Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр захирамж гарган аймгийн төвийн суурьшлын бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр болсон юм байна. Энэ шийдвэрийг эсэргүүцсэн мал бүхий иргэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт захидал илгээжээ.
Дээрх захирамжийн дагуу нийт 122 өрхийн иргэд Хэрлэн сумын төвөөс нүүхэд хүрч байгаа гэнэ. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдаж байна гэж үзэж дээрх иргэд Засгийн газрын тэргүүнд хандсан байна. Тэд захидалдаа Хэрлэн сумын Засаг даргын дээрх захирамжийг хүчингүй болгож өгөхөөс гадна мал бүхий иргэдийн аймгийн төвөөс гаргах шийдвэр гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцож өгөхийг хүсчээ.