Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зам тавих гэж айлын хаус нурааж байхаар завсар зай олоод бургасан дундуур сүлжсэн нь дээр

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хурдны зам тавихаар болсон.  Манайдаа анхдагч уг томоохон бүтээн байгуулалтын ажил одоогоор зураг төслийн шатандаа явна. Хотын зүүн, баруун захыг холбосон 33 км үргэлжлэх энэ зам Туул голын эрэг дагуу тавигдах юм. Туул голын хурдны замыг тавих гэтэл яах аргагүй Монголын Ганнам болсон “River Garden” дундуур дайрахаар болоод байж.

Тиймээс хурдны замын зураг төслийг нь шинэчилж, тансаг хорооллоос жаахан урагш даялуулахаар яригдаж байна. Өөрөөр хэлбэл, Туул голын бургасан дундуур тавихаар шийджээ. Аль болох бургас хядахааргүй байхаар зураг төсөлд тусгасан гэнэ. Бургасан дээгүүр гүүр тавьж, эсвэл мод сүлжих маягаар замаа тавихаар болжээ.

Монголчуудын дунд баян хүмүүсийг үзэж чаддаггүй социализмын үеийн зан суртахуун байсаар ирсэн. Бүхэл бүтэн 90 жилийн турш “Баячууд бол хүний адаг” гэж сурталчилсны гороор хөрөнгөтнүүдийг үзэн ядах нь түгээмэл. Яг энэ зангаараа Туул голын хурдны зам тавихтай холбогдуулан эсэргүүцэгчид гарч ирлээ. Тэд “Баячуудын байшинг нураая” гэж бичиж ганц бахаа хангаж байна. Бургасанд хайртай хүн үй түмээрээ бий боллоо. Зөвхөн баячуудын байшинг нурааж бах таваа хангахын тулд Туул голын бургасыг хамгаалах хөдөлгөөн хүртэл байгуулагджээ. Үүнд УИХ-ын гишүүнээс авахуулаад жирийн твиттерчид хүртэл бүгд нэгдсэн байх юм. 

Энд тодруулах нэг юм байна. Баячууд бол хүний адаг биш. Монголын ард түмнийг тэжээж яваа хүмүүс. Зөвхөн ганцаараа баян гэж байдаггүй юм. Ямар нэгэн үйл ажиллагаа явуулж үүнийхээ ард олон хүний амьдрал ахуйг нь залгуулдаг, тэд. 

Яг та нар шиг Монгол Улсын л иргэн. Та нартай адилхан гэр орон, байр сууцтай байх эрхтэй. Иймээс Монгол Улсын иргэдийн байшинг нурааж зам тавихынхаа оронд хэдэн бургас сүлжээд, эсвэл дээгүүр нь ч юм уу зам тавьсан нь хамаагүй илүү ухаалаг хэрэг болно. Ер нь ч тэгээд бургасанд хайр зарлагчдын муу хэлээд байгаа хаустай баячууд гэгчийг дийлж зам тавьж болох юм уу. Яаж ч байсан дийлдэхгүй улс байгаа шүү дээ. Мөнгө бүхнийг захирдаг, энэ нийгэмд. Захирдаг хэрэгсэл буюу мөнгийг эзэмшдэг баячуудыг та нар худлаа шүлсээ үсчүүлээд дийлэхгүй байх өө. Тиймээс зам тавих гэж айлын хаус нурааж байхаар завсар зайгаар нь бургасан дундуур замаа тавьсан нь дээр дээ. 

М.МӨНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *