Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Хэвээрээ

“Яг хэвээрээ байна шүү”, “Нүд, инээмсэглэл чинь яг л хүүхэд үеийнх шигээ” гэж уулга алдаж мэндэлсэн нэг ангийн “хүүхдүүд” олон. Өнгөрсөн долдугаар сард Увс аймгийн төв Ю.Цэдэнбалын талбайд уулзсан 300 гаруй “хүүхэд” нэгийгээ “яг хэвээрээ” гэж тодотгож байв. Тэд 30 жилийн дараа сурагч ахуй үедээ эргэн очиж, хүүхэд насныхаа дурсамжаар гурав хоног хөглөгдсөн юм. 1974-1984 онд Увс аймагт дунд сургуульд сурч байсан бүх сурагч өнгөрсөн долдугаар сарын 18-19-нд төгсөлтийнхөө 30 жилийн ойгоор цугласан нь тэр. Нэг ангийн, нэг төгсөлтийн тийм олон сурагч нэг дор цуглана гэдэг сүртэй, сүртэй. Ю.Цэдэнбалынхаа талбайд нижгээд шуугиан өрнүүлж мэнд мэдэлцээд, аймгийн Бөхийн өргөөнд уулзалтынхаа албан ёсны нээлтээ хийжээ. Нээлтийн арга хэмжээнд зохион байгуулагчид албаны үгээ хэлж, анги ангийн төлөөлөгчид цугласан олонд мэндчилгээ дэвшүүлж нэг үгээр албан ёсны арга хэмжээ болжээ.

“Нэг аймгийн бүх төгсөгчид уулзаж байгаа нь маш сайн хэрэг. Бүгд цугласных сургуульдаа, аймагтаа хийж бүтээхээ ярьцгаая” гэж санал тавих хүн ч олон байж. Ингэж санал, санаачилга гаргасны үр дүнд 1984 оны төгсөгчид аймагтаа Цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэр гаргажээ. Тэр оройгоо “Ойрд” театрт төгсөлтийн цэнгүүнээ хийж, “Мөнгөн харандаа” хамтлаг урилгаар ая дуугаа өргөжээ. Тэр үеийн хүүхэд, залуусын шүтээн байсан “Мөнгөн харандаа” хамтлаг жинхэнэ утгаараа дурсамж сэргээсэн хэрэг. Төгсөгчдийн төлөөлөл ч тайзан дээрээ ангийнхандаа мэндчилгээ дэвшүүлж дуулж, хуурдан үдшийг өнгөрөөжээ.

Улаангом хотын дөрвөн арван жил, 18 сумын нэг ангийнхныг ингэж цуглуулна гэдэг нүсэр ажил. Тийм нүсэр ажлыг Улаангом хотын II дунд сургуулийг 1984 онд төгссөн 10А ангийнхан санаачилж, хийжээ. Нэг төгсөлтийнхөн нь тэднийг “Гүнзгийгийнхэн” гэх юм билээ. Ангиараа онц сурлагатай, спортлог, санаачилгатайгаараа аймагтай алдартай “Гүнзгийгийнхнийг” энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа.

ТАВАН ОНЦЫН ЭЗЭД

1А ангийнхан тавдугаар ангиасаа орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай болжээ. Наймдугаар ангид ороход нь сум, сумаас ирсэн онц сурлагатнуудаас шалгалтад тэнцсэн цөөн хэдэн “мундаг”-уудаар бүл нэмсэн гэдэг. “Соц үеийн бүтээгдэхүүнүүд. Дээр нь сум, сумаас ирсэн таван онцын эзэд цуглачихсан болохоор өрсөлдөөнтэй гэж жигтэйхэн. Бүгд сурлагаараа өрсөлдөнө. Таван онцын эзэн л болохгүй бол гүнзгий ангид байгаадаа ичдэг байлаа шүү дээ” гэцгээнэ. “Багш нарын нөлөө хамгийн их байсан шүү. Тэр үед манай сургууль байгуулагдаад удаагүй байсан. Багш нараа өндөр шалгуураар авсан болохоор хичээл ойлгуулна гэж гайхалтай. Шилдэг багшийн бүтээгдэхүүн шилдэг байхгүй бол болохгүй биз дээ” гээд инээлдэцгээх аж.

Таван онцын эзэд улс, аймгийн олимпиадад байнга манлайлна. Энэ тухайгаа ярьцгаахдаа их л бахархалтайгаар “Хоёр удаагийн аварга бил үү”, “Үгүй ээ. Гурван удаагийнх шүү дээ” гэцгээнэ. Физикийн улсын олимпиадын алт, мөнгө, хүрэл медальтнуудаасаа Ч.Гантулга, Н.Буянхишиг, Б.Чулуун-Эрдэнэ гэх мэтээр нэрлэнэ. Ч.Гантулга гэхэд физик, математикийн олимпиадын гурван удаагийн аварга болж байжээ. Химийн олимпиадад Ц.Тулга хэд, хэдэн удаа түрүүлж байсныг бас онцлов. Зөвхөн аймагтаа биш улсдаа сурлагаараа тэргүүлж байсан гүнзгийгийнхэн аравдугаар ангиа төгсөхөд 14 нь таван онцын эзэн болж, нэг нь алтан медалиар шагнуулсан гэдэг. Тэр үед дээд сургуулийн хуваарь цөөн ирдэг байсан үе. 1984 онд Увс аймгийн хэмжээнд гадаадын их, дээд сургуулийн хуваарь 20 гаруй, дотоодынх 50-аад иржээ. Тэгтэл “Гүнзгий” 10А-гийнхан ангиараа эхний 50-д жагсч, 36-уулаа их сургуулийн хуваарь авчээ. Бүр 20 нь Орост сурах эрх авч сурлагаараа тэргүүлэгчид гэдгээ баталжээ.

ГАР БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГИЙНХАН

“Гүнзгийгийнхэн” үргэлж хичээл шагайгаад, онцын төлөө өрсөлдөөд байна гэж юу байх билээ. Тэдний ангийнхан сурлагаасаа гадна спортлог, бас нэлээд хөдөлгөөнтэй нөхдүүд. Хөвгүүд нь хичээлийн бус цагаар хөл бөмбөг, гар бөмбөг хөөгөөд гүйцэгдэхгүй. Хичээлийн завсарлагаанаар, заримдаа багшийнхаа нүдийг хариулж байгаад цаасаар гар болон хөлбөмбөг хийж тоглоно. Хичээлээ тарахаар шайб, лааз гээд бөмбөг хийж болох бүхнээр тоглоцгооно. Дүрмээ өөрсдөө зохиогоод хөөрхөн “том” тэмцээн зохион байгуулчихна. “Ингэж спортоор “өвчилсний” дүнд гар бөмбөгөөр аймагтаа шигшээд орж байлаа шүү дээ” гэцгээнэ. Үнэхээр ч тэдний ангийн Болдбаатар, Чулуун-Эрдэнэ, Тулга, Гантулга, Уламбаяр, Хүрэлбаатар нар аймгийн волейболын эрэгтэйчүүдийн шигшээ багийг бүрдүүлдэг байжээ. Шигшээ багийнхан идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд таван удаа аваргалж үеийнхэн дундаа мандаж явж. Идэрчүүдээс насанд хүрэгчдийн тэмцээнд хоёр удаа түрүүлсэн гэдэг.

Тэдний ангийнхан одоо ч волейболын хорхойтой хэвээрээ. Үе, үе уулзалдаж хөлсөө гартал тоглоно. Энэ л хоббигоороо арван жилийн өмнө Увс аймагт төгсөгчдийн дунд гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохиож байжээ. Уг тэмцээн уламжлал болж 1979 оны төгсөгчдөөс эхлээд 1996 оны төгсөгч хүртэл 15 баг оролцдог болжээ. II дунд сургуулийн биеийн тамирын багш Б.Нааюугийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээний арав дахь нь ирэх сарын 22-ны өдөр болох гэнэ лээ.

ХЭВЭЭРЭЭ

Бидний онцолсон ангийнхны олонхи нь өдгөө бизнес эрхэлж байгаа. Яг арван жилдээ онцгойрч байсан шиг өдгөө амьдрал дээр амжилттай яваа бизнесмэн олон. Сургуулиа төгсөөд төрд ажиллах нь ажиллаж, багшлах нь багшилж байгаад зах зээл эхлэх үеэс цөөнгүй хэд нь бизнесээ эхлүүлжээ. Бизнесийн салбаруудын анхдагчдын дунд тэдний ангийнхан олон бий. Монголд анх брокерын пүүс нээгдэх үед Б.Чулуун-Эрдэнэ “Орчил” пүүсээ нээж байжээ. Энэ эрхэм 1995 онд хөрөнгийн зах зээлийн талаар “Ардын эрх” сонинд манай эрхлэгчид ярилцлага өгч байснаа дурссан. Төв хэвлэлд, том сэтгүүлчид тоогдож байсныг бодоход тухайн үедээ яггүй бизнесмэнд тооцогдож байсан нь гарцаагүй. Өдгөө ч түүний бизнес амжилттай яваа.

Олимпиадын гурван удаагийн аварга Ч.Гантулга ОХУ-д физикийн ухааны докторын зэрэг хамгаалаад иржээ. Ангийн багш Д.Ядамцоо шавийнхаа талаар

“Дэлхий сөнөхөд Бат-Отгон Монголоо үлдээнэ

Атом дэлбэрэхэд Гантулга 10А-гаа үлдээнэ” гэж элэглэсэн удаатай. Түүний араас эрдэм шинжилгээний ажил хийж, зэргээ ахиулах гэж байгаа олон хүн бий гэцгээсэн. “Зэрэг, дэвээ хамгаалсных нь дараа нэрлэхгүй бол онгирсон болчихно” гэж нэрэлхэнэ. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд асан Д.Нямхүү “Гүнзгий А” ангийнх. Барилгын бетон зуурмаг, бетон эдлэл, төмөр хийцүүд зэргийг үйлдвэрлэх 10 гаруй үйлдвэр байгуулсан тэрбээр улс төрийн хувьд НИТХ-ын тэргүүлэгч, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэд сайдын албан тушаал хашиж байсан билээ.

“Гүнзгий” ангиас хоёр хос төрсөн нь Ж.Баатарсүрэн З.Туул болон Э.Бодьгэрэл, Ц.Цэцэгмаа нар. Ж.Баатарсүрэн ханьтайгаа “Намир” компаниа байгуулсанд ангийнх нь цөөнгүй хүүхэд ажилладаг юм билээ.

10А-гаас агрономич, багш, орчуулагч, эмч, хуульч, инженер гээд төрөл бүрийн мэргэжилтэн төрсөн. Тухайлбал, О.Эрдэнэтогтох шүүгчээр ажиллаж байгаад өмгөөлөгч болсныг ангийнхан нь ярьсан. Мөн “Батжил” компанийн захирал Э.Бодьгэрэл, “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэлтсийн дарга Төгсжаргал, Сайншанд дахь Гаалийн газрын дарга Ц.Отгонжаргал, “Улаанбаатар менежмент” компанийн Харуулын албаны дарга Н.Уламбаяр, Баруун бүсийн эрдэм шинжилгээний эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Доржсүрэн, ТӨХ-ны хэлтсийн дарга Н.Буянхишиг, Увс аймаг дахь Гаалийн газрын дарга Ц.Бат-Эрдэнэ, “Аръян интернэшнл” компанийн захирал Д.Дашгомбо гэх мэтчилэн бүгдээрээ эзэмшсэн мэргэжлээрээ салбартаа тэргүүлж явааг бахархан ярьцгаасан.

Д.Нямхүү, Б.Чулуун-Эрдэнэ нар хамтран ангийнхандаа “Хэвээрээ” дуугаа зориулжээ.

…Дурсан ярихад дүр нь хэвээрээ

Дуудан уулзахад хоч нь хэвээрээ

Дандаа сэтгэлд хүүхэд хэвээрээ

Дахин олдохгүй ангийн андууд

Залуу нас хайрын дуу минь

Зургийн цомогт инээмсэглэн үлджээ

Сарны салхи биднийг элээсэн ч

Сурагч нас минь зүрхэнд хэвээрээ гэдэг гэгэлгэн үгтэй дууг “Элкондор” хамтлагийн Цогоо дуулж, удахгүй олны сонорт хүргэх юм билээ. Тэгэхээр Хэвээрээ дуу “Гүнзгийгийнхний” хийгээд бүх нэг ангийнхны шүтээн дуу болох биз ээ.

Ц.ӨРНӨХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *