Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж буй анхны орон сууц өчигдөр ашиглалтад орлоо. Өөрөөр хэлбэл, газраа чөлөөлж өгсөн иргэд, аж ахуйн нэгжүүд ийнхүү нэг жилийн дотор тохилог орон сууцанд тухлах эрхтэй боллоо.
Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр буюу иргэдийн нэрлэдгээр Ханын материалын эцэст байрлах”Хайрхан хороолол” нэртэй энэхүү гурван блок орон сууц нь зөвхөн нэгдүгээр ээлжийн барилгууд бөгөөд ирэх жилийн өдийд гэхэд дараагийн 650 айлын орон сууцыг ашиглалтад өгөхөөр ажлаа хийж байгаа тухай тус байрны нээлтийн үйл ажиллагаанд оролцсон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэлж байсан юм.
Ашиглалтад орж айлуудаа хүлээн авч буй гурван блок байрны тухайд нийт 160 айлын орон сууц бөгөөд блок тус бүрийн нэг, хоёрдугаар давхрын нийт 900 мкв-ыг үйлчилгээний зориулалтаар ашиглах юм. Харин түүнээс дээшхи давхруудад айлууд байх зохион байгуулалттайгаар барьжээ.
Энэхүү байрыг барих ажлыг “Хера холдинг” компани гардан гүйцэтгэсэн аж. Харин туслан гүйцэтгэгчээр нь “Бэг бүрд” компани ажиллажээ. Нийслэлийн захирагчийн ажлын албаны хувьд тус байрыг барихад зөвхөн дэд бүтцийг нь л шийдэж өгчээ. Үүнд улсаас 9.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин барилгын бусад ажлыг “Хера холдинг” компани бүрэн хариуцаж, аж ахуйн нэгжүүдтэй гурвалсан гэрээ байгуулан ажилласан байна. Тус компанийн хувьд найм орчим тэрбумыг зарцуулжээ.
Өмнө нь буюу хоёр хүрэхгүй жилийн яг өдийд тус газарт үйлдвэрлэл, үйлчилгээ явуулаад 10 гаруй жил болсон 14 аж ахуйн нэгжийн төлөөлөл цугларч, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах тухай ярилцаж байжээ. Улмаар тэд хүсэлтээ Нийслэлийн захирагчийн ажлын албаны Наран дахь салбарт тавьж байсан байна. Тухайн үед гэр хорооллыг дахин төлөвлөх тухай журам ч батлагдаж амжаагүй байсан бөгөөд иргэд өөрсдөө хүсэлт гаргасан тул захирагчийн ажлын алба болон барилгын компани хоорондоо гэрээлснээр ийнхүү ажил эхэлжээ. Ингээд2013 оны тавдугаар сард өөрсдийн эзэмшдэг дэлгүүр, цайны газар, PC тоглоомын газрынхаа жижиг павильонуудыг нурааж өгөв. Зам дагуу байрлалтай тул энд нэг ч айл өрх байхгүй, зөвхөн үйлчилгээний цэгүүд л байжээ.
Харин өнөөдөр тэдгээр хүмүүс тохилог орон сууцанд хуучин эзэмшиж байсан мкв-ын хэмжээгээрээ үйлчилгээний талбай, дээд давхарт нь амьдрах гэртэй, доороо автомашины гарааштай болсон байна.
Дээр дурдсан 14 аж ахуйн нэгж тухайн үед барилгын ажлыг найдвартай болгохын тулд өөрсдийн төлөөллийг сонгож, байнгын хяналт тавьж ажиллаж байсан төдийгүй барилга дээр ажиллах гэх мэт ажлын байраар хангагдаж байсан нь өөр нэг таатай үзэгдэл гэдгийг энэ үеэр Э.Бат-Үүл дарга онцолж байлаа.
Түүнчлэн тэрээр “Японд гэр хорооллыг дахин төлөвлөх явц 12 жилийн турш үргэлжилсэн, Солонгост зургаан жил болсон. Харин манай улс жил гаруйхны хугацаанд төр, иргэн, барилгын компани гурвын итгэлцлийн үндсэн дээр хөгжилтэй орнуудын олон жилийн турш хийсэн зүйлийг хийж чадлаа. Тэд манайхаас суралцах хэрэгтэй болох нь” хэмээн цугларсан хүмүүсийг хөгжөөж байсан юм.
Дараагийн 650 айлын орон сууцны тухайд дэд бүтцийн асуудал нь үндсэндээ шийдэгджээ. Өөрөөр хэлбэл, цахилгааны ажил бүрэн дуусч, цэвэр, бохир усны холболтын ажил 40 хувьтай яваа юм байна. Төр буюу нийслэлээс энэхүү дэд бүтцийн ажлаа хурдан хугацаанд хийгээд өгчихвөл “Хера холдинг” компанийн хувьд дараагийн орон сууцнуудыг хүлээлгэн өгөхөд ямар ч асуудал байхгүй гэдгийг тус холдингийн ерөнхий захирал Х.Ганхуяг энэ үеэр хэлж байлаа.
Одоогийн байдлаар дараагийн орон сууцыг ашиглалтад өгөхийн тулд 40 айл газраа чөлөөлж өгөөд байгаа юм байна. Ер нь иргэд тохилог орон сууцанд амьдрахын тулд газар чөлөөлж өгөх асуудалд тийм ч хойрго хандахгүй байгаа нь ажлыг эрчимжүүлэхэд таатай нөлөө үзүүлж байгааг Х.Ганхуяг захирал хэлж байна лээ.
Ашиглалтад орсон байрны тухайд дээр хэлсэнчлэн аж ахуйн нэгжүүд хуучин өөрсдийн эзэмшиж байсан үйлчилгээний цэгийнхээ мкв-ын хэмжээгээр авч байгаа. Ингэхдээ аль аль тал нь ямар нэг зөрүү төлбөр төлөөгүй ажээ. Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны дахин төлөвлөлт гэх мэт газруудад иргэд, компанийн хооронд өртгийн хувьд үл ойлголцол үүсч байсан бол “Хера холдинг” болон сонгинохайрханчуудын хувьд ямар ч асуудал үүсээгүй гэдгийг ч албаныхан онцолж байлаа.
Ажлын байрнаасаа гадна амьдрах байраа авсан иргэдийн хувьд банкны найман хувийн зээлд хамрагдан худалдан авч байгаа юм байна. Түүнээс гадна “Хера холдинг”-той гэрээ байгуулан хөнгөлттэй үнээр 2-3 өрөө буюу 51-80 мкв хүртэл байр худалдан авч байгаа хүмүүс ч бий гэсэн.
Уг барилга 160 айлынх гэдгийг хэлсэн. Энэхүү байрт газраа чөлөөлж өгсөн 14 аж ахуйн нэгжийн эздийг бүгдийг оруулж, үлдсэн байруудаа худалдах байдлаар компани ашгаа хүртэж байгаа аж. Ханын материал хавийн байрны өртөг нэг сая 500 мянгаас нэг сая 700 орчим мянган төгрөг байгаа бөгөөд тус компанийн хувьд нэг сая 500 мянгаар захиалга авч, аль хэдийнэ байраа дуусчээ.
“ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙГ БИЕЭРЭЭ МЭДЭРЛЭЭ”
Нийслэлийн Засаг дарга болон албаны бусад хүмүүс шинэ байрандаа орж байгаа Р.Цэндхүү гуайнд зочилсон юм. Эдний охин Ц.Цогзолмаа өмнө нь энэ газарт жижиг цайны газар ажиллуулдаг байжээ. Харин одоо 198 мкв үйлчилгээний талбай, 58 мкв хоёр өрөө байр, машины дулаан зогсоолтой болжээ. Хэдийгээр байраа худалдан авч байгаа ч гэсэн Ц.Цогзолмаагийн хувьд маш ашигтай тохиролцоо болсон байна гэдгээ мэдэрч байна хэмээн хотын даргад талархлаа илэрхийлж байсан юм. Тэрээр мөн “Анх газраа чөлөөлж өгөхдөө амьжиргааны гол хэрэгслээ юу л болгочихов доо хэмээн шийдвэртээ их эргэлзэж билээ. Гэхдээ одоо би өөрийн нүдээр үзэж, биеэрээ мэдрээд үнэхээр баяртай байна. Би өөрөө бүр барилгын ажилд үргэлж оролцож байсан. Өрөөнийхөө хаалгыг тийшээ харуулна, гал тогоогоо энд нь байлгана гэх мэт дотоод зохион байгуулалтаа өөрөө хийсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг үнэхээр бодит зүйл юм байна гэдгийг манайхаас харж болно” хэмээн хотын даргад цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барьсан юм. Харин хотын дарга хадгийг шинэ өргөөний мялаалга болгон таазанд нь уяж өгсөн билээ.
Ц.Цогзолмаа тус байрандаа өөрийн аав ээжтэйгээ амьдрах бөгөөд азай буурлууд ч тохилог байртай болсондоо Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга болон хотын дарга Э.Бат-Үүл нарт талархлаа илэрхийлж байсан юм.
ӨӨРӨӨ РЕСТОРАНТАЙ, ХОЁР ДҮҮГЭЭ БАЙРТАЙ БОЛГОЖЭЭ
Үйлчилгээ эрхэлж байсан газраа чөлөөлж өгөөд 117 мкв үйлчилгээний талбай, 51, 58 мкв-тай хоёр ширхэг хоёр өрөө байр худалдан авч байгаа Л.Батжаргалтай уулзлаа. Тэрээр өмнө нь энд цайны газар, PC тоглоомын газар ажиллуулдаг байжээ. Хотын захиргааг Ханын материалд нүүлгэх тухай шийдвэр гарч, бүтээн байгуулалтын ажил эхлэх үед тэрээр ойролцоох павильонуудын эзэдтэй уулзан бизнесээ өргөжүүлэх, давхар амьдрах байртай болох талаар санал солилцжээ. Бизнес эрхлэгчдээс зарим нь зөвшөөрч байсан ч зарим нь амьжиргааны гол хэрэгслээямар ч баталгаагүй зүйлийн төлөө үгүй хийж чадахгүй гэж байсан байна. Гэсэн ч тун удалгүй бүгд зөвшөөрснөөр барилгын компани, нийслэлийн захирагчийн ажлын албатай гурвалсан гэрээ байгуулж, барилгын ажлаа эхлүүлжээ.
Л.Батжаргал өдгөө байрны нэгдүгээр давхарт байрлах 117 мкв үйлчилгээний талбайгаа бүхэлд нь өндөр зэрэглэлийн ресторан болгон ажиллуулахаар засварын ажлаа хийж байна. Тэдний ресторанаар орлоо. Барилгын ажилд эхнээс нь гар бие оролцож байсны хувьд арай давуу “эрх” эдлэн ард талдаа хаалга ч гаргуулж амжжээ. Түүнчлэн гал тогоо, үйлчлүүлэгчдийн заал гээд нарийн төлөвлөн засвар хийж байна. Гал тогооны таазаар агаар, хиншүү сорох салхивчин хоолой гүйлгэж, ажилчдын ОО-ын өрөөг шинээр төлөвлөж хийх гэх мэт тусдаа шийдлүүдийг ч хийж байгаа юм байна. Энэхүү засварын ажилд тэрээр 70 гаруй сая төгрөг зарцуулаад байгаа гэнэ лээ. Өнөөдрийн хувьд энэ хавьд өндөр зэрэглэлийн ресторан нээх нь тийм ч ашигтай биш ч яваандаа хотын захиргаа нүүгээд ирвэл нэлээд ашиг олох боломж байгаа тул ийм шийдвэр гаргасан хэмээн Л.Батжаргал хуучилж байсан юм.
Өмнө нь тэрээр цайны газраасаа сардаа 6-7 сая төгрөгийн цэвэр ашиг олдог байсан бөгөөд барилгын ажил явагдаж байх хугацаанд цайны газраа өөр газар түр байрлуулан ажиллаж байсан тул барилга барих хугацаанд түүнд эдийн засгийн хувьд тийм ч хохиролтой байгаагүй аж.
Л.Батжаргал нэг, хоёрдугаар байрны тус бүрийн зургаан давхар 51, 58 мкв-тай хоёр ширхэг хоёр өрөө байр худалдан авчээ. Ингэхдээ барилга баригдаж эхэлснээс хойш бага багаар төлсөөр одоо төлбөрийнхөө 80 орчим хувийг хийгээд байгаа гэсэн. Тэрээр ойролцоох гэр хороололд хашаа, байшинтай бөгөөд дээрх хоёр байраа хоёр дүүдээ авч өгч байгаа юм билээ.
Т.ГЭРЭЛМАА