Categories
мэдээ цаг-үе

Төрийн яамыг фракц, намуудад өмчлүүлээд өгчихсөн мэт хандаж болохгүй

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай ярилцлаа.

-Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Сангийн сайд Ч.Улааныг албан тушаалаас нь чөлөөлсний дараа Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Зоригтыг томилуулах тухай асуудлыг хэлэлцэх үед Ардын нам завсарлага авчихлаа. Уг нь сайд нараа даруйхан томилж ажлаа хийх ёстой гэж байсан таны нам завсарлага авснаар төрийн ажлыг гацааж байна гэх шүүмжлэл гарч эхэллээ…

-Манай намын бүлгээс хэд хэдэн асуудал тавьсан юм. Эхнийх нь сайдуудыг томилох гэж байгаа бол ингэж цувуулж болохгүй гэсэн. Засгийн газрын бүтцийн асуудлыг арай л их савируулж байна. Бүтцээ оруулж ирээд нэг долоо хоносон бол бүрэлдэхүүний асуудлаар дахин долоо хонох гэж байна шүү дээ. Уг нь бол бүтэц, бүрэлдэхүүн хоёр зэрэг орж ирээд батлагдчихдаг. Дараа нь шинэ сайд чөлөөлөх сайд хоёроо оруулж ирээд тухайн хуралдаан дээрээ томилоод, чөлөөлчихдөг. Гэтэл тэгээгүй. Бусад томилох сайд нараа оруулж ирээгүй байхад чөлөөлөх сайд нараа ингэж увуулж цувуулах юм бол төрийн ажилд завсар гарна гэсэн байр суурийг бид илэрхийлсэн.

Түүнчлэн хариуцлага тооцох сайд нартайгаа хариуцлага тооцохгүй байна. Манай бүлгийн зүгээс мөн Ерөнхийлөгчийн байр суурийг тодруулах шаардлагатай гэж үзсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс давхар дээлтэй сайд оруулж ирэхгүй шүү гэж хатуу сануулаад байхад орж ирэх гэж байгаа дөрвөн сайдын хоёр нь давхар дээлтэй байгаа. Үндсэн чиг үүрэгт хамаарах Сангийн сайд нь төсвөө батлуулдаг учир дотроос буюу УИХ-ын гишүүн давхар хашиж болох юм гэж хувьдаа боддог. Гэтэл чиглэлийн яамдыг яагаад заавал УИХ-ын дотроос тавих гээд байгаа юм. Энэ зарчим чинь алдагдаж байна гэсэн байр суурийг илэрхийлж манай бүлэг завсарлага авсан.

-Яг яаж оруулж ирвэл цаг хугацаа хэмнэх гээд байгаа юм. Эсвэл орж ирэх сайд нарын нэрс гарсан байгаа тул тухайн хүнийг нь танай бүлэг хүлээж авахгүй байгаа юм биш үү?

-Орж ирэх бол чөлөөлөх сайдуудаа зэрэг оруулж ирэх хэрэгтэй. Албан ёсоор сайдад нэр нь яригдаж байгаа хүмүүсийг хэлэлцээгүй болохоор асуудалтай гэж хэлж одоогоор чадахгүй. Хэлэлцээд эхлэх үед нь ямар асуудал байгааг нь бид ярина. Бид одоо бол зарчим л ярьж байгаа. Өмнө нь шинэ Засгийн газар байгуулагдаад иймэрхүү зүйл болж л байсан. Хоёр жилийн өмнө гэхэд бүтэц, бүрэлдэхүүн хоёр нь зэрэг орж ирэхэд нь хэлэлцэж дуусгаад Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд томилох хүмүүсээ оруулсан. Би ч гэсэн сайдын суудлаас чөлөөлөгдөж явсан. Тэр журмаар л явдаг.

Гишүүдийн дунд маргаан тариад байгаа өөр нэг зүйл нь бүтцийн өөрчлөлт хийгээд сайд нарыг чөлөөлж байна гэхийн оронд “Манай сайд нар сайн ажилласан. Тэд үүргээ онц биелүүлсэн” гэж яриад байгаа юм. Ерөнхий сайд логикийн зөрчилтэй зүйл яриад байна. Тэр ярьснаар нь ойлговол сайн ажилласан сайд нараа явуулаад муу ажилласан хүмүүсийг нь үлдээж байгаа болж таарч байна. Сайн ажилласан л гээд байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засаг ямар боллоо доо. Үүнийг тэгээд сайн ажилласных гэх юм уу, үгүй. Нэг см төмөр зам тавигдаагүй байна. Энэ мэдээж сайн ажилласны үр дүн лав биш. Оюутолгой гацаанаас гараагүй байгаа нь сайн ажилласан гэх үндэс мөн үү. Ерөнхий сайд “Сайн ажилласан” гэж тайлбарлаж байхын оронд “Бүтцийн өөрчлөлт хийсэн юм аа” гээд тайлбарлачихсан бол маргаан гарахгүй байсан.

-Танай бүлгийн зарим гишүүд хамтарсан Засгийн газар байгуулах гээд завсарлага авч байгаа юм биш үү гэсэн хардлага байна. Сайд болъё гэсэн нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь хамтарч болохгүй гээд байгаа юм биш үү. Танай нам ч гэсэн дотооддоо асуудалтай байх шиг?

-Манай бүлэг дээр тийм асуудал яригдаагүй. Хамтарсан Засгийн газар байгуулж ажиллахгүй гэж бодож байна. АН-ын зарим УИХ-ын гишүүд эдийн засгийн нөхцөл хүндэрчихлээ, улс орноо бодоод хамтаръя гэсэн зүйл ярьж байгаа юм бий. Хамтраад юу хийх вэ гэхээр тодорхой зүйл ярьж өгөхгүй байна л даа. Хамтраад өрийн хязгаарыг нэмэгдүүлэх гэж байгаа бол зөвшөөрөхгүй. Ер нь төсвөө чангалаад үргүй зардлаа хасаад хөрөнгийн нөөц бүрдүүлж тавьсан өрүүдээ төлөх тухай ярих хэрэгтэй болохоос биш, нэмж өр тавих талаар ярьж болохгүй гэж би л хувьдаа бодоод байгаа. Хойд хормойноосоо авч урд хормойгоо нөхөж байгаа хүмүүс өөдлөх үү. Мэдээж үгүй. Гэтэл манайх 10 жилийн өмнө 300 тэрбум төгрөгийн төсвөөр болоод байсан. Харин одоо хичнээн их наяд болоод байхад яагаад зардлаа хэмнэж болохгүй гэж. Би л хувьдаа болно гэж хараад байгаа.

-Томилгооны асуудлаас болоод АН-ын бүлэг дотроо асуудалтай байх шиг байна. Та үүнийг нь юу гэж харж байгаа вэ?

-Зарим гишүүд нь эсэргүүцээд суулт хийж байна. М.Зоригт гишүүнтэй өрөөнд нь орж уулзсан. Суулт хийх болсон гол шалтгаан нь Засгийн газрыг бүрдүүлж байгаа зарчим нь буруу гэж байна лээ. М.Зоригт гишүүн твиттертээ “Хоёр гишүүн дагуулаад ирвэл сайд болно гэж байна. Энэ юу гэсэн үг вэ” гэж жиргэсэн байна лээ. Тиймээс сүлжээний маягаар Засгийн газрыг бүрдүүлж байгааг эсэргүүцэж байна гэсэн. М.Зоригт гишүүний энэ байр суурийг би дэмжиж байгаа. Засгийн газрыг бүрдүүлэхдээ нам эвслийн бүлгүүд нь ярьж байгаад хэн үүнийг хийж чадах вэ гэдэг дээр шийдвэрээ гаргах ёстой болохоос биш төрийн яамыг фракц, намуудад өмчлүүлээд өгчихсөн мэтээр хандаж болохгүй гэж үзэж байна.

-Ирэх долоо хоногоос сайдууд тодорхой болоод ажилдаа орох байх. Үлдсэн хугацаанд Засгийн газар хэр ажиллах юм шиг байна?

-Засгийн газрын тэргүүн нь хэвээрээ үлдчихэж байгаа юм чинь нэг их өөрчлөлт гарахгүй биз дээ. Эдийн засгийн том шийдвэрүүдийг Ерөнхий сайд гаргадаг болохоор хуучин бодлого нь хэвээр үргэлжлэх байх. Байдал төдийлөн сайжрахгүй байсаар 2016 оныг угтах болов уу гэж бодож байгаа.

-Засгийн газрын тэргүүн солигдвол эерэг үзүүлэлтүүд гарах юм уу. Танай бүлгээс авсан тав хоногийн завсарлагын хүрээнд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг оруулж ирэх гээд байна уу. Чуулганы хуралдаан дээр үг хэлж буй гишүүдийн үгийг сонсоход тэгж санагдлаа?

-Дараагийн Ерөнхий сайд нь ямар хүн байх вэ гэдэг нь тодорхойгүй тул үүнийг таах аргагүй.

-Сайд нарын томилгоо­ноос болоод ирэх оны төсөв батлах асуудал сунжрах магадлалтай байна. Хуулийн хүрээнд арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой байдаг. Гэтэл төсвөө дахин өргөн бариагүй байна даа?

-Ирэх оны төсвийг өргөн бариад байсан ч Засгийн газрын хуучин бүтцээр оруулж ирсэн тул хэлэлцэх боломжгүй тул татаад авчихсан. Дахин оруулж ирэхдээ төсөвт хийсэн том алдаануудаа засч оруулж ирэх ёстой. Зарчмын хувьд эдийн засаг хүндрэлтэй байгаа үед татвар нэмэх замаар төсөв бүрдүүлдэггүй. Ядарсан морио ташуурдаад хурдлуулах гээд байгаа хүн шиг харагдаад байна. Харин ч татвараа хөнгөлөөд, эдийн засгийн идэвхжлийг нь нэмэгдүүлэн, татварын сууриа өргөжүүлснээр эдийн засаг сайжирдаг. 2009 оны ийм хямралын үед би Засгийн газарт ажиллаж байсан. Тэр үеийн Засгийн газар ажил эрхлэлтийг дэмжих бодлого явуулж байлаа. Ингэснээр эдийн засаг аажимдаа сайжирдаг. Одоо дөрвөн төрлийн татвар нэмнэ гэж байна.

-Сангийн сайд Ч.Улаан татвар нэмэгдэхгүй гэдгээ мэдэгдсэн шүү дээ?

-Үүнийг би хариуцлагагүй мэдэгдэл гэж бодож байгаа. Бидэнд тарааж өгсөн материал дээр Үл хөдлөх хөрөнгийн, Автомашины татварыг хоёр дахин нэмэгдүүлж, Малын хөлийн татварыг бий болгоно гэсэн байсан. Түүнчлэн Хотын татвар мөн орж ирсэн. Хотын татвар нь мөн хэдэн татвар байх нь ойлгомжгүй байна даа. Төсөв дээр миний санаа зовж байгаа өөр нэг зүйл нь төсвийг орон нутагт хуваагаад өгчихсөн. Ингэвэл хоёр том үр дагавар гарна. 2003 оны Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хуулиас өмнө төсвийг орон нутагт хувааж өгдөг байсан. Тэр үед боловсролын салбарын төсөвт орон нутгийн дарга нар гар хүрдэг явдал гардаг байлаа. Үүнийг нь босоо тогтолцоотой болгож байж орон нутгийн сургуульд хуваарилсан төсөв дээр Засаг дарга гар хүрэх боломжгүй болсон. Хэрэв буцаагаад орон нутаг төсвөө захиран зарцуулаад эхэлбэл энэ асуудал дахин босч ирэх магадлалтай. Түүнчлэн орон нутагт төсвийн эрх мэдлийг өглөө гэж байгаа нь хошгируулж байгаа хэрэг. Жишээлбэл, манай Булган аймагт 10 гаруй тэрбум төгрөг шаардагдах обьектуудыг жагсаачихаад 2.5 тэрбум төгрөг хуваарилан “Та нар энэ мөнгөөр юугаа хийхээ өөрсдөө мэд” гээд хаячихаж байгаа юм. Нэг үгээр хэлбэл обьектууд баригдахгүй байгаа хариуцлагыг орон нутагт үүрүүлж байна гэсэн үг. Ингэж хариуцлагаас зугтсан төсөв хийж болохгүй.

Монгол Улс нэгдсэн улс мөн л юм бол салбарууд нь ирэх жил ямар амжилтад хүрэх гэж байгаа юм, юу бүтээх гэж байгаа юм гэсэн хэмжүүртэй байх ёстой. Өнөөдөр Эрүүл мэндийн сайд нь ирэх жил би тэдэн эмнэлэг засч, хэдэн эмнэлэг барина гэдгээ хэлж чадахаа байчихаар байна. Учир нь мөнгийг нь орон нутагт өгөөд орон нутаг нь юугаа барихаа өөрсдөө шийд гэсэн болохоор тэр. Ингээд ирэхээр Эрүүл мэндийн сайд Булган аймагт эмнэлэг барих юм уу, үгүй юм уу гэдгийг мэдэхээ байчихна. Тийм болохоор ийм сайд байгаад хэрэг байна уу гэдэг асуудал гарна. Яахав, холбооны бүтэцтэй улсад ийм зүйл байж болдог. Төсвийг нь ингээд салгаад өгчихөөр 50 жилийн дараа тусгаар улс болно гээд зүтгэдэг юм байгаа биз дээ. Ийм зүйл рүү бид улс орноо түлхэж болохгүй. Тиймээс төсөв хэлэлцэх хугацаа нь Засгийн газрын томилгоотой холбоотой бус, төсөв нь өөрөө дутуу боловсруулагдсантай холбоотойгоор төсвийн хугацаа тулаад байна.

-МАН-ын бүлэг Н.Уд­вал, Ц.Оюунгэрэл, Ш.Түвдэн­дорж сайдад хариуцлага тооц гэх юм. Энэ гурваас бусад сайд нарын ажил сайн байгаа юм уу?

-Ер нь бол олон түмний зүгээс шаардаж байгаа хүмүүс нь энэ хэд байна. Жишээлбэл, манай Булган газар тариалангийн аймаг. Ургац хураалтын үеэр улаанбуудай оруулж ирж байгаад тариаланчид уйлах нь холгүй байна. Гурилын үйлдвэрүүд буудайны нөөцтэй болчихоороо тариаланчдаас буудайг авахаа болиод үнэ унагаах зүйл явдаг. Хариуцсан яам нь тэгэхээс тэгэх гэж байгаа юм шиг оруулаад ирлээ. Хавар буудай хүрэхгүй байгаа үед авч байгаа бол өөр хэрэг. Энэ мэтчилэн хүн тус бүр дээр нь яривал асуудал бий. Гэхдээ нэн тэргүүнд хариуцлага ярих ёстой сайдууд нь энэ хэд гэж ярилцацгаасан юм. Засгийн газрын тэргүүн яаж хариуцлага тооцох вэ гэдгээ өөрөө шийднэ биз.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *