Өмнөд Солонгосын Жиндо арлын ойролцоо өнгөрөгч дөрөвдүгээр сарын 16-нд осолдож живсэн “Севол” хөлөг онгоцны ахмад И Жун-сукийг шүүх хурал өнөөдөр эхэлжээ. Ослын үед аврах ажиллагааны зааварчилгааг буруу өгсөн, хөлгөө түрүүлж орхисон гэх шалтгаанаар ахмад И Жун-сук болон багийн өөр гурван гишүүнийг хүн амины хэрэгт буруутгаж буй юм. Харин хөлөг онгоцны ослоос эсэн мэнд аврагдсан багийн бусад 11 гишүүнийг ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан хэрэгт буруутгажээ. Шүүх хурлын үеэр 68 настай ахмад И Жун-сук “Би ноцтой гэмт хэрэг үйлдсэн. Намайг өршөөгөөрэй. Өмгөөлөгч бас бурхан надад хичнээн их тусалсан ч шоронгоос зугтаж чадахгүй гэдгээ ойлгож байна. Гэхдээ би миний хүүхдүүд, ач, зээ нарыг маань алуурчны гэрийнхэн гэж дуудахыг тэвчиж чадахгүй. Би хэзээ ч хүнийг алах санаатай зүйл хийгээгүй” гэж мэдэгджээ.
“Севол” хөлөгтэй холбогдох хэрэгтнүүдийн шүүх хурал ирэх арваннэгдүгээр сард эцэслэн шийдвэрлэгдэх аж.
Хэргийг сануулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Өмнөд Солонгосын Чежү арлыг чиглэн хөвж явсан “Севол” гатлага онгоц даац хэтрүүлэн ачсан байснаас огцом эргэлт дээр тэнцвэрээ алдан хөмөрч, осолдсон юм. Хөлөг онгоцон дээр 475 зорчигч байснаас ердөө 170 гаруй хүнийг аварч чадсан юм. Харин онгоцтой хамт живсэн 304 зорчигчийн 159-ийнх нь цогцсыг далайгаас гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Үлдсэн 100 гаруй хүний цогцсыг олж чадаагүй тул ор сураггүй болсонд тооцсон юм. Хөлөг онгоцны ослоос эсэнд мэнд аврагдсан хөлгийн ахмад И Жун-сук болон багийн бусад 15 гишүүн зорчигчдыг бүхээгнээсээ гарахгүй байхыг анхааруулсан хэрнээ өөрсдөө хөлгөө орхижээ. “Севол” хөлөгт Ансан хотын Данвон ахлах сургуулийн 350 гаруй сурагч, багш нар зорчиж явсан билээ.
Үүний зэрэгцээ “Севол” хөлгийн ослын дараа далайн тээврийн компанийн эзэн Ю Бён- Ун болон гэр бүлийнхнийх нь олон гэмт үйлдэл илэрсэн юм. Юн Бён-Уныг баривчлахад цагдаагийн газраас Өмнөд Солонгосын түүхэнд байгаагүй өргөн хүрээтэй эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулжээ. Гэвч түүний цогцосыг өнгөрсөн зургадугаар сард олсон бөгөөд үхлийн шалтгааныг нь тогтоож чадаагүй байна.