АПУ компанийн гэрээт борлуулагч, “Ариун алтан тэвш” компанийн ажилтан Б.Алтанхуягийг эрэн хайх ажиллагаа энэ сарын 15-нд эхэлсэн. Өчигдөр 16.00 цагийн үед Б.Алтанхуягийн цогцсыг Налайх дүүргийн гуравдугаар хороонд байрлах уурхайгаас олжээ. Дүүргийн цагдаа нар ашиглагдахаа байсан далд уурхайгаас 10 гаруй хоногийн өмнө амиа алдсан эрэгтэй хүний цогцос олж, Б.Алтанхуягийн ар гэрийнхнээр цогцсыг таниулж мөн болохыг тогтоосон байна. Талийгаач Б.Алтанхуягийн ар гэрийнхэн “Цагдаагийн байгууллага амиа алдаад 10 гаруй хоносон эрэгтэй хүний цогцос олсон тухайгаа бидэнд мэдэгдсэн. Тэгээд таниулах ажиллагаа явуулсан. Тэр цогцос манай хүний цогцос мөн байсан. Эдэлж хэрэглэж, өмсөж, зүүж явсан бүх зүйл нь таарч байна. Гэхдээ задлан шинжилгээгээр бүр нарийн сайн тогтоогдох байх” гэлээ. Б.Алтанхуяг есдүгээр сарын 15-ны өдөр 11:00 цагийн үед биедээ дөрөв орчим сая төгрөгтэй, “УНК 2983” дугаарын ачааны саарал микро автобусдаа 7-8 сая төгрөгийн бараа ачин, Хонхороос Гачуурт чиглэлийн дэлгүүрүүдэд бараа тарааж яваад сураггүй алга болсон юм.