Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын санаачлагаар цахим гарц буюу автомат шалган нэвтрүүлэх төхөөрөмжтэй боллоо. Зорчигчдыг цахим гарцаар улсын хил нэвтрүүлэх нээлтийн ажиллагаа өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд болж, цахим гарцаар анхны зорчигчийг хил нэвтрүүлсэн юм. Нээлтийн арга хэмжээнд Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны “Койка” байгууллага, төслийн гүйцэтгэгч Sysone компани болон албаны бусад төлөөлөл оролцсон юм. Цахим гарцаар Монгол Улсад орох, гарах эрхийн хүчин төгөлдөр баримт бичиг бүхий Монгол Улсын болон гадаад улсын иргэнийг биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ, нүүрний зураг/-ийн тоон мэдээллийг ашиглан улсын хил нэвтрүүлнэ. Зорчигч нь өөрийн хурууны хээ, цээж зураг, гадаад паспорт, иргэний үнэмлэх эсвэл оршин суух үнэмлэхний мэдээллийг урьдчилан бүртгүүлж уг гарцаар үйлчлүүлэх эрхтэй болох аж. Ингэснээр нэг хүн дунджаар 14-18 секундын дотор хилээр нэвтрэх боломжтой боломжтой юм байна. Харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж уг арга хэмжээний нээлтийн үеэр “Энэ программ одоохондоо хязгаарлагдмал хүрээнд ажиллана. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс э-иммигрэйшн төсөл хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын иргэн урьдчилсан бүртгэл хийлгэлгүй шууд нэвтрэх нөхцөл бүрдэнэ. Хязгаарлагдмал хүрээнд ажиллах хугацаанд тухайн иргэн нэг минут орчмыг өөрийн нүүрний зураг, хурууны хээн мэдээллийг өгөөд 15 секундын дараа нэвтэрнэ. Хурууны хээний тоон хэлбэрт шилжсэн мэдээллийг өөр зориулалтаар ашиглах боломжгүй, мэдээллийн санд тухайн зорчигчийн хурууны хээний зурган мэдээлэл хадгалагддаггүй учраас аюулгүй байдал бүрэн хангагдана. Цахим гарцаар зорчиж байгаа иргэн өөрийнхөө сонголтоор аль ч хэлбэрээр хилээр нэвтэрч болно” гэж ярилаа.
2015 оны нэгдүгээр сарын 1-нээс э-иммигрэйшн программ ашиглалтад орох аж. Үүний дараа Монгол Улсын иргэн заавал бүртгүүлэхгүйгээр хурууны хээгээр хил нэвтрэх боломжтой юм байна. Харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар УБЕГ-ын мэдээллийн сангаас хурууны хээний мэдээллийг татах гэнэ.