Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Энхбаяр: Миний хувьд улс төр чухал биш

МАХН-ын дарга Н.Энхбаяр пүрэв гаригийн үдэш Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн. Тэрээр өчигдөр өглөө эртлэн Төрийн ордноор саатаж намынхаа гишүүдтэй уулзалт хийсэн. Мөн Ерөнхий сайдтай үдээс хойш уулзаж ярилцах цаг товлосон байлаа. Түүнийг “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдтэй уулзсаны дараа сэтгүүлчид дараахь тодруулгыг авсан юм.

-Бүлгийнхээ гишүүдтэй уулзлаа. Ямар асуудлаар санаа бодлоо солилцов?

-Ойр тойрныхоо хүмүүстэй санаа бодлоо солилцлоо. Гишүүд маань ямар үзэл бодолтой байгаагаа ярьж байна. Үнэндээ өнөөдөр тодорхой шийдвэрүүдийг гаргах гэж ирээгүй. Мэдээлэл авах гэж ирсэн болохоор тодорхой асуудлаар хуралдаж шийдвэр гаргасангүй. Удаан уулзаагүй хүмүүс уулзалдлаа. Биеийн эрүүл мэндээ асуулцлаа. Мэдээлэл солилцлоо. Эвслийн бүлэг гэдэг утгаараа жирийн сайхан уулзалт болсон. Тэгээд өнгөрсөн хугацаанд ингэж ажилласан, ирээдүйд ийм хандлагатай ажиллаж болох юм гэх мэтчилэн үзэл бодлоо солилцсон. Ер нь улстөрчдийн ярьдаг тэр зүйлүүдийг л өгүүлж байна.

-Засгийн газрын бүтцэд ямар өөрчлөлт орох юм. Таныг энэ бүрэлдэхүүний өөрчлөлтөд санал оруулж байгаа гэсэн?

-Санаачилгыг АН гаргасан. Тиймээс Ерөнхий сайдтай, АН-ын бодлогыг тодорхойлогчидтой уулзана. Гол нь тэдний саналыг бид сонсч яваа. Түүнийг л манай гишүүд ярьж байна.

-Бүрэлдэхүүн ямар байхыг ярилцав уу?

-Бүрэлдэхүүний талаар огт ярилцаагүй.

-Ер нь энэ Засгийн газрыг хэр хэмжээнд ажиллаж байна гэж дүгнэж байгаа вэ?

-Сонгууль дууссан учраас эвслийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр гэж гарсан. Түүнийг би дүгнэхээсээ илүү Ерөнхий сайд өөрөө УИХ дээр ярих нь зохимжтой байх. Түүнээс биш би “тэр нь тийм” гэж ярих эсвэл өмнөөс нь тайлан тавих нь ёс суртахууны хувьд доголдолтой, мэдээллийн хувьд ч боломж алга.

-Та ирснийхээ маргааш л Төрийн ордныг зорьж буйн учир юу вэ?

-“Шударга ёс” эвслийнхэн уриад “Та эвслийн тэргүүн, түүнийгээ битгий март. Уулзъя” гэсэн учраас л ирлээ. Түүнээс биш би эмчлүүлэх гэж ирсэн хүн шүү. Энэ агаарыг амьсгалж, хөдөө зорчиж, нуур ус, голын эрэг дээр очоод болж өгвөл жаахан цагаан идээ амсч, жирийн иргэдтэй уулзалт хийн эмчлүүлье гэж бодож байгаа. Миний хувьд улс төр чухал биш. Та бүхэн ч ингэж харж байгаа учраас асуугаад байх шиг байна.

Л.ТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *