Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хар” тусмаа хар их

Үндэстэн бүхэнд дуртай үйлдэл бий. Монголчууд найр наадамдаа дуртай нь үнэн. Өөр дуртай юм бас бий. Солонгосчууд кимчидээ, япон­чууд сушиндээ, америкчууд гурилд хавчуулсан махандаа дуртай шиг бид бэлэн “бэлэн хардалт”-д ухаангүй дуртай.

Яагаад бидний сонголтод нэр дэвшигчийн сайхан чанаруудаас илүүтэйгээр өрсөлдөгчийнх нь сул талууд чухал байдаг вэ? Сайхан мэдээнээс илүү саар мэдээг бид илүү санадгийн учир юу вэ? Уул уурхайг хөгжүүлж улсаа өөд татах, шударга ёсыг төлөвшүүлэх сайхан үйлсийн горонд улсын уурхайг идэж байна, энэ сайд авлига авч сууна, тэнд манай улсыг хятадад худалдаж байна гэвэл олон түмэнд ойлгомжтой тусдаг.

Зөвхөн бид ч юмуу, ерөөсөө нүүдэлчид тэгдэг ч юмуу, учрыг олох гэж толгойгоо зовоож байснаас бэлэн зэхээний дүгнэлт аваа л хэрэглэвэл амар санагддаг. Дүгнэлт гэдэг бол итгэхэд зориулагдсан зүйл болохоос биш шалгахад зориулагдсан юм биш. Гэхдээ ямар ч дүгнэлтийг асуултаар сорьж болдог.

Болсон үйл явдлын талаар мэдээлэл дутмаг үед хүн яадаг вэ гэхээр, “хэрвээ энэ хүний оронд би байсан бол яах вэ” гэсэн асуулт өөртөө тавьдаг юм гэсэн. Тэгээд гарсан хариултаар нь дутуу мэдээллээ нөхөөд дүгнэлт гаргадаг гэж байгаа. Үүнийг Эрнандо Сото их ёжтойгоор “ихэнх эдийн засагчийг “морь судлаад ир” гэхээр,бэлчээрт очиж адуу ажиглахын оронд өрөөндөө орж аваад “хэрвээ би морь байсан бол яах вэ” гэж бодоод суучихдаг” хэмээн егөөдсөн байдаг.

Тэхээр хэрвээ уул уурхайг шийдэх эрх мэдэл, улсын хөрөнгийг захиран зарцуулах боломж бидний хэн нэгэнд ирлээ гэхэд “идэж уухаас татгалзахгүй” учраас л дээрх дүгнэлтийг амархан гаргаж байгаа хэрэг. Хэрвээ бид ард нийтээрээ идэж шамшигдуулахгүй хүмүүжилтэйсэн бол “арай ч үгүй байлгүй, даанч тэгмээргүй юм даа” гэхчлэнгийн эргэлзээ юуны түрүүнд төрөх байсан шүү дээ. Хэрвээ хэн нэгэн бусдаас “хар”-тай байгаа бол тэр өөрөө цаг үргэлж бусдыг “араар нь тавихад бэлэн” явдаг гэсэн үг. Учир тэрээр “хэрвээ би тэнд байсан бол…” гэж бодож үзсэний эцэст л хардах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрч байгаа хэрэг.

Өнөөдөр нийгмээ болж бүтэхгүй өнгөөр нь цоллон байгаа бүхнийг, бүтээх босгох үйлсээс сүүдэр нуранги үхэн хатан хайгчдын үнэн царайг “хэрвээ энэ нөхөр өөрөө тэнд байсан бол яах вэ” гэж бодоод нэг хараарай. Хариулт нь таны сэтгэл зүрхэнд тэр дороо харван орж ирнэ дээ.

Ер нь бол хүсэл мөрөөдлөө бодит байдалтай харьцуулахад үргэлж л гологддог.Ямар ч тохиолдолд “өнөөдөр” тааруу санагддаг.Ирээдүй урдаас нь тосч яваа өсвөр үеийнхэнд “маргааш илүү сайхан” санагдана. Амьдралын ард гарч яваа ахмадуудад “өчигдөр л илүү байсан” шиг төсөөлөгдөнө.

Өнөөгийн их хурал, Засгийн газар ямар ч тааруу л санагдаж байгаа. Ер нь ноднин уржнан, арван жилийн өмнө ч таа­руу санагдаж бай­сан. Арван жилийн дараа ч гэсэн ямархан нэг юмаараа таарамжгүйлбайх болно. Ард түмэндээ “муухайдсан” засаг төр тогтож чаддаггүйн нэгэн адил улс орондоо гоёдсон засаг бас насладаггүй.

Бидний хэр зэрэг ардчилж чадаж байгаа, аль хэр сонголт хийж дөнгөж байгаагийн илэрхийлэл нь өнөөгийн манай УИХ, Засгийн газар.Юу бидэнд таалагдаагүй, бас юунаас салахтайгаа болсны үзүүлэн нь өмнөх сонголтууд. Бид засаг төрдөө муухайдаагүйн нэгэн адил, УИХ-д суугаа 76 этгээд Монголдоо гологдоно гэж үгүй. Нэг айлын хүүхдийн нэг нь лам болж буяны мөр хөөж, нөгөө нь морины наймаа хийж, золигийн нэг нь айлын мал гулсуулаад ачигдах нь байдаг шиг парламент хэмээх “ард түмний бичил цуглуулга”-д гэгээрэх хүсэлтэй, наймаанд дуртай, хажуу хавиргынхаа дэл сул юмыг тэсгээдэггүй зантайн аль аль ордог. Энэ нь нийт үндэстний зан чанарын тусгал гэж ойлгогддог. Энэ тусгалыг төр жолоодох бүлгээс эхлээд шоронгийн камерт хүртэл ажиглаж болдог.

Чухам ийм учраас “Нямдоржид хичнээн дургүй байлаа ч, түүнийг сонгуулиас өөр замаар парламентаас гаргана гэвэл эсэргүүцэх,Элбэгдоржийг төчнөөн хүндэлдэг ч төрийн эргэлтээр засгийн эрхэнд гарна гэвэл сөрөн зогсох” итгэл, үнэмшилтэй байдаг.

Чухам ийм учраас л өнөөгийн сонгуулийн тогтолцооны гажгийг хараад бөөлжис цутгадаг ч гэсэн “Зөвлөлт Холбоот улсаас хэдэн хүн ирээд МАХН-ын бүгд хурал хуралдуулж нам төрийн удирдагчийг сольж өгөөд буцдаг өчигдөртэй зүйрлэх юмгүй шударга болоод ариун” гэж сүсэлдэг.

Чухам ийм учраас бидэнд хамгийн зохимжтой удирдлага бол өдөр болгон чичүүлж суугаа, буух өдөр буцах хугацаатай энэ л хэсэг. Хэн нэгэн “сайн хүн” энэнээс өөр газарт байгаа бол энэнээс өөр газарт байх учиртай болоод л тэр. Энэ үнэнийг зууны тэртээд билиг авьяаст Ярослав Хашек бээр цагаан цайлган цэрэг Швейкийн үгээр бидэнд гэрээслэн үлдээсэн нь “юм яаж ч муудсан сайжрах тийшээ явдаг” ажгуу.

Бид яагаад өнөөдөр байгаа бүхэндээ сэтгэл дундуур хандаж, маргаашийн илүү сайныг нэхнэ вэ? Өнөөдөр гэдэг бол өчигдрийн “гэрэлт маргааш” лшүү дээ. Харин “гэрэлт маргааш” гэдэг маргаашийн “сэтгэл дундуур өнөөдөр” төдийгүй нөгөөдрийн арай гэж салсан “өчигдөр” л байх болно гэдгийг бодож байсан уу? бид.

2010 оны 3 сарын 4

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *