Дэлхий нийтээр шатрыг оюуны их спорт хэмээн хүлээн зөвшөөрөх болсон.
Бид ч бас сүүлийн жилүүдэд хүүхдэд суурь боловсрол төлөвшил олгох,
нөгөөтэйгүүр өв соёлоо хөгжүүлэн уламжлуулах зорилгоор энэхүү спортод
ихээр анхаарах болсон. Үүний нэг жишээ нь Завхан аймаг юм. Хөдөлмөрийн
сайд Я.Санжмятав тус аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа хэрэгжүүлж
эхэлсэн гурван тулгуурт бодлогын хүрээнд тус аймагт шатрын спорт
харьцангуй хөгжиж хүүхэд багачууд шатрын спотроор хичээллэх болсон
байна.
Тэгвэл энэ өдрүүдэд Завхан аймгийн 24 сум шатрын спортоор амьсгалж,
9999 шатарчин хүүхэд оюунаа уралдуулах “ӨСВӨРИЙН МОНГОЛ ШАТАР – 9999”
тэмцээн бүх суманд нэгэн зэрэг нээлтээ хийлээ
Дэлхийд анх удаа зохион байгуулагдаж буй “ӨСВӨРИЙН МОНГОЛ ШАТАР -9999 ”
тэмцээн нь шатрын спортыг сурталчлан дэлгэрүүлэх, хүүхэд залуусын
авьяас билгийг хөгжүүлж, дэлхийн түвшинд өрсөлдөхүйц шинэ залуу
мастеруудыг төрүүлэн гаргах зорилготой юм.
“ӨСВӨРИЙН МОНГОЛ ШАТАР –9999” тэмцээн 24 суманд 2014 оны 9-р сарын
20-21-ны өдрүүдэд явагдаж дүнгээ гаргах бөгөөд шалгарсан хүүхдүүд
Улиастай хотноо 22-23-ны өдрүүдэд шигшээ тоглолтонд оролцож оюун
ухаанаа уралдуулах юм.
Тэмцээнийг Хөдөлмөрийн яам, Боловрсрол шинжлэх ухааны яам, Соёл спорт
аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулж, Олон Улсын Шатрын Холбоо
/FIDE/ болон Монголын Шатрын Холбооны /МоШХ/-ны дүрмийн дагуу зохион
байгуулж байна. Дэлхийд анх удаа 9999 шатарчин нэгэн зэрэг оюунаа
уралдуулж байгаа тус тэмцээнд ОУ-ын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан
Николаевич Илюмжинов өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцох юм. Бүх шатны
тэмцээн “Швейцарь систем” -р 5 өрөг тоглож, онооны дарааллаар байр
эзлүүлнэ. Хэрэв оноо тэнцсэн тохиолдолд
• Бух гольц
• Цэвэр хожил
• Бергер зэрэг чанарын үзүүлэлтийг харгалзан үзэх юм.
Насны ангиллын хувьд 7 хүртэлх нас , 8-9 нас, 10-12 нас, 13-15 нас,
16-18 нас ангиллаар зохион байгуулагдах бөгөөд шүүгчээр Монголын шатрын
холбоог төлөөлж ирсэн шатрын их мастерууд оролцох юм.
Дашрамд сонирхуулахад Завхан аймгийн 24 сумаас тэмцээнд оролцож байгаа
хүүхдүүдийн тоогоороо Улиастай хотын Чандмань эрдэнэ цогцолбор сургууль
1001, Их уул сум 999 шатарчин хүүхэд оролцуулж байгаа бол Улиастай хотын
цэцэрлэгээс 5 настай 38 хүүхэд оролцож байгаа мэдээ байна. Мөн бусад
сумдаас оролцож байгаа хүүхдүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг http://shatar.zavkhan.gov.mn сайтаас авах боломжтой юм.
Ийнхүү Завхан аймаг эдгээр өдрүүдэд шатрын спортоор амьсгалж, гурван
тулгуурт бодлогын хэрэгжилт тус аймагт хэрхэн явагдсаныг дүгнэж байна.