Categories
мэдээ улс-төр

Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай хэлэлцээд, тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Энэ дагуу Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмших “Эрдэнэс-Гацуурт” хамтарсан компани байгуулж, уг компанид төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувиар тогтоох саналыг Засгийн газраас УИХ-д оруулах аж. Гацууртын ордыг ашиглах “Эрдэнэс-Гацуурт” ХХК-ийн өөрийн хөрөнгө дэх төрийн эзэмшлийн 20 хувьд ногдох 20 мянган ам.долларын санхүүжилтийг хуулийн дагуу “Эрдэнэс МГЛ” ХХК-аас гаргуулах юм байна.

“Эрдэнэс-Гацуурт” ХХК нь холбогдох хуульд заасны дагуу төрийн оролцоотой үйл ажиллагаа явуулах зохион байгуулалтад шилжих, энэ ордыг ашиглах хугацаанд уг төслийн санхүүжилт болон бусад зардлыг хувь нийлүүлэгчдэд ачаалалгүйгээр шийдэх үүрэг хүлээх гэнэ. Харин Засгийн газраас орд ашиглахад шаардагдах санхүүжилт босгоход дэмжпэг үзүүлж ажиллах аж.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт алтны үндсэн орд нь оршдог Гацууртын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Сентерра гоулд Монголиа” ХХК юм. Энэ ордод 1970-1991 онд шороон ордын судалгаа хийгдэж, 1992 онд алтны шороон ордын олборлолтыг эхлүүлсэн. Шороон ордын олборлолтын явцад 1997 онд алтны үндсэн судлыг олж тогтоосноор 2002-2003 онд хайгуулын ажлыг эрчимжүүлж, 2004 онд нэмэлт хайгуул хийжээ. Ордын нөөцийг Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн бүртгэлд 2005 онд бүртгэж, 2008 онд ТЭЗҮ-ийг хүлээж авч байв.

Гацууртын орд 27,6 сая тонн хүдэр, 75,9 мянган кг алтны нөөцтэй. Монгол орны алтны металлогены мужлалаар энэ орд Хойт Хэнтийн алтны бүсэд тогтоогдсон томоохон орд бөгөөд алтны өндөр агуулга бүхий хүдэртэй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *