УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-аас 2012 онд Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг баталж, хэрэгжүүлж байдаг. Энэ хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээлийн барьцаа хөрөнгийнэ 60 хүртэлх хувьд баталгаа гаргаж буй билээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн хоёр жилд зээлийн батлан даалтад хамрагдсан аж ахуйн нэгжийн тоо нийт аж ахуйн нэгжүүдийн ердөө 0.7 хувийг эзэлж байна. Тодруулбал, хоёр жилийн хугацаанд ердөө 169 аж ахуйн нэгж зээлийн батлан даалтад хамрагджээ. Түүнчлэн зээлийн батлан даалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь нийслэлд байгаа бөгөөд хөдөө орон нутагт батлан даалтын үйл ажиллагаа мөн л хангалтгүй байгааг төсөл санаачлагч дурьдлаа. Улмаар сангийн үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор тодорхой өөрчлөлтүүдийг оруулах, батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх асуудлыг хуулийн төсөлд тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Г.Уянга зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа яг газар дээрээ тун хангалтгүй байгааг дурьдлаа. Мөн батлан даалт хүсэгчдийн дийлэнх нь сарын 2-3 сая төгрөг, ихдээ 5 сая төгрөгийн эргэлттэй жижиг, аж ахуйн нэгжүүд байдаг. Тэдгээрт хандсан ямар өөрчлөлт шинэ хуульд орж ирж байгаа талаар тодруулсан юм. Хууль батлагдсанаар зээлийн батлан даалтын санд жилд төвлөрөх хөрөнгө ойролцоогоор таван тэрбум төгрөг байх бөгөөд хуулийн дагуу энэ хэмжээний хөрөнгөөр 100 хүртэлх тэрбум төгрөгийн зээлд баталгаа гаргах боломж бүрдэж байгааг ажлын хэсгийнхэн танилцууллаа. Мөн сангийн үйл ажиллагааг хөдөө орон нутаг руу илүү төвлөрүүлэх, хөдөө орон нутагт сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, сумдад төвлөрүүлэх хөрөнгийг нэмэгдүүлнэ. Ингэснээр жижиг бизнес эрхлэгчдэд зээлийн үйлчилгээ илүү ойр болох боломжтой гэдгийг төсөл санаачлагч Сангийн сайд Ч.Улаан танилцууллаа.
Мөн хуралдааны үеэр гишүүд зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа хангалтгүй байгаа нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд өгч буй мэдээлэл дутмаг байгаатай холбоотой гэж байлаа. Харин Санхүүгийн зохицуулах хорооноос үзэж буйгаар мэдээлэл, сурталчилгааг хангалттай өгч байгаа гэнэ. Гэсэн ч төсөлд хамрагдалт хангалтгүй байгаа нь банкны шалгууртай холбоотой гэв. Санхүүгийн зохицуулах хорооны газрын дарга н.Хэрлэн уг асуудлаар “Зээлийн батлан даалтын санд хамрагдахын тулд иргэн, аж ахуйн нэгж эхлээд банкинд ханддаг. Банк баталгаа гаргуулах боломжтой гэж үзвэл батлан даалтын санд ирдэг. Тэгэхээр банкны шалгуур өндөр байгаа, жижиг, аж ахуйн нэгжүүд банкны шалгуурыг давахгүй байх тал элбэг байна” гэсэн. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл үүнтэй холбоотойгоор аливаа эдийн засагтай холбоотой хууль, тогтоомж батлахдаа ингэж банкны гар хардаг байдлаа болих хэрэгтэй гэлээ.
Гишүүд энэ мэтээр хэлэлцүүлэг өрнүүлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонхи нь дэмжсэнээр хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо. Өнөөдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дээрхээс гадна 2-3 хуулийн төсөл хэлэлцэхээр байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогсдон юм.