Categories
мэдээ спорт

Сумогийн ДАШТ Монголд болно

Тайванийн Каошиун хотноо болсон Олон улсын Сүмо бөхийн холбооны ээлжит их хурал өнгөрөгч наймдугаар сарын 29-нд болсон ба энэ хурлын үеэр 2016 оны Сумо бөхийн ДАШТ-нийг манай улсад зохион байгуулахаар болсныг зарласан билээ. Тэгвэл өнөөдөр Монголын Сумо бөхийн холбооноос хэвлэлийн хурал зарлаж, энэ тухай мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Манай улсын Сумо бөхийн холбоо ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө Египет улсын холбоотой өрсөлдөж ялалт байгуулсан. Олон улсын Сүмо бөхийн холбооны ээлжит их хуралд оролцогчид манай улсын дэвшүүлсэн ДАШТ-ийг зохион байгуулах хугацаа, спортын ордны танилцуулга, тэмцээнийг ивээн тэтгэгч, зочдыг хүлээн авах олон улсын буудал зэргийг үндэслэн эрх олгосон аж. МСБХ энэхүү эрхийн төлөө анх удаагаа өрсөлдсөн бөгөөд дэвшүүлсэн санал 100 хувь дэмжигдэж эрхийг авсан байна. МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Төгөлдөр “ДАШТ-ыг долдугаар сарын 30, 31-ны өдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт хийхээр төлөвлөөд буй. Учир нь энэ үеэр дэлхийн хэмжээний тэмцээнийг зохиоход цаг агаарын нөхцөл байдал таатай байдаг. Хоёрдугаарт, мэргэжлийн сумод барилдаж буй аваргууд маань энэ үеэр эх орондоо ирэх боломжтой. Одоогоор 30 орчим орны 400 гаруй зочид төлөөлөгч ирэх тооцоо байна. Бид ДАШТ-ийг зохиох ажлын судалгаа явуулж байгаа. Олон ажил хийхээр төлөвлөөд байна.” гэж ярилаа. Энэ ажлын хүрээнд Сумо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх арваннэгдүгээр сарын 8,9-нд Улаанбаатар хотноо зохиохоор болсныг мөн дуулгав. Тэмцээнийг Олон улсын Сүмо бөхийн дүрмийн дагуу насны ангилал бүрт эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жингийн болон багийн барилдааныг явуулах юм байна. Медальт байрт орсон тамирчдыг тив, дэлхийн тэмцээнүүдэд оролцуулахаар төлөвлөжээ. Мөн ДАШТ-ийг зохион байгуулахтай холбогдуулан манай Сумо бөхийн холбооноос дэлхийн шилдэг найман баг оролцсон “Дэлхийн цом-Улаанбаатар” тэмцээнийг санаачилжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *