Categories
мэдээ цаг-үе

Монголынхоо бүх амьтны зургийг авна гээд амбицлаад “тэнэж” явна

“Балдорж” сангийн тэргүүн байрын шагналт “Хүрээлэн” төслийн санаачлагч
У.Ганбаяр, Ерөнхий продюсер М.Буянбадрах нартай ярилцлаа.

-“Балдорж”
шагналын эзнээр шалгарсанд баяр хүргэе. “Хүрээлэн” төсөл хэрэгжүүлж амьд байгалийг
гэрэл зургийн хальснаа үлдээх санаа хэзээнээс төрсөн бэ?

М.Буянбадрах:
-Баярлалаа. Өнгөрсөн оны наймдугаар сард Г.Батнягт, С.Цацрал, У.Ганбаяр
нартайгаа уулзаж биологчидтой нийлээд “Хүрээлэн” төслөө бичиж эхэллээ. Тэр үед У.Ганбаяр
маань “Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэг”-ээ байгуулаад, ийм төсөл
хэрэгжүүлэх санаагаа гаргачихсан байсан хэрэг. Ингээд төслөө бариад Ерөнхий сайдтай
уулзлаа. Үүний дагуу өнгөрсөн оны наймдугаар сарын 25-нд “Монгол орны биологийн
олон янз байдлын гэрэл зураг, дүрс бичлэгийн сан бүрдүүлэх тухай” гэсэн гарчиг бүхий
Ерөнхий сайдын захирамж гарсан. Төслийг маань хэрэгжүүлэхээр ажлын хэсэг гарч ахлагчаар
нь Ч.Сайханбилэг ажиллахаар болж гурван яамны Төрийн нарийн бичгийн дарга орлоо.
Манайхаас У.Ганбаяр, С.Цацралт нар ажлын хэсэгт орохоор болов. Ингээд аравдугаар
сард анхны аялалдаа гарснаас хойш 30 гаруй мянган км зам туулж 13 аймгийн нутагт
200 шахам төрөл зүйлийн амьтны зураг авчээ.

-Засгийн
газраас даалгасан ажлыг хийж эхэлсэн гэсэн үг үү?

-Сурах бичиг, улаан номондоо амьтдын төрөл зүйлийн зургийг оруулдаг,
жуулчдад Монголоо сурталчлахдаа дүрс бичлэгээ үзүүлдэг гээд бодохоор улсын ажил
баймаар санагддаг. Тийм ч учраас Ерөнхий сайд захирамжаа гаргаад л, засаг дэмжихээр
болж байтал эдийн засаг хямраад Засгийн газар бүсээ чангалаад биднийгээ анхаарахаа
больчихсон. Одоогоор ажлын хэсэг нэг ч хуралдаагүй байна.

-Засаг
анхаарахгүй болохоор шарандаа гараад давхичихсан уу?

-Байгаль, орчин ногоон хөгжлийн яам бага зэргийн дэмжлэг үзүүлснийг
үгүйсгэж болохгүй байх. Анх ажлаа эхлэхдээ зарим нь байраа барьцаанд тавьж зээл
авлаа. Нөгөө хэсэг нь машинаа зарлаа. Ингээд замын зардлаа олж аваад гарсан даа.
Одоо бид чинь өртэй хүмүүс шүү дээ. “Балдорж” шагналын 5000 ам.доллараа өрнүүддээ
яаж амсуулах вэ гээд хуралдаж байтал өөрөө ороод ирлээ. Ерөнхийдөө хуваарилаад дуусчихлаа.

-Өр
тавин байж амьд байгаль, амьтдын гэрэл зураг, дүрс бичлэг хийх гэж зорьсон нь та
бүхний хобби юу эсвэл ирээдүйнхээ төлөөх сэтгэл үү?

-Сэтгэл гэж романтик юм яриад яах билээ. Донтой, өвчтэй л хүмүүс.
Ийм юманд донтсон хүмүүс чинь нэг, хоёр явчихаар дахимаар санагдаад байгууллагуудын
хаалга балбаад мөнгө төгрөг гуйгаад давхичих юм. Байрныхаа гэрчилгээ, машиныхаа
түлхүүрийг бариад л мөнгө хайгаад гүйцгээчихнэ шүү дээ. Оюу толгой, Төрийн банк,
Моннис, Хүннү Эйр, Зиг Заг зэрэг компани, байгууллагууд биднийг ивээн тэтгэдэг.
Хол газар явдаг, зардал ихтэй учраас хандив тусламжаар явахаас аргагүй болдог. Бид
өнөөг хүртэл цалин авч үзээгүй. Хожим баяжна гэсэн бодолтой л давхиад байгаа.

-Юу
нь тэгж донтуулаад байдаг юм бол?

-Амьтан донтуулах юм аа. Мандаж байгаа нарыг, гүйж яваа гөрөөсийг,
хөөрхөн хошгирч байгаа зурмыг, ховор шувуудыг нэг олоод харчихсан, зургийг нь дарчихсан
хүмүүс “Одоо дараагийнхыг нь, бүр ойроос авах юмсан” гээд донтчих юм. Монголд
438  төрлийн шувуу, 138 зүйлийн хөхтөн,  хэвлээр явагч зургаан зүйл, загас 20 гаруй зүйл
гээд тоо байна. Энэ амьтдын бүгдийнх нь зургийг дарах айхавтар зорилго тавьчихсан.
За, бүгдийнх нь зургийг дарчихаад жаргаад хэвтчихье гэхээр бас болохгүй. Өвлийн
зураг байхгүй шүү дээ гээд эхэлнэ. Ингээд бодохоор дуусахгүй ажил эхэлчихжээ.

-Донтсон
гэж өөрсдийгөө нэрлэсэн та бүхний ажил хүмүүст мэдээлэл, мэдлэг олгож, улсад архив
болж байгаагаараа чухал болов уу?

-Монголоо атар онгон байгальтай, араатан жигүүртэн элбэг гэж дуулж,
шүлэглэдэг атлаа тэр байгаль, амьтных нь зураг байдаггүй. Донтчихсон хэдэн нөхөр
ирээдүйгээ танин мэдэхүйн төөрөгдлөөс гаргах, архивтай болгох том зорилго тавьчихсан
байгаа. Аяллаар явж байхдаа сумын сургуульд авсан гэрэл зургаараа үзэсгэлэн гаргаж,
байгаль амьтны гэрэл зураг яаж авах талаар зөвлөгөө өгдөг ажилтай. Тэгэхэд хөдөөний
хүүхдүүд нутгийнхаа амьтдыг зөв нэрлэж чаддаггүй. Танихгүй юмаа хүн хайрлахгүй,
хайрлахгүй болохоор хамгаалахгүй. Тиймээс таниулъя, мэдүүлье гэдэг том зорилготой
яваад байгаа хэрэг. Нөгөө талаар гадныхан биологчид, гэрэл зурагчдыг минь дагууж
яваад атар онгон байгаль, араатан жигүүртний минь зургийг аваад байдаг. Сүүлд сурах
бичиг, ном, архивт маань зураг үлддэггүй. Гадныхны авсан зургийг тэдний оюуны өмч
байдлаар интернэтээс л харах боломжтой. Монгол Улсын тухай гэхээр гадныхны авсан
зургийг худалдаж аваад үзэсгэлэнд оролцоод байгаад дургүй хүрч, амбиц хөдөлчихөөд
яваад байгаа юм. Ийм сул орон зайг ашиглаад хөдөө хээрээр явах дураа хангаж авъя.
Дээрээс нь онгон зэрлэг байгаа дээр нь амьтдаа бүртгээд архив болгоод хадгалуулъя
гэсэн зорилготой.

-Энэ
зорилгоо хэдэн хүн, ямар ямар үүрэгтэйгээр гүйцэтгэж байна вэ?

-Хүн бүр зурагчин болчих янзтай. Ажил үүргийн хуваариар У.Ганбаяр
бид хоёроос гадна Ерөнхий зураглаач Г.Батнягт, гэрэл зурагчин С.Цацралт, гэрэл,
дууны мастер Б.Сэлэнгэ, зургийн дарга Л.Батаа, туслах зураглаач Б.Улсболд, тайлбар
уншигч А.Миеэгомбо, эвлүүлэгч Н.Энхмэнд гэсэн бүрэлдэхүүнтэй. Бүгд зурагчин, тогооч,
жолооч, газарчин, биологч болчихдог.

-Анхны
аяллаа хаанаас эхэлсэн бэ?

-Зардал багатай ойрхоноор нь Чойрын богд руу гараад давхичихсан.
МУИС-ийн багш Батсайханы зааварласнаар янгир аргалийн орооны цагаар зургийг нь дарах
гэж явлаа. Тэр үеийн зургаа одоо харахад инээдтэй л дээ. Анхных гэдэг утгаараа амьтандаа
дөхөх туршлагагүй, талбай дээр бие биенийхээ зургийг дарж байсан аппарат дурантайгаа
байсан үеийг одоогийнхтой харьцуулахад гологдож байгаа хэрэг. Чойрын богд орчихоод
тэр чигээрээ Өмнөговь, Дорноговь ороод улсын хилд тулаад хар сүүлт, хулангийн зураг
аваад 14 хоног яваад ирсэн.

-Явж
байгаад амьтан харахаар бүгд машинаасаа буугаад аппаратаа бариад гүйчихдэг үү. Эсвэл
тактик ярих уу?

-У.Ганбаяр: Амьтныхаа зан байдлыг судалж, яаж ойртох уу гээд тактик
боловсруулна. Машинтайгаа амьтанд ойртохгүй шүү дээ. Бид амьтныг үргээж, айлгахгүйгээр
зан байдлыг нь харуулах, тоглох наадах, гөрөөлөх, идэш тэжээлээ олж идэж байгааг
нь харуулах зорилготой шүү дээ. Хэдэн хоног алхах ч хэрэг гарна.

-Нэг
амьтны зургийг авахад хэр хугацаа орох уу?

-М.Буянбадрах: Амьтнаасаа л болно. Өмнөговь аймагт Тостын нуруунд
очоод ирвэсийн зураг авах гэж солонгос нөхөр 20 гаруй хоног яваад авч чадаагүй байхад
бид хоёр, гурав хоног дагаж алхаад авчих жишээтэй. Саяхан Хөвсгөлийн тайгад морьтой
явж байтал хөл доороос Цагаан ахуй шувуу босч нисээд л энгэр дээрээс Туйлын цагаан
шонхор орж ирээд. Цагаан шонхор ахуйгаа барьж идэх үед Ганбаяр мориноосоо харайж
буугаад л зургийг нь дарчихаж байгаа юм. Зураг дарах нь хэдхэн секундын ажил. Гэхдээ
Улаанбаатараас 800, 900 км яваад, мориор зургаан хоног явж байгаад гэнэт таарч байгаа
нь ховор агшин, бурхан багшийн явуулсан бэлэг шүү дээ.

-Замдаа
төөрч будилах үе байна биз?

-Машинтай, явган төөрнө. Хоол унд дуусна. Геологичдын төөрдөг газар
өнгөрсөн хавар бид төөрлөө. 200 км яваад айл таардаггүй. Шувуу ч нисэхгүй, ус дуусаад
бензиний гэрэл асчихсан. Долоон хүний дунд 1.5 литрийн савтай л ус үлдсэн. Бензин
дууссан бол яах билээ. Азаар сумын төвөө олж очсон л доо.

-Сум
таарахгүй, ус дууссан бол гээд төсөөлөхөөр өнгөрсөн амьдрал нүдэнд харагдана биз?

-Бэлтгэлтэй л байх хэрэгтэй. Хаана нь ч төөрсөн, даарсан, будилсан
үедээ амьд гарах аргад сайн суралцах ёстой гэж ярьдаг. Цахилгааны эх үүсвэрээ байнга
авч явах ёстой. Цахилгааны эх үүсвэр, цэнэглэгч ажиллахгүй бол GPS ажиллахгүй болно.Заавал
галтай явах ёстой. Шүдэнз, асаагуургүй боллоо гэхэд гал асаадаг аргаа мэдэх учиртай.
Зураг дарахад суралцахаас гадна амьд үлдэх аргад маш сайн суралцах ёстой болдог.
Ийм бэлтгэлтэй явахад амьдрал нүдэнд харагдаж, хойд нас бодогдож сүйд болохгүй дээ.
Энэ далимд GPS хандивлах сайн санаатай хүн байгаа болов уу (инээв).

-Хөдөө
зам муутай. Замын тэмдэг, тэмдэглэгээ бараг байхгүй. Нутгийн хүмүүсээр газарчлуулдаг
уу?

-Хамгийн түрүүнд өөрсдөдөө найдна. Газрын зураг, GPS дээрээ сайн
ажиллаад бензин шатахуун, хоол хүнс, хувцас хунараа бэлтгээд гарна. Дараа нь нутгийн
иргэд, байгаль хамгаалагчид, хилийнхэн том түшиг болно. Өмнө нь тэр хавиар явсан
биологичдын яриа маш чухал мэдээлэл болдог.

-Ганзага
хоосон ирсэн үе байдаг уу?

-Хоосон ирсэн тохиолдол байхгүй. Донтой хэдэн нөхрийг бурхан хардаг
байх. Хар сүүлт зээрийн зураг авахаар Хэрмэнцаваас Баян-Овоо сум руу хоёр өдөр гаруй
хугацаанд найман зуу гаруй км давхихад амьд амьтан тааралддаггүй. Оройн наранд зураг
авах гэтэл хар сүүлт байдаггүй. Урамгүй буцаж явтал яг доороос хар сүүлт гарч гүйгээд
бид зургаа дарж амжсан. Тэр үед нар ч, хөдөлгөөн ч, цаад фон ч яг таарсан. Хар сүүлтийн
хөлөөс босч байгаа тоос, суналт, зургийн өнгө энэ тэр гоё гоё.

-Гоё
зураг дарах гэж байгаад харамсалтайгаар алдсан мөч бий юү?

-У.Ганбаяр:
Бүх зураг харамсалтай. Хүний шунал барагдахгүй гэдэг шиг үүнээс илүү ойртох байсан
юм, бүр илүү гоё авах байсан юм гээд бүх зурагны ард харамсал байдаг. Хандгайн зураг
авахаар явж байтал хос хандгай таарсан. Гэтэл эр хандгай нь модноос гарч ирдэггүй.
Эм нь намайг чиглээд зогсоод байдаг. Чимээ авчих вий гээд эрийг нь хүлээгээд зургаа
авахгүй байгаа юм. Гэтэл гэнэт буцаад гүйчихсэн. Бидний туршлагагүйнх. Морио жалганд
уячихсан байсныг хандгай өндөр дээрээс харчихаад буцаад гүйчихсэн хэрэг. Мөн ч харамсмаар
байсан даа. Бас Л.Батаагаас ердөө 100 метрийн зайд хандгайн хоёр тугал байгаа юм.
Гэтэл манай хүн үргээчих вий гэж хэвтэж байгаад өндийгөөд автал фокус нь таараагүй.
Гэх мэтээр амьтны зураг авахад үнэхээр хүнд. Амьтан таарлаа гэхэд тэр үед нар нь
ямар байх вэ, гэрэл таарах уу, ойртож чадах уу гээд бүх тохироог хүлээх ёстой болдог.

-Амьтанд
ойртохын тулд хувцсаа тааруулж өмсөх, янз бүрийн хөдөлгөөн хийх шаардлага гарах
уу. Тарвага хошгоруулдаг шиг?

-Тухайн амьтны зан байдлаас шалтгаална. Тарваганы зураг авах бол
хошгоруулна. Хустайн нуруунд тарваганы зураг авахын тулд хавар ичээнийх нь өмнө
майхан бариад орхичихсон. Дасгаж байгаад зун нь очиж майхандаа очиж хэвтэж байгаад
ичээнээсээ гарч хошгирч байгаа, мөндөлтэйгээ тоглож байгаа зургийг нь авсан. Хулангийн
зураг авах гээд явж байтал тэмээ тааралдсан. Тэмээнийхээ бөгсөн дээр камераа барьж
дагаж явсаар байгаад их ойроос авч чадсан. Энэ мэт тухайн амьтанд тохируулж арга,
саам зохиох шаардлага гарна. Хамгийн ойрын жишээ гэхэд газрын өнгөтэй хувцас өмсөнө.
Тамхи татахгүй, шүдээ угаахгүй, үнэртэй ус цацахгүй, саван хэрэглэхгүй. Хоорондоо
чанга ярихгүй, огцом хөдлөхгүй. Амьтантайгаа адил үнэртэй нөхдүүд л гэртээ ирнэ
шүү дээ.

-Хоол
ундаа яаж зохицуулдаг бол. Зам дагуух айлууд хотжоод хатуу болсон байна гэж ярих
юм. Ялгаа ажиглагдах юм уу?

-Үндсэн хүнс лаазалсан загас. Snykres өег учраас авч явдаг. Тэгээд
ааруул хүлхээд л явж өгнө дөө. Өглөөд нэг сайн идэж аваад өдөржин явчихдаг. Ихэвчилэн
хээр, гадаа хоночихно. Манай хөдөөнийхөн үнэхээр өөриймсөг. Өвлийн шөнө яваад ороход
л мөс хайлуулаад мах чанаж өгнө. Хаана, хэнийд ч очсон хаяанд нь хөнжлөө нөмрөөд
унтчихна. Бидэнтэй л лав хэцүү хатуу айл таараагүй ээ.

-Зорьсон
зургаа авчихаад баяр тэмдэглэнэ биз. Өөрсдөдөө хэсэг амралт өгөх үү?

-Шууд сумын дэлгүүр орно. Ойлгомжтой. Амралт гэж ярилтгүй. Зорилгоо
биелүүлчихвэл гэр рүүгээ л яарцгаана.

-Зургийг
нь дарах гэж байгаад амьтанд хазуулах, гэмтэж бэртэх үе байв уу?

-Говьд зуны халуунд явахад сэрэмжтэй байх шаардлага гарна. Өглөө
гутлаа сэгсэрч байж өмсөхгүй бол болохгүй. Биеийнхээ 70 хувийг шумууланд хазуулж
ч байлаа. У.Ганбаяр өнгөрсөн жил могой ичиж амжаагүй байхад газрын гүн рүү 15 метрийн
дор үүрэнд нь яваад орчихсон. Азаар хатгуулаагүй гарсан.  У.Ганбаяр: Ирвэст 10 метр ойртож зургийг авахад
“Энэ намайг яаж ч чадахгүй” гэсэн шиг ихэмсэг байгаа юм. Надад ч айдас төрөөгүй.
Нэг үгээр бид хоёр нэгэндээ аюулгүй гэдгээ мэдрээд байгаа юм шиг.

-Зураг
даруулах дуртай амьтан байх юм уу?

-У.Ганбаяр: Зурам, тарвага, хэрэм их хөөрхөн. Шувууд бас гоё. Буянбадрах
анх шувууны зураг авч байхад “Шувуунд дурлах юм байна даа” гэхэд юу гэж дээ л гээд
байсан. Одоо шувуунд дурлачихсан.

М.Буянбадрах:
Тогоруу ямар гоё гээч. Хөөрч байгаа нь, бууж байгаа нь ерөөсөө л балет. Хажууд нь
хун ямар бүдүүлэг, муухай гээч. Паацагнаад л.

-Гадны
баримтат киног үзэхэд амьтны амьдралыг тэр чигт нь харуулдаг. Манайд тийм боломж
бий юү?

-Мөнгө байвал болно шүү дээ. Гэхдээ Монголын амьтад их догшин. Дэлхийн
баавгай хамгаалах сангийн тэргүүн, амьтдын тухай нэвтрүүлэг бэлтгэдэг сэтгүүлчтэй
хамт мазаалайн зураг авах гээд явж байхад “Танайхан амьтдаа хөөж буудаад байдаг
юм уу. Ямар үргэмтгий юм бэ” гэж байгаа юм. Африкт 30 жилийн өмнө ийм байсан. Хамгаалах
менежмент хийгээд эхлэхээр үргэхээ больдог юм байна. Хустай одоо тийм болж байгаа
шүү дээ. Манайх асар уудам нутагтай учраас онгон байж магадгүй. Нөгөө талаар манайхан
амьтан харахаар л хөөгөөд давхичихдаг. Амьтан харвал хийморь сэргэдэг гэсэн ойлголттой,
элдээд давхичихдаг.

-Хулгайн
ан хэтэрлээ гэх юм. Та бүхний замд эмзэглэмээр дүр зураг харагдах юм уу?

-Яг хулгайлаад, чив засааг нь авчихсан байгаа нь харагдахгүй юм.
Сумдыг холбосон өндөр хүчдэлд цохиулж үхсэн шонхор их таарлаа. Сум бүрийг цахилгаантай
болгох их ажлын төлөөсөнд шонхор олноороо үрэгдэж байна.

-Аппаратаа
чирээд амьтан хайгаад хөдөө явж байхад хотод үлдсэн ажил, амьдрал бодогдох юм уу?

-Утас дуугарахгүй байна гэдэг амралт болдог юм билээ. 22-ын товчоогоор
ороод ирэхэд л хамаг юм эхэлж байгаа юм шүү дээ. Хотод байхаар ханиад салахгүй.
Хүмүүс айхавтар ууртай царайтай. Ялгаа их мэдрэгдэнэ шүү.

-Одоо
хаашаа явах вэ?

-Дорнод аймаг руу Шивэр Хандгайн зураг авахаар явахаар төлөвлөж байна.
Нийт амьтдынхаа гуравны нэгийнх нь зургийг авчихжээ. Энэ зун гэхэд 70 хоног хөдөө
байжээ.

-Амьтдынхаа
зургийг өөрсдөө архивлаж байна уу?

-Өөрсдөө архивлаж байгаа. Дөрвөн ангитай иж бүрэн баримтат кино хийх
зорилго бий. Бас Монголынхоо амьтдыг харуулсан дөрвөн том катологи хийчих санаатай.
Ерөнхий боловсролын сургуулийн Хүн байгаль номонд фото нийлүүлэх тендерт шалгарсан.
Ирэх жилээс сурах бичигт бидний зураг орох байх.

 Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *