Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд их бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Олон улсын нисэх онгоцны буудал барих ажил 24.1 хувьтай байна.Зургаан километр урттай 50 гаруй см зузаантай бетонон зурвас газар буюу онгоц буух талбайг бариад дуусаж байна. Харин гал унтраах авран хамгаалах ангийн барилга барих, терминал барихажил хийгдэж байгаа аж.Монгол,япон, солонгосчуудын хамтран барьж байгаа олон улсын нисэх онгоцны буудал барих ажил хэрхэн өрнөж байгааг сурвалжиллаа.
Зуунмод хотоос Улаанбаатар хүртэлх замыг шинэчлэн тавьж байгаатай холбоотойгоор замыг хаагаад байгаа. Тус замаар зорчиж байгаа иргэд уулан дээгүүр явж байна лээ.
Олон улсын нисэх онгоцны буудал барихаар барилгын эд материал тээвэрлэж байгаа том оврын автомашинууд шороон замаар тоос татуулан давхих ажээ. Зуунмод хотоос баруун урагш арав гаруй километрийн зайд оршихХөшигийн хөндийд баригдаж буй их бүтээн байгуулалтын ажилд 40 гаруй компани оролцож байгаа юм байна. Онгоцны шинэ буудал барих төслийнерөнхий гүйцэтгэгчээр Япон улсын Мицүбиши- Чиёода, харин туслан гүйцэтгэгчээр “Самсунг Си энд Ти” корпораци ажиллаж байна. Монгол, Япон, Солонгосын мянга гаруй ажилтнууд ажиллаж байна лээ.
Биднийг очих үед нисэх онгоцны буудлын вокзал буюу терминалын ган хийц угсрах ажил хийгдэж байв. Барилгын суурийн хэсэг болох гурван давхрыг бетоноор барьжээ. Харин дөрөв, таван давхар зэргийг ган хийцээр барих зураг төсөл батлагдсан юм байна. Шинэ нисэх буудлын үндсэн барилга байгууламжийн нэг болох жилдээ гурван сая зорчин явагч, үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай терминал барих ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа гэсэн. Барилгын ажил 46 хувьтай явж байгааг төслийн мэргэжилтнүүд онцолж байлаа. Японы “JFE Engineering” компани ган хийцийн төмрийг угсрах ажил хийгдэж байна лээ. Дээрх компани нь дэлхийд ган хийцээрээ алдартайгаас гадна Нарны гүүрийг барьж ашиглалтад оруулаад зуун жилийн баталгаа өгсөн компани юм. Төслийн хүрээнд 30 гаруй барилга барих гэнэ. Нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг барих ажил 50 гаруй хувьтай байгаа гэнэ. Хөшигийн хөндийд цахилгаан дамжуулах шугам сүлжээ, цахилгааны үндсэн дэд өртөөнүүд, бие даасан цэвэр бохир усны хангамжийн байгууламж,дулааны зуухны шугам, инженерийн шугам сүлжээ болон хонгил барих ажил хийгдэж байна лээ. 40 гаруй компани бүгд тус тусынхаа ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна лээ. Бид гал унтраах,авран хамгаалах албаны барилгын ажил хэрхэн өрнөж байгааг сонирхсон юм. Залуу төмөр хийцүүдийг угсарч гагнаж байлаа. Барилгын ажилчидсэтгүүлч ирсэн сургаар мэдээлэл өгөхөөр ирцгээв. “Энд ажиллах хугацаанд нэг ч удаа барилгын осол гарсангүй. Сүүлийн үед барилга дээр осол гарч хүмүүс амиа алдаад байгаа болохоор гадны орууд хэрхэн ажиллаж байгааг хэлэх гэсэн юм” гэв. Япон, Солонгосчууд өглөө 06:00 цагт босоод дарга цэрэггүй дасгал хийдэг байна. Монголын компанийн ажилчид эхэндээ “Цэрэгт, шоронд байгаа биш” гээд дасгал хийхээс татгалздаг байсан гэнэ. Мөн өглөө болгон ажлынхаа уриаг бөөнөөрөө уншаад ажилдаа гардаг байна. Тэд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх өөрийгөө болон бусдыгаа ажлын байран дээр эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулдаг байна. Ингээд барилга дээр ажиллаж байхад нь гурван ч компанийн дотоод хяналт шалгалтын хөдөлмөр аюулгүй байдлыг хариуцсан мэргэжилтнүүд нарийвчилсан үзлэг хийдэг байна. Хэрэв зөрчил гаргавал мөнгөн дүнгээр торгодог гэнэ. Иймд хөдөлмөрийн аюулгүй байдлын багаж, хэрэгслээ мартах, ажилдаа хайнга хандах тухай ойлголт байхгүй болдог аж. Мөн нисэх онгоцны буудал барьж байгаа ажлын хашаан дотор ямар ч машин 30 километр цагийн хурдтай явах ёстой байдаг байна. Энэ мэт хяналт шалгалтаа сайжруулаад ажиллавал осол огт гардаггүй гэдгийг барилгын ажилчид хэлж байна лээ.
Онгоцны зурвас газар барих нөсөр их ажил хийгдсэн юм байна. Газрын хөрсийг нэлэнхүйд нь хуулаад хайрга хийж тэгшилсэн гэнэ. Гурван давхар индүүдэж тэгшилсэн хайрга дээрээ 30 гаруй см бетон цутгаад дээр нь арматур зангидсан бетон мөн л 40 гаруй см тавьжээ. Монгол орны цаг агаарын байдал, хөрс агшиж, тэлж байдаг зэргээс хамааран ийм бат бөх зурвас барьсан байна. Ажил эхлээд байгаа хугацаанд буурь, суурь далангийн байгууламжийн ажлаар таван сая шоо метргазар шорооны ажил хийж гүйцэтгэсэн байна лээ.Зөвхөн хөөрч буухзурвасны 162 кв.м талбайд 65.9 мянган шоо метрхучилтын бетон орсон байна.Онгоц хөөрч буух зурвасын ажлыг Германд үйлдвэрлэсэнбетон хэвлэх машинаар гүйцэтгэж байгаа манай оронд анх удаа нэвтрүүлсэн нүсэр том технологи гэнэ. Ийм л том бүтээн байгуулалтын ажил Хөшигийн хөндийд өрнөж байна.
ЭРХ ОРОНДОО ИХ ХЭМЖЭЭНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ БАЙНА
Өөр нэг том бүтээн байгуулалт хийх асуудал ньбуудалд ирж, нисэж буй онгоцуудыг шатахуунаар цэнэглэх асуудал юм байна. Олон улсын онгоцнынисэх буудал учир зураг төслийн ажлыг хийлгэжээ. Зураг төслөөрнайман мянган куб метр шатахууны агуулах барихаар болж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил хийгдэж эхэлсэн байна. Шатахуун нөөцлөх сав нь агаарынхөлгийг газар доогуур шатахуунаар цэнэглэх гэнэ. Улаанбаатар хотоос шилэн кабель татаад дууссан байна. Шинээр баригдаж байгаа нисэх онгоцны буудал барих ажил хэрхэн хийгдэж байгаа талаар Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн захирал Н.Энхбаттай уулзаж ярилцлаа.
–Онгоцны буудал барих ажил хэрхэн хийгдэж байна даа. Томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт зогсоод ажил удааширч байгаа. Танай төслийн хувьд ажил удааширсан зүйл байгаа юу?
-Нисэх онгоцны шинэ буудал барих төсөл ид хийгдэж байна. Бид төлөвлөгөөний дагуу ажлаа хийж байгаа. Одоогоор нийт хийх ёстой ажлынхаа 24.1 хувийг хийж гүйцэтгээд байна. Төлөвлөгөөт ажлаа 1.4 хувиар давуулан биелүүлээд байна. Хэдийгээр бага тоо мэт харагдаж байгаа ч гэсэн том үзүүлэлт шүү. Энэ ондоо багтаан нийт гүйцэтгэлийн 26.8 хувьд хүргэх ёстой. Одоо 46 хоног л үлдээд байна. Энэ янзаараа бид төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх байх гэж бодож байна.Төслийн санхүүжилтийн хувьд зогссон зүйл огт байхгүй. Япон улсын Засгийн газрын тусламжтайгаар шинэ нисэх онгоцны буудал баригдаж байгаа шүү дээ. Тиймээс эдийн засгийн хувьд ямар ч гацсан зүйл байхгүй. Япон, Солонгос улсын шилдэг компаниуд чанарын өндөр түвшинд нисэх онгоцны буудал баригдаж байна. Харин ч улс эрх орондоо эдийн засгийн хувьд их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байгаа гэдгийг онцолмоор байна.
–Энэ талаараа тодруулахгүй юу?
-Нисэх онгоцны буудал барихад хамгийн их орж байгаа зүйл нь цемент. Бид Хөтөлийн цементийн үйлдвэрээс бүх цементийг авч байгаа. Хэдийгээр БНХАУ-ын хямд үнэтэй цемент байгаа ч гэсэн бид эх орны үйлдвэрийн цемент ашиглаж байна. Онгоцны зурвас газар, барилга байгууламжтайгаа нийлээд одоогоор 170 гаруй мянган кв.м бетон зуурмаг ороод байгаа шүү дээ. Мөн Хөтөлөөс энэ их цементийг төмөр замаар тээвэрлэж байна. Мөн нааш нь том оврын машинаар тээвэрлэж байна.Төслийн ажилчид, УБТЗ, Шатахуун, барилгын компаниудад асар том эдийн засаг авчирч байгаа гэж хэлэхэд болно. Гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг дотоодын эдийн засагтаа шингээж байна.
–Бид нисэх онгоцны буудлыг хэдэн онд ашиглалтад оруулах ёстой вэ?
– 2017 оны нэгдүгээр сарын 7-нд ашиглалтад оруулах ёстой. Бид 2017 оноос өмнө дуусна хэмээн ажиллаж байгаа. Төлөвлөгөөгөө давуулан биелүүлээд ажиллаж байгаа. Бидэнд 27 сарын хугацаа байна гэв.
АЧАА ТЭЭВЭРЛЭХЭД БЭРХШЭЭЛГАРАХ БОЛЖЭЭ
Нисэх онгоцны буудал барих ажилд хэд хэдэн хүндрэлтэй асуудал тулгараад байгаа юм байна. Японы талаас ямар ч асуудалгүйгээр хөрөнгө оруулалттаа хийгээд нисэх онгоцны буудал барих ажилд компаниуд нь чанарыг эрхэмлэж ажиллаж байгаа гэнэ. Харин манай улсаас хүндрэлтэй асуудал гарах болжээ. Энэ нь замын асуудал юм байна. Нисэх онгоцны буудалд зориулсан өргөн хурдны зам барих ёстой гэнэ. Гэтэл энэ асуудал одоог хүртэл шийдэгдээгүй байгаа юм байна. Хурдны зам барих ажилд компани шалгаруулах ёстой ч гэсэн Эдийн засгийн яамнаас одоог хүртэл тендер зарлаж шалгаруулалт хийгээгүй аж. Нийт 37 километр газарт хурдны зам барих гэнэ. Нисэх онгоцны буудал хугацаандаа ашиглалтад орлоо ч гэсэн зам нь ашиглалтад хугацаандаа орохооргүй болжээ. Иргэдийн дунд Төв аймаг руу явах замаар зорчино гэсэн буруу ойлголт байгаа гэнэ. Гэвч дээрх замаар нисэх онгоцны буудал руу зорчигчид явахгүй гэнэ. Өөр нэг асуудал нь хоёр цахилгаан станцтай холбогдох ёстой гэнэ. Гэтэл Налайхын цахилгаан станцтай холбогдсон боловч Сонгинын цахилгаан станц баригдаагүй байгаа аж. Хэрэв Налайхын цахилгаан станц эвдэрвэл нисэх онгоцны буудал цахилгаангүй болох гэнэ.
Харин бүтээн байгуулалтын ажилд хэд хэдэн саад бэрхшээл байгаа аж. Тухайлбал, цемент УБТЗ-ын хашаанаас Хөшигийн хөндий рүү зөөхөд нэг машин 60 тонн цемент зөөх гэнэ. Гэтэл Төв аймгийн зам арчлалтын компани хүнд даацын машин явбал 17 тонноос илүү ачаа явахгүй гээд 60 тонн цемент ачсан машиныг явуулахгүй байгаа гэнэ. Үүнээс болоод 60 тонн цемент зөөх ёстой хүнд даацын машинууд 17 тонныг зөөж алдагдалд орох болжээ. Алдагдалд орсон мөнгийг япончууд гаргаж байгаа гэнэ. Ирэх жил нисэх онгоцны буудлыг терминалын ган хүзүүвч ирэх гэнэ. Мэдээж хүзүүвч төмөр 17 тонноос хамаагүй илүү жинтэй. Шороон замаар уулан дээгүүр явж болохгүй. Харин засмал замаар явахгүй болж хүзүүвч эвдэрч магадгүй гэнэ. Иймд ирэх жил ган хүзүүвч ирэхээр яах вэ гээд асуудал ар араасаа ундарч байгаа юм байна. Шинэ нисэх онгоцны буудал барих ажил Монголын талаас асуудалтай байгаа гэдгийг төслийнхөн хэлж байсан юм. Хөшигийн хөндийд хийгдэж байгаа том бүтээн байгуулалт ингэж л өрнөж байна.
Э.ХҮРЭЛБААТАР
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮЭН