Олон
улсын Ахмадын баярын өдрийг угтан Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасантай ярилцлаа.
–Олон
улсын ахмадын баярын өдрийг угтаад танай байгууллага ямар үйл ажиллагаа явуулах гэж байна?
-НҮБ-аас баталсны дагуу
1990 оноос олон улсын ахмадын
баярыг тэмдэглэж ирсэн. Харин манайх
1992 оноос тэмдэглэсэн уламжлалтай. Бид энэ өдрийг
баярын өдөр мэт ойлгодог.
Энэ өдрийн мөн чанар
бол ахмадуудад тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх,
тэдний үгийг сонсох, эрхийг
хамгаалах өдөр гэж ойлгох
ёстой. Тийм ч учраас
НҮБ-аас жил бүр
уриа гаргадаг. Энэ жил НҮБ-аас “Нэг ч
хүнийг бүү орхигдуул. Хүн
бүрт зориулсан нийгмийг байгуулцгаая” гэсэн уриа гаргасан.
Энэ жил бид уриатайгаа
нийцүүлэн ямар ажил хөндөж
хийвэл зохистой талаар ярилцаад ахмад
настны хууль эрх зүйн
орчинг сайжруулах, хоёрдугаарт тэдний тэтгэврийн зээл,
зээлийн хүүгийн асуудлаар хэлэлцэх
нь зүйтэй юм гэж
үзэн энэ чиглэлийн үйл
ажиллагаа явуулж байна.
Олон улсын гэрээ, конвенцид
ахмад хүний заавал эдлэх
ёстой таван эрх байдаг.
Үүнийг хуулиндаа тусгаж өгөх цаг
нь болсон гэж үзэж
байна. Манайд хэрэгжиж буй
“Ахмад настны нийгмийн хамгааллын
тухай хууль”-ийг аваад
үзэхээр Үндсэн хуулийн заалтыг
ноцтой зөрчсөн, олон улсын гэрээ
тунхаглалуудыг зөрчсөн байдаг. Бид тус хуулийг
энэ сарын 17-нд орон даяар,
25-нд Засгийн газар Хүн
амын хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, банкууд,
Нийслэлийн халамж үйлчилээний ерөнхий
газар зэрэг олон байгууллагатай хэлэлцүүлээд, цаашид өөрчлөлт оруулах
талаар ярилцлаа.
Мөн тэтгэврийн зээлийн хүүг тэглэх
талаар хэлэлцлээ. Ер нь манай
тэтгэвэр авагсдын 68.5 хувь нь банкинд
өртэй байна. Сүүлийн арван
жилд тэтгэврийн дэвтрийнхээ барааг нь ч
хараагүй, мөн зээл аваад
бурхан болчихсон ахмадуудын зээлийг ар гэрийнхэн
нь төлж байгаа тохиолдол
олон гарч байна. Гэтэл хүн чинь
дэлхий дээр ирээд буцахдаа
бүх юмаа тэглээд буцдаг
жамтай биз дээ. Тийм
ч учраас бид
тэтгэврийн зээлийн өрийг нэг
удаа цэглэ. Цаашид тэтгэврийн
зээл хүүгүй байх ёстой
гэсэн бодлогыг гаргаж байна л даа.
-“Ахмад
настны нийгмийн хамгааллын тухай хууль”-ийн заалтад ямар өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа юм бэ?
– Тус хууль нь нэрнээсээ
авахуулаад л алдаатай байгаа
юм. “Ахмад
настны нийгмийн хамгааллын тухай хууль” гэхээр
ахмадуудын нийгмийн хамгааллын хүрээнд л үйлчилнэ
үү гэхээс, эрх үүргийнх
нь хүрээнд тусгасан юм
байхгүй. Түүнчлэн уг хуулийг судлахаар
нийт өндөр настнуудад хүрдэггүй,
ялгаварлан гадуурхсан хууль. Бас нэг
асуудал нь энэ хуулийг
нийтэд огт таниулаагүй, ахмадууд
нь мэддэггүй юм байна лээ.
Тэгэхээр бид нэгдүгээрт ахмадуудад
хуулийг нь таниулан сурталчилъя,
хоёрдугаарт тус хуулийг “Ахмадын
тухай хууль” болгон өөрчилье
гэж байгаа. Ингэхдээ олон
улсаас хүлээн зөвшөөрөгдсөн зайлшгүй
байх таван эрхийг нэмж
өгье. Юун түрүүнд ахмад
хүн бие даан амьдрах
эрхтэй байх ёстой. Энэ
нь зохистой хоол хүнс, орон
сууц, дулаан хувцсаар хангагдаж
байх. Хоёрт
хөдөлмөрлөх, сурч боловсрох боломжтой
байх, өөрт хамааралтай асуудлаар
төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд
оролцох, мэдлэг туршлагаа бусадтай
хуваалцах, тэр битгий хэл
ганцаардахгүй байх зэрэг нийгмийн
амьдралд бүрэн дүүрэн оролцох
эрхтэй байх ёстой. Манай
ахмадууд маш их ганцаарддаг,
адлагддаг. Дараагийн эрх гэр бүл,
үр хүүхдүүдээрээ халамжлуулах, эрүүл мэндийн үйлчилгээ
хүртэх, тэтгэвэр авах зэргээр нийгмийн халамж, хамгаалалд хамрагдах
эрх юм. Манайхан энэ
эрхээ бас бүрэн эдэлж
чаддаггүй, халамжийн үйлчилгээ тун дутмаг байдаг.
Мөн алдагдсан боломж чадвараа нөхөн
сэргээх эрхтэй. Жишээлбэл, 1995 оноос
өмнө тэтгэвэрт гарсан төрийн алба
хашиж байсан улсууд төрийн
тэтгэлэг аваагүй. Энэ улсууд эрхээ
нөхөн сэргээх ёстой ч
хэн ч энэ талаар
хөндөж ярихгүй байна. Нэр
төр, эрхэм зэргээ хүндэтгүүлэх,
аюулгүй амьдрах, мөлжлөг сэтгэл санааны
дарамтаас ангид байх, ялгаварлан
гадуурхагдахгүй байх зэрэг Олон
улсын гэрээ, конвецүүдээр баталгаажсан
эрхүүдийг албан ёсоор хуульчлахыг
санаачилж байгаа юм.
–Ахмадуудад
зориулсан хуулийг ялгаварлан гадуурхсан хууль гэлээ. Юугаараа ялгаварлан гадуурхсан хууль болоод байна?
-Тэтгэврийн
хүмүүсийг манай монголчууд чинь
ахмад хүн гэж ойлгодог.
Гэтэл тэтгэвэрт гарчихсан 55, 60 хүрээгүй хүмүүс чинь ерөөсөө
энэ хуулинд хамаардаггүй. Тухайлбал,
цэргийн, урлагийн, хүнд хортой
нөхцөлийн, олон хүүхдээ гаргасан
гээд нөхцөл, болзлоор тэтгэвэрт
гардаг хүмүүс чинь ихэнх
нь 55 нас хүрээгүй хүмүүс
ш дээ. Гэтэл
эдгээр хүмүүс автобусанд үнэгүй
явах эрх байхгүй, эх
орны сая төгрөг авахгүй
зэргээр олон юмнаас гадуурхагдаад
ахмад ч биш, залуу
ч биш, орхигдчихсон.
Хоёрдугаарт хайр халамжаа үзүүлнэ,
төрийн нэмэлт үйлчилгээ үзүүлнэ
гэхээр дандаа төрийн өндөр
албан тушаал хашиж байсан
хүнд болон алдар цолтой
хүнд өгнө. Тэгвэл алдар
цолгүй хүмүүс нь яах
юм. Мянган километрийн цаана
амьдарч байгаад өвдсөн хүнд
нэг талынх нь зардлыг
өгдөг атал яагаад 20 мянган
километрийн цаана амьдарч байгаа
хүнд өгдөггүй юм. Өвдөөгүй нь
бас яагаад зардал авахгүй
байгаа юм гэх мэтээр
дандаа ялгаварлан гадуурхах үзэл явагдаж байна.
Тэр битгий хэл энэ
хуулин дотор “Хувьсгалт тэмцлийн
ахмад зүтгэлтэнд төрөөс хайр халамж
хүртээнэ” гэж байгаа. Хувьсгалт
тэмцлийн ахмад зүтгэлтэн хүн
гэдэг бол хуучин
МАХН-ын үзэл суртлыг
ард түмний уураг тархинд
хийдэг байсан хүнийг хэлж
байгаа юм. Гэтэл өнөөдөр
Монголд чинь 18 бүртгэлтэй нам
байгаа. Бусад намыг баримтлагч
хүмүүс нь яах юм.
Нэг намын ноёрхол, нэг
намын дарангуйлал чинь бүр хэвээр
барахгүй хуульчлагдчихаад байна ш дээ.
Энэ мэтчилэн уг хуулийг зүйл
заалт бүрээр нь аваад
үзвэл маш ноцтой юм
зөндөө бий.
–Ахмадын
хуулинд өөрчлөлт оруулах саналыг дээрээс дэмжиж байна уу. Энэ талаар хэлэлцээд ямар байр суурьтай байх юм?
-Хүн амын хөгжил, нийгмийн
хамгааллын яаман дээр ахмадын
хуулийг өөрчлөх ажлын хэсэг
гарчихсан. Энэ хуулийг бид
нар Монгол улсын 21 аймаг
330 сум, есөн дүүргийн ахмадуудад
тарааж танилцуулаад, санал хурааж, нэгтгэх
юм. Ажил эхлээд явж
байгаа. Анх удаа ахмад
настны хуулийг өөрсдөөр нь
хэлэлцүүлж байгаа тул өөрчлөх
боломжтой гэж үзэж байна.
Мөн Хүн амын хөгжил,
нийгмийн хамгааллын С.Эрдэнэ сайдаар
уламжлаад Ахмадын тухай хуулийг
цааш илүү дэмжье, оролцъё
гэсэн УИХ-ын гишүүдийг нээлттэй
урьж, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлэх
боломжтой гэж бодож байна.
Энэ бол ганцхан өнөөдрийн ахмадууд бус
ирээдүйн ахмадуудад ч хамааралтай асуудал
шүү дээ. Би “Ахмадын тухай хууль”-ийг нэг өдрийн
өмнө ч гэсэн батлуулж, нэг ахмад ч
гэсэн хорвоог орхихоосоо өмнө
шинэ хуулийн сайн сайхныг
мэдрээсэй гэж хүсч байна.
–Манай
улсад насжилт нэмэгдэж, ахмадуудын тоо нэмэгдэж байгаа гэсэн. Үүнтэй холбогдуулаад төр засаг ямар бодлого баримталж байгаа бол?
-Ер нь дэлхий дахинаа
насжилтын асуудал их хөндөгдөж
байгаа. Настай хүний тоо
ихэснэ гэдэг нь буцаад
нийгмийн халамж, үйлчилгээ тэд
нарыг асрах асуудал хурцаар
хөндөгдөж, эдийн засагт ачаалал
өгдөг. Ингэхээр ахмадуудыг дахин сургах, дахин
хөдөлмөрлүүлэх, нийгмийн амьдралаар нь
амьдруулах, зөвхөн халамжлах
биш өөрөө өөрийгөө халамжлах
боломжийг бүрдүүлэх бодлого баримталж байна.
Ахмадуудад чиглэсэн асуудлыг ганцхан төр гэлтгүй
хувийн хэвшлийнхэн болон өөрсдөө бие
дааж шийдэх, сайн дурын
бүлгэмүүд оролцох зэрэг олон
хэлбэрээр нь авч үзэж
гадны орноос туршлагажих хэрэгтэй
байгаа юм л даа.
–Манайх
одоогийн байдлаар ахмадуудыг дахин сургах, мэдлэг туршлагыг нь хуваалцах, ажлын байраар хангахад ямар үйл ажиллагаа явуулж байна?
-Шударгаар
хэлэхэд ахмадуудыг хаячихаад байгаа ш дээ.
Юун мэдлэг боловсрол, туршлага,
ажлын байр. Тэтгэвэрт гарсан
бол аж ахуйн нэгжүүд
чинь үүдээ хаагаад л
ахмадуудаа хүлээж авахгүй. Цагаан
сар болон аравдугаар сарын
1-нд ахмад болоод бусад
үед ахмад ч биш,
залуу ч биш хаягдаж
байгаа. Одоо үүнийг өөрчилж
ахмад настны зөвлөх үйлчилгээг
хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ
жил манай хөдөлмөрийн биржээс
энэ чиглэлийн ажлыг амжилттай зохион
байгуулж хөдөө орон нутаг, төв
суурин газраас ахмадууд идэвхтэй
ирж оролцсон. Ер нь манай
ахмадууд чинь ажил амьдралын,
мэдлэг боловсролын ч бай маш
олон талаараа арвин уурхай гэсэн
үг.
–Ахмадууд
хийх юмаа хийчихсэн тул Төр засгаас авах ёстой юмаа нүүр бардам авах эрхтэй улс. Гэтэл өнөөгийн нийгэмд зарим ахмадууд орох орон ч үгүй байна. Энэ талаар?
-Заримаар барахгүй маш их. Ямар
ч байсан орон
сууцыг нь хуульчилъя гэж
бодож байна. Залуу гэр
бүлийг орон сууцжуулах хөтөлбөртэй
адил хөтөлбөр хэрэгжүүлээд, тэднийг явдал чирэгдэл
болгож зовоолгүй орон сууцанд оруулмаар
байна. Нисэхэд ипотекийн зээлтэй
сугалааны байранд ахмадуудыг хамрууллаа.
Гэтэл нөгөө ахмадууд нь
“Тэтгэврийн хүмүүст зээл өгөхгүй
гэнэ” гээд банкнаас яах
вэ гээд хүрээд ирж
байна ш дээ. Тэгэхээр
бид нар ингэж ахмадууддаа
хандаж юм хэрэгжүүлээд байгаа
ч юм шиг,
хэлбэр дүрсийн чанартай юм
яваад байгаа ч юм
шиг асуудалд хандмааргүй байна. Үнэхээр асуудлыг
шийдэх хүсэлтэй бол бүрэн төгс
шийдэх хэрэгтэй.
–Олон
улсын жишигт ахмадыг байр орон сууцаар хангах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, халамжилж дэмжих бодлого нь ямар байдаг юм бол?
-Ний нуугүй хэлэхэд үнэхээр
гайхалтай ш дээ. Ер
нь Европын орнууд, Швейцарь,
Герман, Япон зэрэг орнууд
ахмадуудаа мундаг харж үзэж,
хөгжүүлж
байна. Ахмадуудад зориулсан төвтэй, бүр сургуультай
байна. Тэдний мэдлэг туршлагыг,
тархийг нь ашиглаж үнэлж
байна. Дахин хэлэхэд манай
төр засаг бодлогоо өөрчлөх
хэрэгтэй. Би намуудад их гомддог.
Өндөр настай хүнийг хөгширчихсөн
гэдгээр нь далимдуулж сонгуульд
санал авдаг, том фронт
болгон ашигладаг. Хуурч, залилж, доромжилдог.
Энийгээ болих хэрэгтэй. Настай
хүнийг хуурч, даажигнана гэдэг
чинь их том нүгэл
байхгүй юу. Ер нь
өөрсдийн эцэг, эх эмээ
өвөөгөө бодсон ч тэр
настай хүнд чин сэтгэл
зүрхнээсээ ханддаг байх хэрэгтэй
л дээ.
–Өнөө
үед ахмадууд руу чиглэсэн хамгийн сайшаалтай гол бодлого нь юу байна?
-Ямар ч байсан Монголын
ахмадын чөлөөт холбоо 2013 оны
хоёрдугаар сарын 14-ний өдрөөс Монголын
ахмадуудын асуудлыг Засгийн газрын хэмжээнд
гаргаж тавьж чадсан. Засгийн
газар ахмадуудынхаа асуудлыг хажуудаа авсан. Энэ бол
бидний хувьд сүүлийн 24 жилд хийсэн хамгийн
том ололт гэж харж
байгаа. Өмнөх жилүүдэд ахмадуудынхаа
90 хувийг хаячихсан байсан даа. Одоо
харин нэг ч ахмадыг
эзгүй хаяхгүйн төлөө цэг болгон
дээр хүрч ажлаад хоёр
дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.
Монголын ахмадуудад өнөөдөр тулгамдаж байгаа
маш олон асуудал байгааг
дахин хэлэх хэрэгтэй. Наад
захын жишээ дурдахад л
гар утсаа асаахаар унтрааж
мэддэггүй, унтраахаар асааж мэддэггүй, мэссеж
уншиж чаддаггүй гээд техник технологи,
нийгэм цаг үеэсээ маш
их хоцорч
байна. Тэгэхээр боловсрол шинжлэх ухааны яамтайгаа
хамтраад настайчууддаа зориулсан гар утас, компьютерийн
сургалт явуулах гээд программ
оруулаад батлуулж байна. Амьхандаа Ахмадын
хөгжлийн төв нээх эх
үүсвэрийг нь
тавьж байгаа юм. Цаашдаа
өдрөөр, долоо хоногоор, цагаар
асруулдаг асрахуйн төвүүдийг байгуулах гэж байна.
Энэ жил манай Монголын
ахмадын чөлөөт холбооноос Уран
зургийн галерейтэй хамтраад уран бүтээлч ахмадуудынхаа
үзэсгэлэнг энэ сарын 30-нд
буюу маргааш гаргах гэж
байна. Уг үзэсгэлэнд хатгамал,
зээгт наамал, зураг гээд
бүх төрлийн бүтээлийг дэлгэнэ.
Өнөөдөр 21 аймгаас авчирсан шилдэг
уран бүтээлчдээр нэг нэг номер
бэлдүүлж, Чингэсийн талбай дээр тоглуулах
гэж байна. Сая 25-нд
ахмад настныхаа хууль, тэтгэврийн зээлийн
хүүгийн асуудлаар том хэлэлцүүлэг хийлээ.
Гэх мэтчилэн настан буурлуудаа аль
болох нийгэм рүү оруулах
ажлыг өргөн хүрээнд явуулж
байна даа.
–Ахмадуудад
зориулсан сургалтууд болоод асрахуйн төвийг хэзээнээс нээхээр төлөвлөөд байгаа юм?
-2013 оны арваннэгдүгээр сард Нийгмийн халамж
үйлчилгээний ерөнхий
газартайгаа хамтраад Монгол
Улсад ахмадын хөгжлийн төвийг
бий болгоё гэсэн санал
Засгийн газарт тавьсан. Одоогоор
хэлэлцэгдэж байгаа. Асрахуйн төвийн
хувьд нэг төв ч
гэсэн хурдан барихыг хүсч
байна. Яагаад гэхээр тэнд
орох хүсэлтэй хүн маш их
байна.
Э.НОМИН-ЭРДЭНЭ