Categories
мэдээ цаг-үе

Хонины ноосоор дулаан хадгалах өндөр чанартай дулаалгын материал үйлдвэрлэдэг болжээ

Монгол хонины ноосны сийрэг, дулаан хадгалах чанарыг нь ашиглан өндөр чанартай барилгын дулаалга материал хийж байгаа компанийн үйл ажиллагааг сурвалжиллаа. “Дулаан гэр” нэртэй энэхүү компанийн үйлдвэр нь “Нэгдүгээр хороолол”-д байрладаг ажээ.

Үйлдвэр рүү ороход хонины шивтэр хамар цоргиж байв. Байрны нэг хэсэгт том тоног төхөөрөмжүүдийг угсарч, ажилчид ид ажиллаж байна. Харин нөгөө хэсэгт өвсийг дөрвөлжлөөд баглачихдаг шиг хар, бор, цагаан өнгөөр холилдсон ноосыг сайтар шахаж нягтаршуулан баглаж боон, хэдэн давхар болгон хураажээ.

Үйлдвэрийн дарга А.Батсүх үйлдвэрийнхээ үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Түүний хэлснээр “Дулаан гэр” компани өнгөрсөн нэгдүгээр сард “Таван богд” группын охин компани хэлбэрээр байгуулагджээ. Дөрөвдүгээр сараас Австри улсын “Демь Вүүл” компанийн барилгын дулаалга хийх технологийг судалж эхэлжээ. Ингэснээр тавдугаар сар гэхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэн үйлдвэрлэлээ эхэлсэн бөгөөд өдгөө байгууллага, хувь хүмүүсийн захиалгаар бүтээгдэхүүнээ борлуулж байгаа юм байна.

Үйлдвэрлэлийн технологийн хувьд хонины хоёрдугаар зэргийн угаасан ноосыг дээр хэлсэн зориулалтын тоног төхөөрөмж ашиглан самнаж задлан, зулаад дөрөв, найман см-ын зузаантайгаар барилгын дулаалга хийдэг юм байна. Өөрөөр хэлбэл, өөр ямар нэг материал оролцуулалгүйгээр дан хонины ноосоор дулаалга хийдэг. Гэхдээ дан ноос нь тээвэрлэх болон ашиглах явцад тасрах, урагдах зэрэг эрсдэл гарч болзошгүй тул нарийн сатуркан утас бүхий торыг ар талд нь бэхжүүлэгч болгон ашигладаг ажээ. Зузааны хувьд хэрэв захиалагч хүсвэл үүнээс зузаан эсвэл нимгэн ч хийх боломжтой юм билээ.

Уг үйлдвэр нь цагт дунд­жаар 150-200 кг ноос боловс­руулдаг бөгөөд 150-200 метр квадрат дулаал­гын материал үйлд­вэрлэх хүчин чадалтай ажээ.

ХОНИНЫ НООС ШАТДАГГҮЙ ШИРХЭГТЭЙ

Хонины ноосоор барилгын дулаалга хийх нь хэд хэдэн давуу талтай ажээ. Энэ дулаалга нь хэдийгээр эсгийтэй ижил дан хонины ноос боловч дулаан хадгалах чадвар нь 1.5-2 дахин их гэнэ. Учир нь тусгай шинжилгээгээр ноосны ширхэг бүр нь голдоо хөндийтэй нь нотлогдсон байдаг аж. Ингэж хөндийтэй байх нь агаарын солилцоогоо хязгаарлачихаж байгаа хэрэг юм байна. Тиймээс ноосон дулаалга нь хөвсгөр байх тусмаа дулаан хадгалах чадвар нь өндөр болдог байна. Харин эсгий нь нягт болох тусам дулаанаа алдах нь илүү байдаг гэнэ.

Хонины ноосны өөр нэг давуу тал нь хөндий­тэй учир чийг тэнцвэржүүлэх чадвар нь өндөр байдаг аж. Тиймээс тасалгааны чийг ихсэх үед 35 хүртэл хувийг нь өөртөө шингээж авч чаддаг байна. Гэхдээ бас тасалгааны агаар хуу­рай­шаад ирвэл чийгээ буцаа­гаад өгдөг онцлогтой гэсэн. Ингэснээр чийгийг тэнц­вэржүүлж, дотроос нь халуун агаараа гаргахгүй ч, гаднаас цэвэр агаар оруулж ирдэг эерэг нөлөөтэй гэж үйлдвэрийнхэн ярив. Түүнчлэн агаарын бохирдол гэх мэт хортой бодисыг өөртөө шингээж устгах чадвартай нь лабораторийн олон удаагийн судалгаагаар нотлогджээ.

Хонины ноосны өөр нэг давуу тал нь галд тэсвэртэй байдаг. Энэ онцлог нь бусад төрлийн ноосыг бодвол хонины ноосны ширхэгээс хамаа­ралтай юм байна. Ноос нь шатал­тын олон улсын Е зэрэглэлд багтдаг. Өөрөөр хэлбэл, шаталтыг дэмждэггүй ширхэгт гэсэн үг юм байна. Тиймээс ноосыг шатаахаар уугисан ч өөрөө аяндаа унтардаг давуу талтай ажээ. А.Батсүх дарга ноосны давуу талыг энэ мэтээр танилцуулав. Тэрээр энэ чиглэ­лээр олон судалгаа хийсэн мэргэжилтэн аж. Энэ сарын эхээр барил­гын дулаал­гын материалын стан­дар­тыг Стандартчлал хэмжил­зүйн газраас батлахад чухал үүрэгтэй оролцсон хүн юм байна.

“Дулаан гэр” нь бүтээг­дэхүүнээ үйлдвэрлэхдээ угаасан буюу шороо тоос, зунгагаас нь салгасан ноос ашигладаг тул эрүүл ахуйн талаасаа маш цэвэр байдгийг ч үйлдвэрийн ажилчид онцолж байсан юм.

Үйлдвэрийн удирдлагын зүгээс тун удахгүй энэхүү материалдаа цагаан эрвээ­хэй­ний боловсруулалт хийх гэж байгаа тухайгаа танилцуулав. Энэ нь эсгийг цагаан эрвээхэй идэж, сүйтгэдэгтэй холбоо­той аж. Өөрөөр хэлбэл, тус үйлд­вэ­рийнхний зүгээс бүтээг­дэхүүндээ боловсруулалт хийс­нээр ноосыг цагаан эрвээ­хэй идэж, сүйтгэнэ гэсэн ойл­голт үгүй болох юм байна.

Түүнчлэн гал тэсвэрлэх, чийгнээс хамгаалах тал дээр ч нэмэлт боловсруулалтуудыг хийж, бүтээгдэхүүний чанартаа анхаарах төлөвлөгөөтэй ажил­лаж байгаа гэдгээ үйлдвэрийн удирдлага хэлж байв.

Ийм онцлог, давуу талтай дулаалгын материалын нэг метр квадратын үнэ нь 3500 төгрөг гэсэн. Дөрвөн см-ын зузаантай нь ийм үнэтэй. Харин найман см-ын зузаантай нь 7000 төгрөг юм билээ.

ЭНЭХҮҮ ДУЛААЛГЫГ МОНГОЛ ГЭРТ Ч АШИГЛАХ БОЛОМЖТОЙ

Өнөөдрийн байдлаар канад технологиор байшин барьдаг компаниуд ихэвчлэн “Дулаан гэр”-тэй хамтарч ажиллаж байгаа юм байна. Учир нь Монголдоо анх удаа ноосоор дулаалга хийж байгаа шинэ туршлага тул эхний ээлжинд компанийн зүгээс бүтээгдэхүүнээ сурталчлах, чанарыг нь таниулах тал дээр нэлээд шаргуу ажиллаж байгаа талаар тус үйлдвэрийн дарга А.Батсүх хэлж байсан. Өнөөдрийн байдлаар хонины ноосон дулаалгыг дээр хэлсэнчлэн канад техно­логиор байшин барьж буй цөөн хэдэн байгууллагаас гадна хувийн байшин барьж буй мөн цөөн тооны хүмүүс захиал­гаар хийлгэж байгаа гэсэн.

Энэхүү дулаалгын бүтээг­дэхүүнийг зөвхөн барилга төдийгүй монгол гэрт ашиглах бүрэн боломжтой. Тиймээс үйлдвэрийн дэргэд тусгай оёдлын цех байгуулан мон­гол гэрийн бүрээс, туурга хэл­бэрээр эсгэж хийж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, таван ханатай гэрт тааруулж эсгэж бэлтгэсэн ноосон дулаалгыг ямбуу даа­вуу­гаар бүрж бүрээс хийж байгаа аж. Үүнийг мөн л захиалгын дагуу оёх юм билээ. Дашрамд хэлэхэд, гэрийн бүрээсээр ашиглах уг дулаалгын зузаан нь найман см бөгөөд хоёр, гурван ч давхар хийх боломжтой гэдгийг үйлдвэрийн дарга хэлж байсан. Учир нь хөвсгөр ноос нь маш хөнгөн тул эсгий шиг гэрийн модонд хүнддэнэ гэсэн зүйл огт байхгүй юм байна. Яг ийм буюу гурван давхраар нь ашиглаж байгаа айл өрхүүд ч бий гэсэн.

Нөгөө талаас барилгын дулаалгыг зөвхөн гэр гэлт­гүй орон сууцанд ч ашиглах боломж бий гэнэ. Ингэ­хийн тулд барилгын техно­логио л тодорхойлох шаард­ла­гатай юм билээ. Энэхүү дулаалгыг ашиглаж байгаа байшингуудын хувьд мод эсвэл төмрөөр карказ хийж байгаа бол түүн дотроо хийж, ханандаа бэхлэх байдлаар хийдэг байна. Тиймээс өндөр буюу олон давхар барилгуудад хэрхэн бэхлэх эсэхээ л шийдчих юм бол хэрэглэх боломжтой аж. Өнөөдрийн нөхцөлд арай хялбар талыг нь бодолцон гурав хүртэл давхар, канад технологиор баригдаж байгаа барилгуудад л илүү тохиромжтой гэж үзэж байгаа аж.

ХОНИНЫ НООС БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ, ЭКО ХЭРЭГЛЭЭ

Өнөөдрийн байдлаар үйлдвэр хүчин чадлынхаа 50 хүрэхгүй хувийг ашиглаж байгаа юм байна. Энэ нь дээр хэлсэнчлэн бүтээгдэхүүн нь зах зээлд бүрэн танигдаа­гүй­тэй холбоотой. Тиймээс үйлдвэр ашиглалтад орсноос хойш 50 тонн ноосыг л ашиг­лаад байгаа аж. Уг нь бүрэн хүчин чадлаараа ажиллах юм бол жилдээ 1000 тонн хоёрдугаар зэргийн ноосыг боловсруулж, ашиглах боломжтой юм байна.

Манай ноосон бүтээгдэ­хүүн үйлдвэрлэгчид хонины нэгдүгээр зэргийн буюу маш нарийн ширхэгтэй, цагаан өн­гөтэй ноосоор бүтээгдэхүүнээ хийдэг. Өөрөөр хэлбэл, хоёр­дугаар зэргийн ноос нь бараг шууд хаягддаг гэж хэлж болно. Ийм үед тус үйлдвэр ажиллаж эхэлж байгаа нь малчдын хувьд томоохон дэмжлэг болно гэдгийг ч үйлдвэрийн удирдлага хэлж байна лээ.

“Дулаан гэр”-ийнхэн одоо­хондоо ноос угаадаг үйлдвэртэй гэрээ байгуулж, түүхий эдээ авч байгаа юм байна. Гэхдээ яваандаа үйлдвэрийн үйл ажиллагаа жигдрээд ирмэгц малчдаас шууд авч, өөрсдөө угаах ажлыг төлөвлөн ажиллаж байгаа юм билээ. Ингэснээр үйлдвэрийн зүгээс дамжлага буюу ченжүүдэд нэмж өгдөг өртгийг малчдад өгөх давуу тал үүсэх ажээ.

Өнөөдөр манай барилгын дулаалгын зах зээл нь бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг гаднаас авч байгаа. Шилэн хөвөн, базальт, хөөсөнцөр гээд гаднаас авдаг зүйл олон. Импортоор орж ирж буй дулаалгын материал хүний биед хортой нөлөө үзүүлдэг гэнэ. Арьсанд харшил өгдөг зэрэг сул тал ч байдаг аж. Түүнчлэн дулаан хадгалах чадварын хувьд ч ноостой харьцуулшгүй байдаг гэнэ.

Энэ технологийн мате­риал нь Европын болон гадаа­дын олон оронд танигдсан бүтээгдэхүүн юм байна. Учир нь хонины ноос нь бай­га­лийн гаралтай, хүний эрүүл ахуйд ямар нь сөрөг нөлөөгүй. Тиймээс Канад, Австри, Европын холбооны улсуу­дад энэ төрлийн дулаал­гын мате­риалыг өргөн ашиг­ладаг байна. Учир нь дэлхий нийтээрээ байгалийн гарал­тай, эко хэрэглээг эрхэм­лэдэг болсон тул энэ бүтээгдэхүүн Европын зах зээлд хэдийнэ танигджээ. Нөгөө талаас Европт өндөр барил­га барихаасаа илүүтэйгээр ихэвчлэн хаус барьдаг тул хэрэглэгч олонтой аж. Түүнчлэн сүүлийн үед япончууд хонины ноосны чийг тэнцвэржүүлэх чанарыг онцгойлон ашиглах болсон гэсэн мэдээлэл ч байгаа юм.

Энэхүү барилгын дулаал­гыг Австри улсын технологиор хийж байгаа тухай дээр хэлсэн. Тэгвэл Австри улсын цаг агаа­рын байдлыг манайхтай харьцуулахад харьцангуй хүйтэн тул чанар нь хэр байхыг үйлдвэрийн даргаас лавласан юм. Нөгөө талаас бүтээгдэхүүн хэрэглэгчдэд очсоноос хойш анхны өвлөө угтах гэж байгаа билээ. А.Бат­сүх даргын хэлснээр олон улсын болон Монголын барилгын материалын дулаан дамжуулах итгэлцүүр гэх үзүү­лэл­тээр аливаа дулаалгын материалуудыг дүгнэдэг юм байна. Энэ үзүүлэлтийн дагуу бусад дулаалгын материал буюу шилэн хөвөн, базальт гэх мэттэй харьцуулахад дулаанаа хэр зэрэг хадгалж байгаа нь шууд тогтоогддог ажээ.

Т.ГЭРЭЛМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *