-ХЕЛИКО БАКТЕРЫН ВИРУС ХҮҮХДҮҮДИЙГ ӨВЧЛҮҮЛСЭН БАЙХ МАГАДЛАЛТАЙ ГЭНЭ-
Дархан-Уул аймгийн Дархан сумын долдугаар
цэцэрлэгт шалтгаан нь
тодорхойгүй гэдэсний халдварт өвчин гарч 181 хүүхэд
өнгөрсөн пүрэв гаригт эмнэлэгт
ханджээ. Эмнэлэгт хандсан
хүүхдүүдийн 34 нь аймгийн Нэгдсэн
эмнэлгийн Халдвартын тасагт
хэвтэн эмчлүүлж эхэлсэн
байна. Пүрэв
гаригийн өглөөний 06.30 цагт эхний хүүхэд
эмнэлэгт хандсан аж. Уг
гэдэсний халдвар нь 38-40 хэм
хүртэл өндөр халуурах, бөөлжих,
цусан судалтай суулгах шинж тэмдэг
илэрчээ. Энэ мэтээр цэцэрлэгийн
бага, дунд ахлах бүх
бүлгийн хүүхдүүд өвчилсөн аж.
Иймд Аймгийн Онцгой байдлын
комисс өнгөрсөн баасан гаригт хуралдаж,
халдварыг таслан зогсоох талаар
зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ
авсан байна. Хурлаар шаардлагатай
эм, хэрэгсэл, ариутгалын бодис, хүний нөөцийн
нэмэгдэлд шаардагдах төсвийг
гаргаж, аймгийн Онцгой байдлын нөөц төсвөөс
санхүүжүүлэхээр болжээ. Мөн тус аймгийн
Мэргэжлийн хяналтын газрын шийдвэрээр
долдугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ
сарын 26-наас эхлэн тав
хоног хаах шийдвэр гаргасан
байна. Халдварын голомтод аймгийн Эрүүл мэндийн
газрын Халдварт өвчин тандалт судалгааны
албаны тархвар судлаачдын болон
Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн албаны
баг, мэргэжлийн хяналтын улсын байцаагчид, лабораторийн
эмч мэргэжилтнүүд хүүхдүүд олноороо өвчилсөн шалтгааныг хамтарч
тогтоохоор ажиллаж эхэлжээ.Түүнчлэн
аймгийн Эрүүл мэндийн даргын 178, 179 дүгээр тушаал гарч,
эрүүл мэндийн байгууллагуудад “Өндөржүүлсэн
бэлэн байдал” зарласан бөгөөд
цагийн байдлын үед авах
зарим арга хэмжээний тухай
үүргийг Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн штабын
бүрэлдэхүүнд өгчээ. Мэргэжлийн хяналтын
улсын байцаагч нар энэ сарын
23-25-ны өдрүүдийн цэцэрлэгийн өглөө, өдрийн хоол
болон 24 нэр төрлийн бүтээгдэхүүний
дээж болон багш, ажилчид,
хоолны газар зэргээс 90 арчдасын
шинжилгээ авч лабораторид хүргүүлээд
байгаа аж. Дархан-Уул Аймгийн онцгой байдлын
комисс хүүхдүүд олноороо хордсон асуудлыг хэлэлцэж,
зарим нэгэн шинжилгээний хариуны
талаар ярилцсан байна. Энэ
талаар Дархан-Уул аймгийн Эрүүл
мэндийн газрын мэргэжилтэн Л.Өлзийжаргалтай ярилцлаа.
ХҮҮХДҮҮДИЙН БИЕИЙН БАЙДАЛ САЙЖИРЧ
БАЙГАА
–Эмнэлэгт
хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн биеийн байдал ямар байна?
-Нийтдээ долдугаар цэцэрлэгийн 181 хүүхэд эмнэлэгт хандсан.
Тэднээс 36 хүүхдийг эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаардлагатай гэж
үзсэн учир хэвтүүлсэн. Өнөөдрийн
байдлаар 24 хүүхэд нь эмнэлгээс
гарсан. Үлдсэн хүүхдүүдийн биеийн
байдал сайжирч байгаа. Эмчилгээ
ч сайн хийж
байна. Удахгүй эмнэлгээс
гарах байх.
–Юунаас
болж хүүхдүүд олноороо өвдөх болов. Үүнийг хоол хүнстэй холбож үзэх хүн байна?
-Аймгийн Онцгой байдлын
комисс энэ асуудлыг анхааралдаа
авч ажиллаж байгаа. Холбогдох
шинжилгээг хийсэн. Удахгүй дүгнэлт
нь гарах байх. Эрүүл
мэнд, мэргэжлийн хяналт талаасаа олон төрлийн шинжилгээ
хийж байна. Тэр бүхнийг
нэгтгэж бас нэг онош
гаргана гэдэг өөрөө хугацаа
шаардсан асуудал. Тийм болохоор онош гарсан гэж
шууд хэлэх учир дутагдалтай
байна.
–Эмнэлэгт
хэвтсэн хүүхдүүдийн бие сайжирч байгаа юм байна. Дахиад шинээр хүүхдүүд энэ төрлийн өвчнөөс болж эмнэлэгт
хандсан тохиолдол илэрсэн үү?
-Дахиж хүүхэд өвчилсөн тохиолдол
илрээгүй. Эмнэлгээс гарсан хүүхдүүдийг өрхийн
эмнэлэг хяналтдаа авсан.
–Аймгийн
Эрүүл мэндийн газар өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа. Хүүхдүүдийн биеийн байдал сайжирч байгаа болохоор өндөржүүлсэн
бэлэн байдлыг хэзээ цуцлах вэ?
-Эхний гурван хүүхэд эмнэлэгт
ирснээс эхэлж, эмнэлэг, эрүүл
мэндийн байгууллагууд холбогдох тархвар судлалын болон
оношилгоо, эмчилгээ, зохион байгуулалтын арга
хэмжээг авч ажилласан. Халдварын
эх уурхайг илрүүлэхийн тулд
багш, эцэг эхчүүдээс тархвар
судлалын асуумжаар судалгаа авах, холбогдох эрүүл
зүй, нян судлалын шинжилгээ
авах, голомтын ариутгал хийх, өрхийн эмнэлгүүд
цэцэрлэгт ирээгүй хүүхдүүдийн гэрээр
очиж үзлэг, шинжилгээ хийх,
эмчилгээ оношилгоонд шаардлагатай эм,
тариа, ариутгалын бодисоор хангаж, эмч, сувилагчийн
нэмэгдэл нөөцийг ажиллуулж, ор
нэмэх зэрэг холбогдох арга
хэмжээг авч ажиллаа. Өндөржүүлсэн
бэлэн байдлыг аймгийн Онцгой байдлын комисс
ярилцаад удахгүй цуцлах байх.
ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ
ӨВЧНИЙ ВИРУС ИЛЭРСЭН
БОЛОЛТОЙ
Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Т.Буянбат ийн ярив.
–Цэцэрлэгийн
хүүхдүүд юунаас болж өвдсөн оношийг тогтоосон уу?
-Энд бид нягталж болох
бүх зүйлсээс нарийн шинжилгээ авсан.
Шинжилгээний дүн даваа гаригийн
өглөө (өнөөдөр) тодорхой болно. Тэр дүнгээ
бас улсын лабораториар баталгаажуулах
учиртай тэгж байж бид
эцсийн оношийг гаргана.
–Хүүхдүүд
хоолны хордлогоос болж өвдсөн гэх мэдээлэл байна?
-Хоолны хордлогоос болсон гэж шууд
хэлчих үндэслэл алга. Харин сая
аймгийн Онцгой байдлын
комисс хуралдах үеэр цэцэрлэгийн
сав суулганаас хелико бактерын вирус
илэрсэн гэж ярьж байна.
Хэдийгээр хүний биед тодорхой
хэмжээгээр байдаг вирус гэж
үзпэг ч бас бохир
заваанаас болж энэ бактер
үүсч хүүхдүүдийн гэдэсийг өвчлүүлсэн байж болох талтай.
Удахгүй гарах шинжилгээгээр энэ
нь тодорхой болох байх.
–Долдугаар
цэцэрлэгийн үйл ажиллагааг тав хоногийн хугацаатай Мэргэжлийн хяналтын газар хаасан. Хүүхдүүдийн бие сайжирч байгаа болохоор удахгүй цуцална биз дээ?
-Долдугаар
цэцэрлэгийн үйл ажиллагааг хаахдаа
хүүхдүүд юунаас болж
өвчилсөн тэр оношийг гаргах
хүртлээ хаах шийдвэр гаргасан.
Аймгаас шинжилгээний дүнг баталгаажуулахаар нийслэл
рүү явуулна. Нийслэл рүү явуулсан
шинжилгээний дүн юу гэж
гарах нь вэ. Үүний
эцэст аймгийн онцгой байдлын комисс ярилцаад
цэцэрлэгийн үйл ажиллагааг
хэвийн явуулах эсэхээ шийдэх
байх.
Хичээлийн шинэ жил эхэлснээс
хойш Өмнөговь
аймгийн Ханбогд суманд цэцэрлэгийн
69 хүүхэд, Баян-Өлгий аймгийн
Өлгий суманд сургуулийн дотуур
байрны 130 хүүхэд хордсон мэдээлэл
ирж байв. Өмнөговь аймгийн
Ханбогд сумын цэцэрлэгийн 69 хүүхэд
энэ сарын 04-нд хордож, эмнэлэгт
хэвтэн эмчлүүлсэн. Тухайн үед мөн
л хүүхдүүд суулгаж,
халуурч байсан юм. Хүүхдүүдийг
ямар шалтгаанаар ийнхүү өвчилснийг Өмнөговь
аймгийн мэргэжлийн хяналтын газраас шалган үзэхэд
цэцэрлэгийн хүүхдүүд багш нараас халдварт
өвчин халдсан байх өндөр
магадлалтай нь тогтоогдсон. Шинжилгээгээр
Цэцэрлэгийн 49 ажилчныг эрүүл мэндийн үзлэгт
хамруулахад 14-өөс нь халдварт
өвчний вирус илэрсэн удаатай.
Харин Дархан-Уул аймгийн
долдугаар цэцэрлэгийн хүүхдүүд хоолноос
бус мөн л халдварт өвчний вирусээс болж
өвдсөн байх магадлалтай аж.
Г.ОНОН