Монголын ахмад багш нарын холбооноос санаачлан Засгийн газрын гуравдугаар байранд боловсролын яамны 90 жилийн түүхийг өгүүлэх “Түүхийн танхим”-ыг нээлээ. Энэ өдрүүдэд Монгол Улсад боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсч, хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа.
Тиймээс нийт төрийн албан хаагчид, олон нийтэд боловсрол, шинжлэх ухааны салбар, яамны түүхийн мэдлэг олгох зорилгоор уг танхимыг нээсэн байна. Түүхийн танхимд анхны Гэгээрлийн яам байгуулах Засгийн газрын тогтоолоос эхлээд анхны гэгдэх олон чухал баримт бичиг, анхны сургуулийн барилга, үе үеийн багш, сурагчдын эдлэж хэрэглэж байсан зүйлс гэх мэт олон үзмэрүүд багтаж байгаа аж. Дээрх үзмэрүүдийг үзэж, сонирхох хүсэлтэй хүмүүст Засгийн газрын гуравдугаар байрны 401 тоот танхим үргэлж нээлттэй байх юм.