Categories
мэдээ цаг-үе

Д.Амарсайхан агсны ах Д.Наранбаатар: Талийгаачийг овог нэрээр нь дуудаад ял сонсгоход тэсмээргүй байсан


хадам ах Д.Наранбаатартай ярилцлаа.

-Монголын шүүх нас барсан хүнийг шүүж байгаа нь их эвгүй харагдаж байсан. Д.Амарсайхан агсанд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хэлэлцжээ. Анхан шатны шүүх шигээ талийгаачийг амьд байгаа юм шиг яллаж, тогтоол уншиж байна уу?

-Талийгаачийг минь шүүх хуралдаанд хоёр удаа суулаа. Бурханы оронд очсон хүнийг шүүж байгаа тийм зүйлийг над мэт энгийн хүн бол ойлгохгүй юм билээ. Хуульчдаас асуухаар тухайн хүн нас барсан бол хэргийг нь тусгаарлаад хэрэгсэхгүй болгодог гэсэн. Тэгтэл талийгаачийг амьд хүн шиг овог нэрээр нь дуудаад, ял сонсгож байгааг сонсох нь үлдэж хоцорсон хүмүүст тэсмээргүй мөч байсан. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр ч нэр усаар нь цоллосоор байгаад л ялын тогтоол уншлаа.

Талийгаачийн өмгөөлөгч хэргийг хэлэлцүүлэх хүсэлт тавьсан юм уу?

-Төр иргэнээ шоронд хорьж, хамгаалалтандаа авчихаад амь насанд нь хүрчихлээ. Талийгаачийг яллагдагчаар татсан тогтоол байхгүй, сэжигтнээр татагдсан, хүн учраас гэм буруугийн асуудлыг ярих боломжгүй. Тийм учраас гэм буруугийн асуудлыг хэлэлцэхгүй байх ёстой гэж өмгөөлөгч нь анхан шатны шүүх хурал дээр хэлсэн ч хүлээж авалгүйгээр шийдвэрээ гаргачихсан. Улмаар талийгаачийг гэм буруутайд тооцоод нас барсан гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон шүү дээ. Нэгэнт гэм буруугийн асуудал шийдэгдсэн учраас өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаан дээр цагаатгах байр сууринаас оролцохоос аргагүй болсон. Ингэхдээ өмгөөлөгч хоёр үндэслэлээр цагаатгах байр сууринаас хуралдаанд оролцсон. Нэгдүгээрт талийгаачийг яллагдагчаар татаагүй, сэжигтэн байхад нь шүүчихсэн. Хоёрдугаарт, авлига авсныг нь нотлох ямар ч баримт хавтаст хэрэгт байхгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан.

Давж заалдах шатны шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Өмгөөлөгч “Энэ хүн яллагдагч мөн бол ял сонсгосон тогтоол нь хавтаст хэргийн хаана нь байна вэ” гэдэг асуудлыг ярьсаар байгаа. Давж заалдах шатны хурал дээр шүүгчид үүнийг улсын яллагчаас тодруулж асуусан. Улсын яллагч “Яллагдагчаар татсан тогтоол байхгүй” гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн. Нөгөө талаас шүүгч “..Шүүх таамгаар асуудалд хандахгүй, зөвхөн нотлох баримтанд тулгуурлаж хэргийг шийднэ. Газрын тосны талбайн сонгон шалгаруулалтын журмыг зөрчөөд авлига авсан гэдгийг нотлох баримт бий юу?” гэхэд улсын яллагчаас “Байхгүй” гэж хариулсан. Нэг нь сануулж, нөгөө нь хүлээн зөвшөөрөөд байхад шүүх ял өгөөд байгааг ойлгохгүй юм.

Улсын яллагч Эрүүгийн байцаан шийтгэх хуулиа зөрчиж сэжигтэнг шүүхэд шилжүүлснээ хүлээн зөвшөөрсөн гэсэн үг үү?

-“Яллагдагчаар татах тогтоолыг хэн үйлддэг юм бэ” гэдгийг шүүгч тодруулж асуусан. Мөрдөн байцаагч тогтоол үйлдэх ёстой, гэхдээ тэр тогтоол нь хавтаст хэрэгт байхгүй гэдгийг улсын яллагч хуралдаан дээр хэлсэн. Тэр тогтоолыг үйлдсэн юм уу, эсвэл байсан тогтоол хавтаст хэргээс алга болчихсон юм уу гэж шүүгч лавлаж асуусан. Улсын яллагч тийм тогтоол байсныг өөр хоёр өмгөөлөгчийн мэдүүлгээр нотлогддог гэж хариулж байна лээ. Гэхдээ анхан шатны шүүх дээр нотлох баримт нь гарч ирээгүй шүү дээ.

Өмгөөлөгчид Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд татгалзсан. Нэгэнт ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс хэргийг хэлэлцсэн учраас гэм буруутайд тооцох л байсан гэдэг хардлага танд байдаг уу?

-Анхан болон давж заалдах шатны шүүхэд итгэх итгэл үнэхээр алдагдсан. Шударга байх, ариун тунгалаг, хараат бус байх ёстой шүүх ийм эмгэнэлтэй байгаад харамсч байна. Шүүгч гэдэг чинь хүн шүү дээ. Түүнд хүний ухамсар, ёс зүй байж л таарах байх. Гэтэл тэд арьсаа хамгаалсан, утсан хүүхэлдэй шиг асуудалд хандаж байгаа нь харагдах юм. Ийм байгаа нь нэр бүхий хэдхэн шүүгчийг улам бүр ичгэвтэр харагдуулж байна шүү дээ.

Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн зарим шүүгч өөрсдийгөө хамгаалахын тулд талийгаачид холбогдох хэргийг өөрсдөө хэлэлцсэн гэж үү?

-Анхан шатны шүүх хуралдаан эхлэхэд талийгаачийн ар гэр болон өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүн болон прокуророос татгалзсан. Гэтэл тэд өөрсдийнхөө буруутай үйл ажиллагааг хаацайлахын тулд хүсэлтийг хүлээн авахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд шүүх хурлыг үргэлжлүүлсэн. Дэндүү увайгүй улайрсан нь өөрсдийгөө хамгаалж хаацайлах биш харин ч шүүхийг ёс зүйгүй, шударга биш харагдууллаа шүү дээ. Хүний хувь заяаг шийддэг шүүхэд ашиг сонирхлын зөрчил огт байх ёсгүй. Гэтэл ар гэрийнхэн нь тухайн шүүхийг хүн амиа алдахад хүргэсэн гэж үзсэн учраас өмгөөлөгчөөрөө дамжуулж татгалзсан шүү дээ. Прокуророос ч татгалзсан. Яагаад гэвэл талийгаачийг Цагдан хорих ангид хорих хүсэлтийг шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож байгаа прокурор өөрөө гаргаж, шүүх хуралдааныг даргалсан шүүгч өөрөө баталсан байдаг. Тэдний шийдвэрээр шоронд хоригдсон хүн төрийн хамгаалалтад амиа алдсан. Ийм байхад уг прокурор болон шүүгчээс татгалзах хүсэлтийг Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн ерөнхий шүүгч хүлээн авч шүүх бүрэлдэхүүнийг солих ёстой байтал нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр шүүх хурлыг үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан нь шүүхийг тэр чигт нь муухай харагдуулчихлаа. Хэрвээ тэд “Нээрээ бид татгалзах ёстой шүү” гэдэг байдлаар хандсан бол Монголын шүүх ард түмний дунд шударга харагдах байсан юм.

-Анхан шатны шүүх хуралдааны үеэр талийгаачийн ар гэрийнхний нэг “Шүүгчид ядаж эмгэнэл илэрхийлчихээд гэм бурууг нь ярихгүй дээ. Энэ бол хүн ёсны л асуудал” гэж ярьсан нь сэтгэл эмзэглүүлж байна лээ. Шүүх шударга байснаас ухаалаг байх нь дээр гэдэг үүн дээр ч харагдаж байх шиг байсан.

-Төр төмөр нүүртэй гэдгээр шүүх хандсан юм байгаа биз дээ. Үндсэн хуульдаа заасан хүнлэг, энэрэнгүй байдал бүх л шатанд илэрч баймаар юм. Гэтэл шүүгчид шууд л улайрсан.

Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгчдийн нэг “Энэ хэрэг анхнаасаа улстөржсөн” гэж ярьж байна лээ. Улстөржсөн гэхээсээ илүү шүүх шүүгчдээ хамгаалсан асуудал яригдах болов уу?

-Хуралдаанд оролцсон шүүгчид шүүхээ, шүүгчээ хамгаалж байна гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийнхээ алдаа дутагдлыг дараагийн шатных нь шүүхүүд засдаг гэж ойлгож байлаа. Гэтэл анхан шатны шүүх ашиг сонирхлын зөрчилтэй, хэргийг өөрсдөө шийдэж алдаа гаргачихаад байхад “Нас барсан хүн босч ирэх биш” гэдэг байдлаар хандаад байгааг шүүх шүүхээ хамгаалж байна гэж үзэхэд хүргэж байгаа юм.

Талийгаач МАН-ын бага хурлын гишүүн байсан учраас улс төртэй холбох ёстой юм болов уу. Эсвэл шоронд амиа алдсан учраас хуулийнхан улс төр гэдэг үгээр халхавчлах шаардлага гарсан юм болов уу?

-Ерөөсөө улс төр орно гэдгийг ойлгохгүй байна шүү дээ. Шүүх засаглалд улс төр нөлөөлдөг, халхавчлах үндэслэл болчихсон юм уу, ойлгохгүй байна. Шүүхээр шийдэж байгаа хэрэгт улс төр орох ямар ч шаардлагагүй баймаар юм. Улс төр гэдгийн ард хэн байх ёстой юм. Тэр хүн шоронд нас барсан нь нэг хэсэг хүнийг гэм буруутайд тооцох нөхцөл үүссэн учраас өөрсдийнхөө арьсыг хамгаалах үйлдлээ “улс төр” гэдэг хий хоосон зүйлээр халхавчлаад байна уу.

Шүүгчид арьсаа хамгаалж “Нас барсан хүн босоод ирэх биш” гэдэг байдлаар хандсан гэж үзвэл талийгаачтай хамт шүүгдсэн гурван хүн хэлмэгдэж байгаа юм биш биз. Хэрвээ Д.Амарсайхан агсан хорих ангид нас бараагүй бол шүүх гэм бурууг нь шударгаар шүүх байсан гэх бодол төрөх юм уу?

-Магадгүй. Талийгаачийг гэм буруутай байсан шүү гэдэг ойлголтыг өгч, өөрсдийгөө бага ч болов хамгаалах үүднээс ял өгөх гээд байна уу гэдэг таамаглал бий. Хэрвээ талийгаач амьд байгаад, шүүх хуралдаан дээр өөрөө өөрийгөө хамгаалах мэдүүлэг өгсөн бол үр дүн нь өнөөдрийнхөөс өөр гарах байсан гэдэгт итгэлтэй байгаа. Талийгаачтай хамт шүүгдсэн гурван хүний хоёр нь цагаадсан. Тэгсэн атлаа цагаадсан хоёр хүний нэг нь гурван өрөө байраа улсад хураалгаад хохирчихоод сууж байна шүү дээ. Талийгаачид авлига өгсөн гээд байгаа Х.Анхбаяр гэдэг залуу эрүүл мэндээрээ хохирч, 461-р хорих ангид байх үедээ хавдартай болж, түүнийгээ мэс заслын хагалгаанд орж эмчлүүлсэн ч дахин хавдар сэдрэн өөр газарт гарсан, хоёр бөөрний үрэвсэлтэй болсон тухайгаа шүүхэд мэдүүлж, хүсэлт гаргасан ч авч хэлэлцээгүй. Энэ мэт ноцтой асуудал олон бий. Тэр залуугийн бие маш муу байгаа учраас дахиад муу мэдээ сонсогдох вий дээ гэж болгоомжилж байна.

Талийгаачийг гурван өрөө байр авлигад авсан гэх хэргээр шүүсэн. Анх Х.Анхбаяр гэдэг хүнийг шалгаж байтал түүний байранд талийгаач амьдарч байсан гэдэг асуудал яригддаг. Тэр ямар учиртай байр юм бэ?

-Талийгаачийн дүү Чандмань гэдэг залуу Анхбаярын компанид ажилд орохоор тохиролцохдоо гурван өрөө байрыг хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан юм билээ. Чандмань, Анхбаяр хоёр олон жилийн өмнө Германд танилцсан юм билээ. Үүнд талийгаач ямар ч хамаагүй. Чандмань тэр байрандаа амьд-рахгүй болохоор түрээслэх гэж байж. Ингээд л талийгаачийнх тэр байрны урсгал зардлыг төлж, гарахдаа тохижуулж өгөхөөр тохиролцоод нүүж очсон юм билээ. Жаахан хүүхэдтэй болохоор агаар сайтай гээд л Зайсангийн байранд амьдраад үзье гэж эхнэр нь шийдсэн байгаа юм. Үүнд талийгаачийн ямар ч оролцоо байгаагүй. Ингээд тэр байранд амьдарч байтал АТГ-ынхан ирээд “Анхбаярын байранд Амарсайханых амьдарч байна. Энэ авлига байж таараа” гээд л зүтгэчихсэн. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ энэ тэрээрээ Чандманийнх гэдэг нь батлагддаг. Бүр орон сууцны үнэ болох 100 000 долларыг Чандмань Анхбаярт өгчихсөн юм билээ. Гэтэл Чандманиар халхавч хийж орон сууц авлигад өгчихсөн гээд л яллачихсан шүү дээ.

Талийгаачийг таньдаг, мэддэг хүмүүс нуруутай, төрийн хар хүн байсан гэж ярьдаг юм билээ. Та хүргэнтэйгээ хэр ойр байв?

-Манайхан нэгийнхээ амьдралд хэт оролцоод байдаггүй. Гэхдээ дүү бид хоёр хоёулхнаа. Нэг насны зөрүүтэй дэрсхэн өссөн хоёр. Тиймээс ч нэгэндээ маш их хайртай, өөриймсөг өссөн. Тийм ч учраас ийм хүнд үед ахын хувьд хамт л байна. Яавал нулимсыг нь бага гаргах бол, юу яривал зовлонг нь нимгэлэх бол гэж хором мөч бүрт бодож явна. Талийгаачийг хүүхэд байхаас нь мэднэ. 1-р сургуульд манайхаас дээд ангид сурдаг. Толгойтой, гоё ах л гэж ярьдаг байлаа. Төрийн хар хүн гэдгийг талийгаачаар л төсөөлдөг. Эр нөхөр, эцэг, төрийн хүн ямар байх ёстой юм түүний л үлгэр жишээ байсан юм шүү дээ. Хүнээс нэг байр авчихаад гарын үсгээ худалдах хүн яавч биш. Төрд орохоосоо өмнө бизнес эрхэлж байсан, гэргий нь ч өөрийн гэсэн ажилтай. Тийм хүн ганц байр авахын тулд гарын үсгээ худалдахгүй л дээ. Үнэхээр байр хэрэгтэй байсан бол би өөрөө барилгын компанитай. Ганц охин дүүдээ орон сууц бариад өгчилгүй яахав дээ. Гэхдээ энэ хоёр маань надаас гуйхааргүй хүмүүс. Нүдний хор нь гарчихсан хүн байдаг даа. Талийгаач тийм л хүн. Олон улсын худалдааны мэргэжилтэй. Бизнес хийж, хувийн дээд сургуультай байхдаа төрийн албанд орсон юм шүү дээ. Өөрийн гэсэн хөрөнгийг босгочихсон байхдаа төрд орсон хүн дүүгээ золиосолж халхавч хийгээд байр авна гэдэг байж боломгүй асуудал.

Талийгаач бид хоёр “40 мянгат”-ын хүүхдүүд. Бүгд сэхээтний гэр бүлээс гаралтай. Социализмын үед аав нь Эрүүл мэндийн яамны дэд сайд, Намын төв хорооны хэлтсийн даргын албан тушаал хашиж байсан хүн байдаг. Их ноён нуруутай, сайхан хүн. Удам дамжсан төрийн түшээ гэж хардаг. Гэр бүлийн суурь хүмүүжлийг нь харсан ч хар буруу юм хийхээр хүн биш. Тийм ч учраас аль ч засгийн үед манай хүн ажлаа хийгээд л явдаг байсан.

Уучлаарай, талийгаачийг бас “Петрочайна Дачин тамсаг”-ийн хэрэгтэй холбож байсан. Энэ хэрэг юу болсон бэ?

-Анх талийгаачийг маань газрын тосны борлуулалтаас Монгол Улсад ноогдох орлогоос 50 тэрбум орчим төгрөгийг Хонконгт байх дансаараа дамжуулж хувьдаа завшсан гээд л хэвлэл мэдээллээр дуулиан тарьж, интерполоор эрэн сурвалжилж байна гэж хүртэл шуугисан. Гэтэл тэр хэрэг хэрэгсэхгүй болсон талаар дүүргийн хоёрдугаар прокурорын газраас мэдэгдэх хуудас өгсөн. Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас 2014 оны долдугаар сарын 28-ны өдрийн 2150 тоот тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-ээр “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тухай миний дүү, талийгаачийн эхнэр Д.Нарантуяад танилцуулаад, “Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайхан нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Монгол Улсын Засгийн газартай байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Тосон уул 19”, “Тамсаг 21” талбайгаас олборлосон газрын тосны борлуулалтаас болон Монгол Улсын Засгийн газарт ноогдох орлогоос хувьдаа завшсаны улмаас Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, эрүүгийн хэргийг “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг танд мэдэгдэж байна” гэсэн мэдэгдэх хуудсыг дүүргийн хоёрдугаар прокурорын газраас 2014 оны наймдугаар сарын 8-нд өгсөн байдаг.

-Та бид хоёр шүүх хуралдааны талаар ихэвчлэн ярилаа. Ар гэрийнхнийх нь хувьд бугшсан гомдол, хэлж яримаар зүйл их байгаа нь гарцаагүй. Хүний эрхийн дэд хорооны дүгнэлтийг хүлээж байгаа учраас ил гаргахгүй байгаа бололтой.

-Хүлээж байна. Хэлмээр, яримаар юм асар их байна. Дүүгээ бодохоор л… Авлига гэдэг бидний санаанд багтамгүй муухай хэрэг. Гэтэл хань нь ийм хэрэгт холбогдоод гэмгүй гэдгээ шүүхээр тогтоолгож, нэрээ цэвэрлэж амжаагүй байхдаа шоронд амиа алдчихлаа. Тендер зарласан ч хэрэгжээгүй, одоо ч улсын мэдэлд байгаа талбайд, хэнд ч хохирол учруулаагүй төслийг хэзээ хойно талийгаачид нялзааж авлига авсан болгож, шоронд хориод, эцэст нь алтан сайхан амийг нь авчихлаа. Шүүх үнэнийг тогтоосон бол ядаж л нэр нь цэвэрлэгдэх байсан юм. Ухаан орж байгаа үр хүүхэд нь томроод аавынхаа тухай мэдээд яах билээ.

Дүү минь өөрөө зүрхний эмч. Зүрхний шигдээс өвчнийг судалж үүгээрээ докторын зэрэг хамгаалсан. Тэгсэн атлаа ханьдаа ганц тариа хийж өгч чадалгүй алдчихаар ямар байх билээ. Бид “Энэ хүний бие болохгүй байна. Эмчлэхгүй бол болохоо болилоо” гэж маш олон удаа хандсан ч төр төлөөлж байгаа хэдхэн хүн “Шоронд эмчилчихнэ” гээд халгаагаагүй юм шүү дээ. Харамсал барагдахгүй юм билээ. Дүү минь үнэхээр сэтгэлийн дарамттай, зовлон шаналал дунд өдөр хоногийг өнгөрөөж байна.

Шүүх хэргийг эцэслэн шийдээгүй учраас тэр авлига авсан, өгсөн гэдэг асуудлынх нь талаар дэлгэрүүлж ярих боломжгүй. Үнэндээ хэн ч сонссон инээд хүрэхээр хэрэг тулгасан юм шүү дээ.

Ц.ӨРНӨХ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *