлж дутагдаж гачигдаж байдаг ЭВ НЭГДЭЛ, ТОГТВОРТОЙ ТӨР ЗАСАГ хамгийн түрүүнд хэрэгтэй байна.

Бидний болоод холын америкийн “ухаалаг” нүдээр дарангуйлалтай гэж муу хэлэгддэг ч тогтвортой засаглалтай гурван хөрш маань түрүүний морь шиг хажуугаар шуугиж, хүүхэд нь гийнгоолсоор холдон өнгөрлөө.

Муу уяачтай тааруухан морьтой монгол хүүгийн атаархал, уяачдаа гомдсон гомдол нулимс болон хурж байна.

Одоо л ухаарцгаа маргааш бол хожимдоно.Ухаарахгүй бол уяачтай морьтой нь уралдаанаас хэзээ ч уралдахгүй болгож хасах болно.

Бандийн ГОМБО

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *