Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сумынхаа нэрийг дуудуулсан бөхчүүдийг байр, машинаар буллаа. Харин Монголоо дэлхийд цуурайтуулсан Сэр-Одод юу өгсөн бэ?

Инчёны Азийн наадмын марафон гүйлтийн төрөлд Монгол Улсын гавьяат тамир­чин Б.Сэр-Од дөрөвдүгээр байрын шагнал хүртсэн. Энэ бол түүний үзүүлээд буй амжил­туудын нэг . Ази тивийн олимп болох уг наадмын мара­фон гүйлтийг манай Сэр-Од эхний 30 километр замд нь ганцаараа тэргүүлсэн. Үнд­сэндээ 30 километр замын турш Мон­голынхоо нэрийг олон улсад дуу­дуулсан хэрэг.

Тэр бол ингэж чамархай­ныхаа судсыг гүрийтэл монгол хүний зориг тэвчээрийг үзүүлж, эх орныхоо нэрийг мандуулж яваа тамирчин юм. Хонконгт болсон Азийн 14 дэх удаагийн марафон гүйлтэд 42 километр замыг хоёр цаг 17 минут, 47 секундэд туулж аварга болж байсан. Монголын хөнгөн атлетикийн спортын түүхэнд анх удаа Ази тивийн аварга болсон тамирчин нь мэдээж Сэр-Од л доо.Мөн тэрээр хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлж оролц­сон анхны тамирчин бөгөөд 2004 оны Афины олимпод хэдийгээр медальт байрт шалгараагүй ч гэсэн эхний үед манлайлан гүйж “Чингэсийн Монгол” хэмээн дэлхий дахинд шуугиулсныг бид мэдэх юм.

Тэрээр Монгол Улсын рекордыг арав гаруй удаа шинэчлэн тогтоогоод байгаа. Одоогоор үзүүлсэн дээд амжилт 42 километр замыг хоёр цаг 11 минут, 05 секундэд туулсан нь бичигдээд байна. Японы Оитад болсон тэмцээний үеэр гавьяат маань уг амжилтыг үзүүлсэн билээ. Ийнхүү 42 километр замыг хоёр цаг, 11 минут, 05 секунд туулж буй Сэр-Од дэлхийд гайхагдаж байна. Азидаа хамгийн нэртэй тамирчдын нэгээр нэрлэгдэж, Япон тэргүүтэй олон орон түүнийг өөрийн харьяалалдаа авах гэж, иргэнээ болгох гэж зүтгэцгээж байна. Тэгтэл хүчээ шавхаж, тамираа тасартал эх орныхоо төлөө явж ирснийх нь хариуд бид яаж хандаж байгаа билээ. Ази тивийн аварга болоод ирэхэд нь яаж хүлээж авсан бол. Ганц баярын бичиг бариад угтсан газар ховор байх. Үндсэндээ хэн ч тоогоогүй шүү дээ. Сонин хэвлэлүүд л мэдээлээд өнгөрсөн байдаг.

Гэтэл манайхан Эрдэнэ­чулууны шарга азарга гэхээр бүгд л орилолдоод явчихна. Төрийн наадамд зургаан удаа манлайлсан азарганд “Амгалан төрийн ажнай шарга” хэмээх цол өгч, хөшөөг нь босгож юм, юм л боллоо. Шарга азарга зодог тайлсны баяр гэж бөөн дуулиан болсон. Их хурлын гишүүн Б.Наранхүү Дундговийн 70 жилийн ойн баярын үеэр ажнай шаргынхаа хөшөөг босгож уг наадамд түрүүлсэн зургаан насны морьдыг тус бүр “Ланд-200” машинаар байлжтэрбумаар нь мөнгө цацсан. Үндэсний их баяр наадмын журмын дагуу улсын наадмын азарганы уралдах талбай 22 километр. Уг километр замыг шарга азарга ойролцоогоор 33 минутанд туулж ирдэг гэх тооцоо бий.

Тэгвэл Сэр-Од шарга азар­ганы уралдсан зайг хоёр дахин сунгасан буюу 42 километр замыг 2 цаг 11 минут, 05 секунд туулсан гэж байгаа.Сэр-Од гавьяат болоод шар­га азарганы үзүүлсэн амжилт энэ л дээ. Гэхдээ Сэр-Од нь дэлхийн шилдэг тамирчидтай уралдаж ийм амжилт үзүүлсэн. Шарга нь мэдээж жалгынхаа наадамд гэдэг шиг Монголдоо. Дэлхийн нэртэй тамирчныг зүгээр нэг нүүрэндээ үстэй адгуустай жишээд байгаа нь доромжлол мэт санагдаж магадгүй. Гэвч манайхны морь, бөхөө шүтсэн өрөвдмөөр сэтгэлгээ ийм байна. Өнөөдөр Монголд, эх орныхоо нэрийг дэлхий дахинд цуурайтуулсантамирчин, олон улсын жишгээр бол супер од адгууснаас дор нэр хүндтэй байгаа нь эмгэнэл юм.

Бөхчүүддээ бид яадаг билээ. Ёстой нөгөө байдаг бүхнээ тавьж туугаад эцэст нь өөрсдийгөө доромжлуулаад дуусдаг гэж гомдоцгоодог. Төрийн наадамд аль нэг нутгийн бөх түрүүлж үзүүрлэх юм уу, улсын ямар нэгэн цолонд хүрэхэд тухайн айм­гийнх нь нутгийн зөвлөл тэр дороо цуглаад байр машинаар булж орхидог. Мөөеө, Баянаа, Цэрэнтогтох, Бат-Эрдэнэ, Сүхбат, Өсөхбаяр, Сумъяабазар гээд үе үеийн аваргууд бүгд л ард түмний хайр хүн­дэтгэлийн дор явж ирсэн.

Ард түмэн тэдэнд байгаа бүхнээ өгсөн. Тэд өргөл барь­цыг нь аваад ханасан болов уу. Бөхийнхөө нэр хүн­дээр Их хуралд сууж, төр түшил­цэж алдрын оргилд хүрч Мон­голдоо Султан хаан мэт аяглацгаадаг. Тэгэхдээ ард түмэндээ эргүүлж ямар хариу барьж байгааг бол мэдэхгүй. Бөхчүүд нутгийнхандаа тусалж байна, тэрхүү өндөр настанд хүндэтгэл үзүүлж гэнэ, тэр тэр хүүхдийн сургалтын төлбөрийг төлсөн гэнэ, тэгж тамирчдынхаа бэлтгэлд хандив өгсөн гэнэ гэх зүйлийг даанч сонсоогүй. Харин тэгж найраа хийв, тэр тэрнээс төдөн саяыг авсан гэнэ, тэгж хүн зодож танхайрав, муу махны хэрэгт холбогдов, тэгж хоорондоо зодолдов гэсэн зүйл дуулддаг бус уу. Сүүлийн хэдэн жил улсын наадамд түрүү хүртээд байгаа Увсын Мөнхбат, Бүрэнтөгс, Батсуурь, Сэлэнгийн Эрхэмбаяр нарын бөхчүүдэд нутаг орныхон нь юу юу өгснийг манайхан мэдэж байгаа.

Эрхэмбаяр аваргадаа зориулж Сэлэнгийнхэн маш том наадам зохион байгуул­сан. Түүнийх нь өртөг зардлыг тооцвол аманд багтахгүй мөнгөний тоо дуулдах нь дам­жиг­гүй. Өнөө жилийн түрүү бөх Батсуурьт хич­нээн ч машин, хичнээн ч байр өгөв дөө. Байсгээд л гурван өрөө, дөрвөн өрөө байр өглөө гээд дуулдаж байсан. Ингэхэд төрийн наадамд түрүүлээд оодроод байгаа тэднийг дэлхийн хүн төрөлхтөн мэдэх үү. Мөөеө, Баянаа, Цэрэнтогтохыг бол тухайн цагт нь Монголын тамирчин гэдгээр нь мэддэг байсан. Харин одоогийн энэ залуучуудыг мэдэхгүй шүү дээ. Уул даваад таних ганц хүнгүй хүмүүс л байхгүй юу. Бүрэнтөгсийг, Мөнхбатыг, Батсуурийг, Эрхэмбаярыг дэлхийн аль нэгэн оронд очиход “нэг монгол явж байна” гэхээс өөрөөр хэн мэдэх билээ. Монголчуудын бөх тэх, нүүрэндээ үстэй адгуусаа шүтсэн энэ сэтгэлгээ улс орны хөгжилд дандаа ухрал авчирдаг.

Бөх тэх гэх аливаа юмны учир мэдэхгүй нөхөд баялаг бүтээж үзээгүй. Улс оронд хэрэгтэй юм нэгийг ч хийж үзээгүй гэхэд даваадуулсан болохгүй байх. Зүгээр л ард түм­нийг зугаацуулан цэнгүү­лэх үүрэгтэй. Манайд нутгийн зөвлөл гэж наадмын түрүү бөхөө дагаж хошуурсан нэг бай­гууллага бий. Энэ байгууллага бол бөх, морь гэж хийрхсэн хэдэн нөхдийн л цуглуулга. Аймаг аймгийн нутгийн зөвлөлийнхөн гэхээр улс төр, бизнесийн бүлэглэлүүд байдаг юм билээ. Тэдэн дээр бөх, морь ярьж очвол дэмжигдэнэ. Өөр зүйл ярьж очвол нэмэргүй. Түүнийх нь нэг баталгаа бол дэлхийн тамирчин Сэр-Од. Тэрээр гавьяат тамирчин цол хүртсэнийхээ дараа манай сонинд өгсөн ярилцлагадаа “Өнөөдөр би өөрийн гэсэн гэр оронгүй л явж байна. Гадаадад тэмцээн уралдаанаар явах, бэлтгэл хийхэд мөнгө төгрөг их хэрэгтэй болдог. Би одоогоор хадам ээжийнхээ хажуу өрөөнд эхнэр, хүүхдүүдийнхээ хамт амьдарч байгаа шүү дээ. Уул нь Говь-Алтай хүн л дээ. Гэвч нутаг нугынхнаас намайг дэмждэг хүн байхгүй” гэж хэлсэн байдаг.

Энэ бол гарцаагүй үнэн. Түүнд бид үнэхээр дэмж­лэг үзүүлээгүй. Тэр өөрөө л чардайж зүтгэдэг байсан. Ямар сайндаа дасгалжуу­лагчдаа өгөх мөнгөгүй учир эхнэрээ хөнгөн атлетикийн дасгалжуулагч болгосон байдаг. Гадагшаа тэмцээн уралдаанд ганцаараа явна. Зардал мөнгө нь тэгж таардаг байсан биз. Ийм л зовлон бэрхшээлийг тэр туулж ирсэн. Аргагүйн эрхэнд Японы NTN компанид ажилд орж, тус компанийн нэрийн өмнөөс уралдах болсноо Японд бол­сон олон улсын марафон гүйл­тийн үеэр хэвлэлийнхэнд мэдэгдсэн байдаг. Сая Азийн наад­маас харж байхад манай тамирчинг “Японд амьдарч бэлт­гэлээ хийж байгаа Мон­голын тамирчин” гэж албан ёсоор зар­­лах болсон байна лээ.

Тэнэгүүдийн дунд тэвчээр барагдана гэгчээр хүнд чинь тэвчээр барагдана гэж нэг юм байна. Дээр нь хувь хүн хичнээн амжилт үзүүлээд, улсынхаа нэрийг гаргаад, бахархам сайхан гавьяа бай­гуу­лаад ирэхэд тоох хүнгүй бол хэн тэгж эх орныхоо өмнө гавьяа байгуулахыг бодох юм бэ. Сэр-Од бол хэдэн ч олимп дараалж уралдсан тамирчин. Түүнд одоо нэг л мөрөөдөл байгаа. Хэзээ нэг өдөр Монголын хөнгөн атлетикийн тамирчин олимпийн аварга болно гэж тэр бодож, түүнийхээ төлөө дөрвөн мөчөө тэлүүрдэн зүтгэж явна. Улсад түрүүлсэн, арслан заан цол хүртсэн бөхчүүдийг сумынхаа нэрийг орон даяар мандууллаа гэж байгаа бүхнээ өгдөг байлгүй. Тэгвэл эх орныхоо нэрийг дэлхий дахинд цуурайтуулж байгаа Сэр-Одыг бид яагаад баярлуулж чадахгүй байна вэ. Морь, бөх мандуулж байснаас Монголынхоо нэрийг дэлхийн дэвжээнд гаргаж яваа Сэр-Одод шагнал урамшуулал хайрлах сан.

Н.ГАНТУЛГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *