“Учиртай гурван
толгой” дуурийн Балганы дүрээрээ, “Халуун
элгэн нутаг” дуугаараа түмний сэтгэлд мөнхөрсөн Монгол Улсын Ардын жүжигчин, дуурийн
нэрт дуучин Д.Жаргалсайхан агсны гэргий Ц.Цэндэмтэй
ярилцлаа.
-“Халуун элгэн
нутаг” гэхээр л хамгийн түрүүнд хань тань санаанд буудаг. Энэ дуутай холбоотой нандин
дурсамж өчнөөн бий байх?
-Тийм шүү. “Халуун
элгэн нутаг” дууг манай өвгөн л дуулах ёстой юм шиг болчихсон байсан. Өвгөн маань
урлаг соёл, улс төрийн том арга хэмжээнүүдийн төгсгөлийг “Халуун элгэн нутаг”-аараа
хийнэ. Бараг л ёс болсон байсан даа. Ханийгаа амьд сэрүүн байх үед манай ширээ амьд
цэцгээр тасардаггүй байлаа. Энэ дуугаа дуулсных нь дараа хүмүүсийн хүндэтгэж өгсөн
цэцэгс гэрт минь үнэхээр сайхан уур амьсгал бүрдүүлдэг байжээ.
-Жаргалсайхан агсныг Дорнодын театрт ажиллаж эхэлсэн гэдэг байх аа.
Дуурийн театрт хэдэн оноос ажиллаж эхэлсэн бэ?
-Өвгөн маань Дорнод
аймгийн Дашбалбар сумын хүн. Дорнодын театрт 1957 онд ажилд орсон юм. Тэнд хоёр
жил ажилласных нь дараа 1959 онд Улаанбаатарын төв театрт татаж авсан байдаг. Тэрнээс
хойш Дуурийн театртаа тасралтгүй ажилласан
даа.
-Балганы дүрд тоглосон тоог нь гаргаж үзсэн үү?
-Балганы дүрд яг хэдэн
удаа тоглосон бэ гэж тоолж байгаагүй юм байна
шүү. Тоймгүй их тоглосон доо. Би анхны тоглолт болгоныг нь үздэг байлаа. Миний хань 30 гаруй дуурийн 40-өөд дүрд тоглосон.
Тоглосон концертыг нь тоолж байсангүй дээ. Ямар ч байсан 30 гаруй орноор аялсан
байдаг юм. Жаргалсайхангүй төрийн концерт, Жаргалсайхангүй эхэлдэг үйл ажиллагаа
гэж байгаагүй. Дуурийн хамаг голыг нугалж байсан алтан үеийнхний сүүлч байсан даа,
миний хань. Соёлын өдрүүд хаана болно явдаг
байлаа шүү дээ.
-Хуучин цагт урлагийнхан
гадаад явахаас гадна бригадаар хөдөө гадаа явж концертонд орохоос эхлээд гэртээ бараг л үзэгддэггүй байсан гэдэг.
Арын албаа яаж амжуулж байв?
-Хүүхдүүдээ өсгөхөд хадам ээж маань их дэм болдог байсан. Тэр үед
хүүхдээ төрүүлээд сар хагас болоод л шууд ажилдаа ордог байсан юм. Манай хүн урлагийн
бригадаар их явна. Хэд хэдэн орноор дамжиж тогловол сар болох энүүхэнд. Би хүүхдүүдээ
төрүүлснээс хойш 1976 онд Германд аспирантурт таван жил сурсан юм. Тэр хугацаанд
хадам ээж минь л арын алба хариуцаад үлдэж байсан. Нөхөр бид хоёрын хол байсан хугацааг
тоолбол бараг 15 жил болдог юм. Хол байна гэдэг хайрын бас нэг шалгуур болдог юм
билээ.
-Та хоёрыг нэг
голын хүүхдүүд байсан гэж дуулсан. Нутгийн тань хүү хайраа яаж илэрхийлж байсан
бэ?
-Тийм ээ, бид хоёр
чинь нэг голынх. Улз голын хүүхдүүд байгаа юм. Баян-Уул сумын дунд сургуулийн зургадугаар
ангид орох жил Жаргалсайханыг анх харж байсан. Тэр маань нэг ангиар ах. Долдугаар
ангийн сурагч. Бүсээ доогуур бүсэлсэн шар залуу хааяа концертонд дуулдаг байлаа.
Тэр үед улаан буланд кино үзүүлнэ. Киног бүлэг бүлгээр дамарт ороочихоод үзүүлдэг
байсан цаг. Нэг бүлэг дуусаад л кино зогсож
дамраа сольдог байсан юм. Нэг киноны завсарлагаар би арагшаа хараад инээсэн юм билээ.
Тэрийг л манай хүн “Намайг хараад инээсэн” гэж ярьдаг юм. Би инээмтгий хүүхэд байсан
л даа. Тэр үедээ “Би чамайг харж инээгээгүй” гэж их маргана. Тэгээд нэг л мэдэхэд надад захиа өгдөг болчихсон юм. Бас их дүрсгүй,
хоёулаа түлээний хажууд уулзмар болно оо. Нэг өдөр дотуур байрандаа унтаж байтал
бөөн шуугиан болоод явчихлаа. Өвөрт хүйтэн хөлтэй нэг хүн ороод ирдэг байгаа. Манай
тасгийнхан цочсондоо хашгирч бөөн юм боллоо. Дотуур байрныхаа багшид баригдаж арга
хэмжээ авахуулж байлаа. Би тэр жилээ төгсөөд аймгийн сургууль руу шилжсэн юм. Дараа
нь Жаргалсайхан маань зургадугаар фестивальд явж, театрт орж урлагийн хүн болсон
доо. Би найзуудтайгаа тоглолтыг нь үздэг байсан. Тэгж байтал Улаанбаатарын төв театр руу татаж авсан юм.
-Нэг хэсэг холбоогүй
байжээ дээ?
-Тиймээ, тэр үеэс
хойш хэсэг хугацаанд таарахаа больсон. Дараа нь их сонин учралаар таардаг юм. Би
1961 онд арван жилээ төгсөөд Москвад сургуульд сурахаар боллоо. Сүхбаатарын талбай
дээр ангийнхаа хүүхдүүдийг хүлээгээд сууж байсан юм. Ангийнхаа нэг хүүхэдтэй хамт.
Тэгсэн Дуурийн театр талаас манай хүн гараад ирдэг байгаа. Бид хоёртой мэндлээд
юм ярьж хэсэг суудаг юм. Их гоё залуу болчихож. Явахдаа “Би Учиртай гурван толгой дуурьд дуулна. Та хоёрыг
урья” гэж байна. Бид хоёр ч яваад очсон. Анх удаа тэгэхэд л Балганд дуулж байхыг
харсан даа. Их гоё дуулсан. Би тэр үед Жагаагийн садангийн охиныд хамт байсан юм.
Дуурь дуусаад намайг хүргэж өглөө. Тэгж л дөрвөн жилийн дараа бид хоёрын үерхэл
сэргэсэн. Дуурийн театрын ард өрөө хөлсөлж амьдарч эхэллээ. Тэгээд 1961 оны намар
би Москвагийн Ангаах ухааны дээд сургууль руу эм зүйчээр, өвгөн маань Болгарын Хөгжмийн
дээд сургууль руу дуурийн дуулаачаар сурахаар болсон. Тэр үед биднийг гаргаж өгөх
цайллага хийсэн юм. Бид хоёр тэр цайллагыг
хуримынхаа өдөр гэж тооцдог. Ингээд бодохоор 50 жил ханилсан байна даа. Багадаа
танилцсаныг бодвол 55 жил л дээ.
-Танай хүүхдүүдээс
урлагаар явсан хүн гэвэл лав Чингис байна.
Өөр мэргэжлээр сурсныхаа дараа аавынхаа
мэргэжлийг өвлөж дуулдаг болсон?
-Ариунаа, Чингэс,
Оюунаа гээд гурван хүүхэдтэй. Ариунаагаа 1963 онд оюутан байх үедээ төрүүлсэн. Одоо
Хөгжим бүжгийн коллеж, “Сити” дээд сургуульд багшилдаг. Бага охин Оюунаа энд Ангаах
ухааны дээд сургуулийг хүний эх эмчээр төгссөн. Одоо шүүхийн шинжилгээний үндэсний
хүрээлэнд биологийн шинжээч хийдэг. Хүү Чингэс маань 1967 онд төрсөн. Одоо Оюу толгойд
ажилладаг. Чингэс Дүрслэх урлагийн дээд сургууль төгссөн зураач хүн. Төгсдөг жилээ
дуулдаг авъяастай гээд гэнэт шалгалт өгөөд тэнцчихсэн. Тэгээд л аавынхаа сурсан
Болгарын Хөгжмийн дээд сургууль руу дуурийн дуучнаар буюу аавынхаа мэргэжлээр сурч
ирсэн юм. Ирээд дуурьт хэдэн жил ажилласан. Бас рок, поп урсгалаар ч дуулсан. Хэл
сурна гээд Америк руу Калифорнийн их сургуульд яваад Компьютер график дизайны анги
төгсөөд ирсэн. Манай хүү гурван мэргэжил эзэмшсэн хүн. Аав нь үүнд нь их л олзуурхдаг
байсан.
-Ханийнхаа байнга
ярьдаг байсан үгийг дурсаач?
-Манай өвгөн хүн амьдралд
заавал гурван юм хийсэн байх ёстой гэж ярьдаг байсан. Тэр нь байшин барих, мод тарих,
үр хүүхэдтэй болж удмаа үлдээх. Тэднийгээ бүгдийг нь хийсэн дээ. Шадивлан зусланд өөрөө байшин барьж
байлаа. Тэндээ мод, ногоо тарьдаг байсан. Биднийг хүндэлдэг сайхан хүүхдүүд маань
байна.
-Хань тань олон
сайхан найзтай байх?
-Олон сайхан найзтай.
Гавьяат багш Б.Цэрэндорж их ирдэг байсан, доктор Мөнхбаатарынхтай гэр бүлийн сайхан
найзууд. Ангийн найз нь Ч.Цэдэн-Иш гээд гавьяат эмч бий. Буриад, Монголын гавьяат
жүжигчин Ухнаа байна. Хэлээд байвал дуусахгүй олон доо. Ч.Цэдэн-Иш маань багаасаа нөхөрлөсөн андын хувьд
манай хүнийг их дурсаж ярина. Эв дүйтэй,
найрсаг, санасан зүйлээ хийж байж санаа амардаг хүн гэж ирээд магтдаг юм. Тэр хоёр
нэг ч удаа ам зөрж байгаагүй гэдэг юм билээ.
-Та хаана ажиллаж
байсан бэ?
-Би төгсөж ирээд эмийн
заводод ажиллаж байсан. Цехийн мастераас эхэлж байлаа. Технологич инженер хийж байгаад Улсын эм хангах үйлдвэрлэлийн газар гэж байгуулагдахад
мэргэжилтнээр очиж байлаа. Герман руу аспирантурт яваад төгсөж ирээд Ардын эмнэлгийн хүрээлэнд олон жил ажилласан. Тэндээсээ
тэтгэвэрт гарсан даа.
-Нөхөр тань хэр
халамжтай хүн байсан бэ?
-Хачин их халамжтай.
Хүүхдүүд нь өвчин тусвал манай өвгөн л эмнэлгээр авч явна. Голдуу орой ажилладаг
болохоор л тэгдэг байсан юм болов уу. Надад эмнэлгээр явах зав бараг л гардаггүй
байсан юм. Бид хоёр орой байнга телевиз үзэж
үзэл бодлоо хуваалцана. Их шооч. Дандаа л
инээлгэдэг байлаа. Өвгөн маань өвдсөн байхдаа ч сэтгэлийн хаттай амьдарсан. Байнга
л хошин юм ярьж инээлгэдэг байлаа.
-Хүү чинь дуурьт
ажиллаж байхдаа Балганы дүрд тоглож байсан уу?
-Манай хүн хүүгээрээ
их бахархдаг гэж бичсэн байсан. Балганы дүрд нэг удаа тоглосон. Японы Юми сан гээд охин Нансалмаад тоглоход
мань хүн нэг удаа Балганд тоглосон байдаг юм.
Удаан тоглоогүй л дээ. Аав нь үзээд их сайхан болсон гэж байсан. Саяхан Чингэс
маань наймдугаар сарын 18-нд “Алтаргана” наадмаар арав гаруй Буриад дуутай CD гаргасан.
Аав нь хүүдээ “Би дан буриад дуугаар CD гаргаж амжсангүй, чи гаргачихаарай” гэж
захисан байсан юм.
-Хүүгээ дууриар
явуулах хүсэлтэй байсан байх даа?
-Тийм ээ. Хүү маань
“Мэргэжлийн дуучин хүн ямар ч жанрын дууг дуулж чаддаг байх ёстой гэж аав та өөрөө
захидаг биз дээ” гэж хэлж байсан. Тэгээд л аав нь өөр жанраар явахыг нь зөвшөөрсөн
дөө.
-Хань тань нэлээд
хэдэн ном бичсэн хүн. “Мартаагүй” гэсэн ном
нь олон их хүрсэн санагддаг?
-Тэгсэн нэлээд олон
ном бий шүү. Театраас тэтгэвэрт гараад Хөгжим бүжгийн коллежид багшилж байсан юм.
Ер нь л гэртээ байх хугацаандаа зүгээр суухгүй. Тэгээд л хэд хэдэн ном гаргасан
юм. Өвгөн маань мэнд байхдаа “Мартаагүй 1” номоо бичсэн дээ. Уран бүтээлч талаасаа
бичсэн ном учраас хүмүүст илүү хүрсэн байх. Бурхан болсоных нь дараа би “Мартаагүй 2”
гэдэг ном бичсэн. Өвгөнөө ямар хүн байсныг нь бичсэн дурсамж ном л доо. Тэр
номондоо “Хагас зууныг хамтдаа” гэсэн нэр өгсөн. Учир нь 50 жил ханилсан дурсамжаа
сийрүүлж бичсэн юм. Одоо бас тэр номоо орос хэл рүү орчуулах гээд ажиллаж байна.
-Танай хүн энд
тэнд соёлын өдрүүдэд их оролцдог байсан. Тэр өдрүүдээс нь сэтгэлд үлдсэн дурсамж
өчнөөн байх. Онцолж нэг тохиолдол яриач гэвэл та алийг нь онцлох вэ?
-Өө тоймгүй их явна
шүү дээ. Надад ямар дагаж явах боломж байх биш. Найз нөхөд, өөрийнх нь ярианаас
л сонсож байсан. Москвад болсон соёлын өдрүүдээр манай хүнийг үнэхээр сайхан хүлээж
авсан гэж ярьдаг. Манай хүн урын сандаа хэдэн орос дуутай байсан л даа. Ф.И.Шаляпины
“Петрийн гудамжаар”, “Согтуу хүний дуу” зэргийг дуулахад алга ташаад тайзнаас буулгахгүй
байсан гэдэг юм. Бас Чехэд 1979 онд “Худалдагдсан бэр” дуурьд Гецал гэдэг хошин
дүрд тоглож байсан юм. Прагийн дуурьт дуулахад
их хүндэтгэлтэй хүлээж авлаа гэж маш их баярлаж байсан даа. Тоглолт дууссаны
дараа нэг эмэгтэй хүзүүнээсээ зүүлтээ аваад өвгөнд маань зүүж өгсөн байдаг. Их гоё
олон өнгийн чулуунууд хэлхсэн уртаа гэгчийн зүүл. Хэд, хэд ороож зүүдэг байлаа. Тэр
зүүлтийг би насаараа зүүж байна.
-Ханиасаа бэлэг
их авч байсан уу. Тэр үед гадаад яваад ирсэн хүн сонин содон юм их авчирдаг байсан
байх даа?
-Манай хүн соёлын
өдрүүд гээд гадаад яваад ирэхээд голдуу л хүүхдүүддээ бэлэг авчирч өгдөг байсан
юм. Урлагийн хүн болохоор мэдрэмжтэй гэж жигтэйхэн. Хятадаас ирэхдээ барын нүдэн
ээмэг бөгж авчирч өгсөн юм. Бас нэг шинэ жилээр сайхан даашинз хийлгэж өмс гээд
гоё материал авчирч өгч билээ. Хамгийн сүүлд өвгөн маань өвдсөн байхдаа “Чамдаа
өөдтэй бэлэг өгч байсангүй, энэ л санаанд нийцлээ” гээд сувдан хослол авч өгсөн.
Миний хамгийн дуртай чимэг зүүлт маань тэр сувдаг зүүлт.
С.АРИУНЖАРГАЛ