Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Австри, Унгарт айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 16-17-нд Бүгд Найрамдах Итали Улсын Милан хотноо болох Ази, Европын 10 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт (АСЕМ)-д оролцохоор өнөөдөр мордлоо. Ерөнхийлөгч мөн маргааш, нөгөөдөр хоёр өдөр Бүгд Найрамдах Австри Улсад албан ёсны, 17-18-нд Унгар Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт нь эрх тэгш түншлэл, харилцан итгэлцэлд суурилсан Ази, Европын стратегийн яриа хэлэлцээ, үр ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой аж. Энэ удаагийн уулзалтад Ази, Европын 49 гишүүн улсын төр засгийн тэргүүн, Европын Холбооны Зөвлөлийн Дарга, Европын Комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцох юм байна. Австри Улсад хийх айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын Холбооны Ерөнхийлөгч Хайнц Фишер, Үндэсний Зөвлөлийн Ерөнхийлөгч хатагтай Дорис Бурес нартай тус тус албан ёсны уулзалт хийхийн сацуу Вена хотноо байрлах НҮБ-ын салбар төвийн байраар зочилж, Монгол, Австрийн бизнес форумыг нээж үг хэлнэ.

Мөн Унгар Улсад айлчлах үеэрээ тус Улсын Ерөнхийлөгч Янош Адер, Ерөнхий сайд Виктор Орбан болон бусад албаны хүмүүстэй уулзах ажээ. Айлчлалын хүрээнд Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн Төв Ази судлалын тэнхимийн дэргэдэх Монгол судлалын төвд зочилж, Монгол, Унгарын бизнес форумыг нээж үг хэлэхийн зэрэгцээ Төв Европын их сургуульд “Монголын ардчилал ба сургамж” сэдвээр мөн лекц унших юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал нь Бүгд Найрамдах Австри Улс, Унгар Улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээн дэх хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *