Монголбанкны мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатартай ярилцлаа.
-Монголбанкны алтны нөөц нэмэгдсэн тухай мэдээлэл байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор энэ аравдугаар сарын 15-ны байдлаар 9.5 тонн алтыг манайх худалдан аваад байна. Үүнийг унцид шилжүүлбэл 270 мянган унци болж байгаа. Алтны үнэ сүүлийн хоёр, гурван хоногт харьцангуй өсөх хандлагатай байгаа. Нэг хэсэг жаахан бууж нэг унци нь 1222 ам.доллар болж байсан бол өнөөдрийн (өчигдрийн) байдлаар 1234 ам.доллар болж байна. Ер нь компани, хувь хүмүүсийн алт тушаалтын байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 84 хувиар өссөн байгаа.
-Шинэ хуульд иргэдээс авах татварын хэмжээг бууруулсан нь алтны нөөц бүрдүүлэлтэд онцгой нөлөө үзүүлжээ?
-Тийм. Шинэ хуулиар татварыг 2.5 хувиар хөнгөлж, роялтиг тэглэсэн. Үүнээс гадна алт олборлогч компани, хувь хүмүүс нь олборлосон алтаа Монголбанк болон Монголбанкнаас эрх авсан арилжааны банкуудад тушааж, экспортлохдоо Монголбанкаар дамжуулна гэж заасан. Энэ бол маш зөв зүйтэй арга хэмжээ болсон гэдэг нь өнөө жилийн байдлаас харагдаж байна.
-Алтны нөөц нэмэгдэж байгаа нь эдийн засагт хэдий хэмжээний бодит дэмжлэг болж байна вэ?
-Одоогийн байдлаар 348 сая ам.долларын нөөц бүрдүүлчихээд байна. 270 мянган унци алт гэдгийг дундажлаад тооцоод үзэхэд ийм дүн гарч байгаа юм. 348 сая ам.доллар гэдэг бол тийм бага тоо биш. Өөрөөр хэлбэл, алтны нөөц нэмэгдэж байгаагаас үүдэн валютын нөөц ч тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа.
-Тэгвэл үүнээс үүдэн валютын ханш сулрах болов уу?
-Ер нь сүүлийн нэг сард ямар нэгэн байдлаар гадны зээл тусламж орж ирээгүй атал валют харьцангуй тогтвортой байгаа шүү дээ. Энэ байдлыг алттай холбож ойлгож болно.
-Үүнээс илүү буух болов уу?
-Бид одоогийн байгаа бүрдүүлсэн нөөцөө харгалзаж, нөгөө талаас алт тушаах улирал болж байгааг бодолцон энэ жилийн төгсгөл гэхэд 12, 13 тонн алт авчих болов уу гэж төлөвлөж байгаа. Тэгэхээр 400, 500 сая ам.долларын нөөц бүрдүүлчих болов уу. Мэдээж хагас сая ам.доллар гэдэг эдийн засагт нөлөө үзүүлнэ. Үүн дээр өөр эх үүсвэрүүд орж ирвэл валютын ханш доошлох л байх.
Ер нь бол алт өөрөө чөлөөтэй хөрвөх чадвартай валют учир экспортын өрсөлдөх бараа бүтээгдэхүүн багатай манай улсын хувьд одоогийн байдлаар гадаад валютын нөөц бүрдүүлэх нэг эх үүсвэр нь болж байгаа. Ер нь хөгжингүй том орнууд гадаад валютын нөөцөндөө алтаа хадгалж, хямралтай хэрэгцээтэй үедээ хэрэглэх стратегийн зориулалттай байдаг. Өөрөөр хэлбэл, алт нь үнэ цэнэ хадгалж байдаг стратегийн чухал бүтээгдэхүүн юм.
-13 тонн гэдэг нь өмнөх оныхоос хэдэн тонноор илүү вэ?
-Өмнөх оныхоос хоёр дахин өссөн гэсэн үг. Сүүлийн таван жилийн хугацаанд гэхэд ганцхан өнгөрсөн жил л долоон тонныг авч байлаа. Харин 2006 онд 15 тонн алт авч байсан юм. Өөрөөр хэлбэл, 2006 оноос хойш гарч буй хамгийн том өөрчлөлт өнөө жил болох болов уу. Одоо он дуустал хоёр сар гаруйн хугацаанд дөрвөн тонныг авчихна гэж төсөөлж байгаа учраас тэр шүү дээ.
-Улсын хэмжээнд хичнээн компани, хувь хүн алт тушаагаад байна вэ?
-Албан ёсны тоогоор олборлосон алтаа тогтвортой өгөөд явдаг 120 гаруй аж ахуй нэгж байдаг. Гэхдээ бидэнд давхардсан тоогоор буюу 9.5 тонн алт өгчихөөд байгаа нь 1516 аж ахуй нэгж, 736 иргэн байна. Өнөө жилийн нэг онцлог нь иргэд маш идэвхтэй ажиллаж байгаа. Өмнө нь ийм байгаагүй. 2013 онд гэхэд ганцхан иргэн өгч байлаа. Ер нь бол энэ оны байдлаар улсын хэмжээнд 67 аж ахуй нэгж алт олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн тоон үзүүлэлт бий.
Иргэдийн хувьд 2006 оноос хойш огт алт өгдөггүй байсан. Энэ нь татвар өндөр байсантай холбоотой л доо. Гэтэл өнөөдөр давхардсан тоогоор 736 гэдэг маш өндөр тоо. Тэднээс яг өгч байгаа нь 160 гаруй хүн байгаа ч гэсэн энэ бол өссөн үзүүлэлт юм. Нэг иргэн сардаа хэдэн ч удаа өгч болно. Ер нь бол иргэд сардаа ихэвчлэн 2-3 удаа, 5-10 кг-аар нь өгдөг. Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар бүрдүүлээд байгаа есөн тоннын бараг хоёр тонн нь иргэдийн өгсөн алт байгаа.
-Хуульд өөрчлөлт орохоос өмнө иргэд хэдэн хувийн татвар төлдөг байсан юм бэ?
-10 хувийн татвар төлдөг байлаа. Гэтэл одоо 2.5 хувийг л төлж байна. Ингэхээр компани, иргэдэд маш таатай нөлөө үзүүлж байгаа юм. Саяхан нэг компанийн захирал шинэчилсэн хуулийн дагуу олдож байгаа татварын хөнгөлөлтийн зөрүүгээ ажилчдынхаа цалин дээр нэмж өгч байгаа гэж байсан. Үүнээс үзэхэд шинэ хууль иргэдэд маш их дэм өгч байгаа.
-Оюутолгойн төсөл харьцангуй нааштайгаар яригдаж эхэллээ. Оюутолгойн алтыг дотооддоо авах боломж бий юу?
-Оюутолгой тогтвортой байдлын гэрээтэй. Энэ гэрээ нь одоохондоо дуусаагүй байгаа тул Оюутолгойн алтыг авах эсвэл манайхаар дамжуулах талаар яриа хэлэлцээр хийгээгүй байна. Гэхдээ хэрэв энэ яриа, хэлэлцээр биеллээ олж Оюутолгойн алтыг Монголбанкаар дамжуулж гаргадаг болбол алт, валютын нөөц үлэмж ихэснэ.
-Гэтэл нөгөө талаас хэрэв Оюутолгойн алтыг авбал хүдрээс нь ялгах буюу боловсруулах үйлдвэртэй байх шаардлагатай болно. Гэтэл манайд тийм үйлдвэр барих боломж, нөхцөл хомс байгаа?
-Хэрэв боловсруулах үйлдвэртэй болвол жил бүр тогтмол 30 тонн алт боловсруулдаг байх ёстой. Тэгж байж тухайн үйлдвэр ашгаа, зардлаа нөхдөг. Яагаад гэвэл алт боловсруулахад маш өндөр түвшний техник, тоног төхөөрөмж, мэргэжлийн ажилчид шаардлагатай. Тиймээс ч боловсруулах үйлдвэрийн тухайд нэг их ярьж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, тогтмол 20-30 тонн алттай байх ёстой. Түүнээс бус нэг жил 30 тонныг авчихаад дараа жил нь 20 тонн байгаад байвал хэвийн үйл ажиллагаа нь тасалдахад хүрнэ.
-Оюутолгойгоос гадна их хэмжээгээр алт нийлүүлэх боломж бүхий ямар компани байна вэ?
-Саяхан шинэчилсэн Ашигт малтмалын тухай хуулиар ийм боломжийг нээсэн. Гэхдээ үүнээс гадна “Урт нэртэй” хуулийн өөрчлөлт ороод ирвэл “Гацуурт” зэрэг томоохон компаниуд зөвшөөрлөө авах боломжтой. Тэгвэл тэдний олж тогтоосон нэлээд нөөц байгаа. Үүнээс гадна хайгуулаа хийчихсэн, жигдэрч байгаа компаниуд олон бий.
-Хэрэв эдгээр компаниуд алтаа нийлүүлээд эхэлчихвэл манай нөөц 15 тонноос ч илүү гарах юм байна?
-Тэгэлгүй яахав. Бид өгч буй бүх алтыг нөөцөлнө. Улмаар цэвэршүүлж, “9999”-ийн сорьцтой болгоно. Үүнийгээ гадаадад хадгалуулж ч болно, эсвэл бүгдийг валют болгох ч хувилбар бий.
Т.ГЭРЭЛМАА