Саяхан “Euronews”-ийн сэтгүүлч Серджио Кантоне Минск хотноо Беларусын Ерөнхийлөгч А.Лукашенкотой уулзсан байна. Нэг цаг 30 минут орчим үргэлжилсэн уг ярилцлагын гол сэдэв Украины хямрал байлаа. Тус улс дахь зэвсэгт мөргөлдөөн, хүчирхийлэл, цус урсгасан нөхцөл байдлыг зохицуулах арга замын талаар түүнээс асуухад тэрээр “Украин дахь зэвсэгт мөргөлдөөн, дайн цаашид үргэлжлэх ёсгүй. Учир нь энд аль нэг тал ялах боломжгүй. Зэвсэгт мөргөлдөөн үргэлжилбэл аль ч талын нэр хүнд буурах болно. Тиймээс дайн хийх нь ирээдүйгүй юм” гэсэн байна. Украины хямралд гурав дахь хүчний нөлөө байгаа эсэх талаар тэрбээр “Аливаа цэргийн ажиллагаа нь улс төр, эдийн засаг, санхүүгийн салбартай нягт холбоотой байдаг. Дайн нэг хэсэгт нь гай зовлон авчирч байхад нөгөө хэсэг нь баяжиж байдаг. Гэвч европчуудын хувьд ийм нөхцөл огт тохирохгүй. Сонирхогч тал хангалттай олон байна” гэв. А.Лукашенко цааш нь “Украинд хэрэг явдал өрнөж, төрийн эргэлт болсны дараа, Крымийн үйл явдлын өмнө би Украиныг дэлхийн томоохон тоглогчдын байлдааны талбар болж байгааг хэлж байсан” хэмээн онцолсон байна. Үүний зэрэгцээ сэтгүүлчийн Луганскийн Бүгд найрамдах улс, Донецкийн Бүгд найрамдах улс хэмээн тунхагласныг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар асуухад тэрбээр “Үгүй. Бид ондоо байр суурийг баримталдаг. Бид Украин улсыг нураахыг хүсэхгүй. “Крымийг Украинд шилжүүлсэн явдал нь буруу гэж олон хүн үздэг. Зарим нь энэ нутаг анхнаасаа Оросынх байсан гэж ярьдаг. Гэтэл энэ нь буруу хандлага юм. Тэгж яривал Бат хааны үеийг дурсъя. Казахстан, Монгол, эсвэл өөр хэн нэгэнд Оросын дийлэнх нутаг, баруун Европ, зүүн Европыг өгөх хэрэгтэй болно. Монголчууд манай нутагт хүрч байсан ч ард түмэнд нь халдаагүй юм. Тиймээс бид Беларусь улсаас бусдыг нь өгнө гэсэн үг л дээ. Өнгөрсөн үедээ эргэж очих шаардлагагүй. Бид улс орнуудын хил хязгаар, тэдгээрийн дархан байдлыг баталгаажуулсан олон улсын бичиг баримт олныг баталж байсан. Тиймээс хил хязгаарыг өөрчилж болохгүй. Энэ зарчимдаа үнэнч хэвээр байх болно” гэсэн байна.
Categories