Categories
мэдээ нийгэм

Дундговь аймгийн эмнэлгийн хажууд хоёр шатахуун түгээх станц барьжээ

Манай улсад стандартын дагуу, ном журмаараа хийгддэг зүйлс бүр цөөрсөн. Тэр тусмаа шатахуун түгээх станцуудыг Монгол Улсын хууль дүрмийг мөрддөггүй хэмээн нийслэлийн иргэд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг билээ. Энэ асуудал зөвхөн нийслэлийн иргэдэд тулгардаггүй аж.

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын иргэдэд ийм нэгэн хүндрэлтэй асуудал тулгараад буй юм байна. Тодруулбал, энэ зун тус сумын “Эрүүл мэндийн төв”-ийн баруун, зүүн талд шатахуун түгээх станц зэрэгцүүлэн барьжээ.

Уг нь “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль” болон “Галын аюулгүйн норм, нормативын баримт бичиг”-т зааснаар шатахуун түгээх станцыг Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллага, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн дотуур байр, хэвтэж эмчлүүлдэг эмчилгээний байгууллагуудын эдэлбэр газрын хилээс 100 метрээс дотогш зайд барихыг хориглоно хэмээн заасан байдаг.

Дэлгэрцогт суманд баригдсан шатахуун түгээх станцууд сумын эмнэлгээс 20 метр ч хүрэхгүй зайд баригдаж дээрх хуулийн заалтыг зөрчжээ. Мөн сумын төвд баригдаж буй шатахуун түгээх станц “Тухайн орон нутгийн салхины зонхилох чиглэлийг үндэслэн орон сууц, үйлдвэрлэлийн болон олон нийтийн барилга байгууламжийн салхины доод талд байрлуулахаар төлөвлөнө” хэмээн Монгол улсын барилгын норм ба дүрмийн 1.2-т тодорхой заасан байдаг.

Энэ бүх хууль дүрмийг зөрчин, шатахуун түгээх станцыг эмнэлгийн хажууд барьж байхад сумын засаг дарга болон Дундговь аймгийн Мэргэжлийн хяналт шаардлага тавиагүй нь үнэхээр хачирхалтай. Уг нь “Стандартын бус баригдаж буй шатахуун түгээх станцын барилга байгууламж барих үйл ажиллагааг Монгол улсын стандарт /MNS 4628-98/ зааснаар Мэргэжлийн хяналтын газар шууд зогсоох эрхтэй хэмээн заасан байдаг.

Дэлгэрцогт сумын иргэд шатахуун түгээх станц эмнэлгийг нь тойрч баригдсанаас хойш тухтай ч эмчлүүлж чадахгүй байгаагаа мэдэгдлээ. Учир нь өрөөндөө агаар оруулахаар салхивчаа онгойлгохоор шатахуун үнэртээд, зарим өвчтөнүүдийн толгой өвдөх, дотор муухай оргих энүүхэнд аж.

Хүн эрүүл болохын тулд эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Харин Дэлгэрцогт сумын иргэд эрүүл болох нь бүү хэл шатахуун бүхий амьсгалж, залгилж байна. Цаашлаад тус шатахуун түгээх газруудад гал гарвал араасаа ямар их хор хохирол үзүүлж болохыг Дундговь аймгийн холбогдох албаны хүмүүс анхааралдаа авна биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *