Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Улсын эрдэнэ” өргөмжлөл хүртээх журмын талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэлэлцүүлэг хийв. Хэлэлцүүлэгт ШУА, их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, доктор, профессорууд, иргэд, ардын авьяастнуудын төлөөлөл оролцож санал бодлоо солилцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тэргүүний 2013 оны сонгуульд оролцохдоо мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн дөрвөн гол хөтөлбөрийн нэг нь “Улсын эрдэнэ” өргөмжлөл хүртээх тухай юм. Уг хөтөлбөр нь Монголын соёлын биет бус өвийн хосгүй нандин, ховор уламжлалт төрөл зүйлийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн хамт олон, бүлэг, хувь хүнийг тодруулан тогтоож “Улсын эрдэнэ” хэмээн өргөмжлөх, тэдэнд бүтээн туурвих, өвөрмөц дэг сургуулиа хойч үедээ өвлүүлэн үлдээх шавь сургалт явуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд хөтлөн явуулав.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгая. Та бүхэн санаж байгаа байх. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нэр дэвшиж оролцохдоо мөрийн хөтөлбөртөө тусгасан дөрвөн хөтөлбөрийн нэг нь “Улсын эрдэнэ” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх тухай заалт байсан.
“Улсын эрдэнэ” хөтөлбөрийн утга санааг та бүхэнд сануулах үүднээс нэг зүйлийг хэлье. Урьд нь бид соёлын өв, биет бус соёлын өв гэж түүнийг эзэмшигч хүнтэй нь холбоогүй, салангид байдлаар авч үзэж ирсэн. “Улсын эрдэнэ” хөтөлбөр, өргөмжлөл бол хүнтэй холбоотой. Монголын ард түмний олон зуу, мянган жил хуримтлуулж ирсэн дахин давтагдашгүй, хосгүй биет бус соёлын өвийг тээж яваа хүнийг илрүүлэх, түүнд төрийн өргөмжлөл олгох, улмаар хосгүй нандин ур ухаан, авъяас билгийг нь хойч үедээ тэр хүнээр дамжуулж үлдээх зорилготой хөтөлбөр юм. “Улсын эрдэнэ” өргөмжлөл хүртээх журмыг боловсруулахад оролцсон хүмүүсийн төлөөлөл энд хүрэлцэн ирсэн байна.
Өнөөдрийн хэлэлцүүлгийн зорилго бол энэ төслийн сүүлийн хэлэлцүүлэг юм. Энд хүрэлцэн ирсэн хүмүүс бол энэ журмын төслийн утга учрыг хамгийн сайн мэддэг, Монгол Улсын урдаа барьдаг мэргэжлийн хүмүүс юм. Монгол Улсын Ерөнхийлөгч албан ёсоор албажуулахын өмнө та бүхэн дахин нэг сайн нягтлан шүүж, хамгийн сүүлийн редакц хийж ажиллаж өгөхийг та бүхнээс хүсч байна.
Энэ төсөлд БШУЯ, ШУА-ийн ажилтнууд, судлаачид, олон хүний саналыг авсан. Өргөмжлөлийг цагаан сараар олгодог байхаар тусгаж өгсөн. Олгосны дараа тэр хүнд нь ур ухаан, авъяас билгээ хойч ирээдүй, залуу үедээ өвлүүлж үлдээхэд нь дэмжлэг үзүүлдэг байх зорилготой. Энэ хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлье.
“Улсын эрдэнэ” хөтөлбөр нь Монголын ард түмэн бид бүхний түүхэнд тэмдэглэгдэх чухал хөтөлбөр болох учраас та бүхнээс идэвхтэй оролцохыг хүсч байна. Баярлалаа” гэлээ.
Үүний дараа Соёлын биет бус өвийг тээгч хүмүүсийг хэрхэн урамшуулдаг талаар гадаад орнуудын зарим туршлагаас Соёлын өвийн төвийн зөвлөх, доктор С.Юндэнбат танилцууллаа. Түүний илтгэлд дурдсанаар тээгч эзэнтэйгээ хамт үрэгдэж үгүй болох эрсдэлтэй эмзэг өв болох соёлын биет бус өвийг хойч үедээ дамжуулан үлдээх зорилгоор гадаадын улс орнууд тодорхой арга хэмжээ авдаг байна. Японд 1950-иад оноос ийм арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд 1975, 2004 онд удаа дараа хууль тогтоомж гаргаж байжээ. Ингэснээр устаж мөхөхийн босгонд тулсан уламжлалт технологи, урлаг, ёслол, зан үйлийг тээгчдийг төрийн хамгаалалтад авч, “Хүн эрдэнэ” гэсэн хөтөлбөрийг Японд анх хэрэгжүүлж байсан байна. БНСУ мөн ийм хөтөлбөр хэрэгжүүлж, ЮНЕСКО дээрх орнуудын “Хүн-амьд эрдэнэ” гэсэн хөтөлбөрийг гишүүн орнууддаа нэвтрүүлэх зөвлөмж гаргаж байжээ. БНСУ-д соёлын биет бус өвийг тээгчдэд мөнгөн урамшуулал олгохоос гадна эрүүл мэндийг нь хамгаалж, урлах бүтээх орчныг нь сайжруулах зэрэг арга хэмжээ авдаг юм байна. Харин уг өв тээгч хойч үеийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол дээрх нөхцөлийг цуцлах арга хэмжээ авдаг аж.
Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд “Улсын эрдэнэ” өргөмжлөл хүртээх журмын төслийг хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулав.
Түүний танилцуулснаар уг өргөмжлөл нь алтан, мөнгөн гэсэн хоёр зэрэглэлтэй байх юм. Өргөмжлөлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн Цагаан сараар хүртээх бөгөөд жилдээ ес хүртэлх тооны өвлөн уламжлагч хүртэх нөхцөлтэй ажээ. Өргөмжлөлийг энгэрийн тэмдэг, мөнгөн шагнал дагалдах юм байна. Алтан өргөмжлөлийг хүртсэн нэг өвлөгч таван сая төгрөг, хэрэв хамт олноороо бол найман сая төгрөгийг оролцооны хувь хэмжээгээрээ хуваан хүртэж байхаар төсөлд тусгажээ. Мөнгөн өргөмжлөлийг нэг өвлөгч хүртвэл гурван сая төгрөг, хамт олноороо бол таван сая төгрөгийг хуваан хүртэх юм.
Эдгээр өвлөн уламжлагчид өөрийн эзэмшсэн мэдлэг, авъяас, ур чадвараа хойч үелдээ заан сургаж өвлүүлж үлдээх үүрэг хүлээж жил тутам үр дүнгээ олон нийтэд тайлагнаж байх юм.
Хэлэлцүүлэгт оролцогчид төсөлтэй холбогдуулж санал бодлоо илэрхийллээ. Тухайлбал, доктор О.Нямдаваа Энэтхэгт очиж Монголын эзэнт гүрний өв залгамжлагч хэмээн өөрсдийгөө нэрлэдэг хүмүүстэй уулзсан байна. Тэд бүр Монголын эзэнт гүрний үед улсын хамгийн ухаантай хүн, цэргийн гарамгай жанжин, ган тайлах гэх мэт өвөрмөц авъяастай хүн, онцгой яруу найрагч, гоц уран барималч зэргийг шалгаруулж, хамгаалж байсан гэдгийг ярьж байжээ. Доктор С.Дулам Монгол төрийн алтан хайрцагны бодлогын үргэлжлэл нь “Улсын эрдэнэ” өргөмжлөл болох юм хэмээж байлаа.
Төслийн талаар үг хэлсэн хүмүүс мөнгөн шагналын хэмжээг нэмэгдүүлэх, ур чадвараа дараа үедээ өвлүүлэх ажилд хариуцлагагүй хандсан бол өргөмжлөлийг цуцлах, өв тээгчид тавих шалгуурыг нарийн боловсруулах зэрэг санал хэлж байв.