Манай хотынхон хог хаягдлыг өөрөөсөө л зайлуулж байвал хаана хаях, тэр хог нь байгаль орчинд ямар хор нөлөөтэй вэ гэдгийг бодохыг ч хүсдэггүй гэлтэй. Ялангуяа барилгын зарим компанийн удирдлагууд зардал мөнгөндөө харам хандаж, хүний хөлөө зайдуу газар олоод хог хаягдлаа асгаж орхидог. Тэгвэл ажиллаж амьдарч байгаа нийслэл хотын байгаль орчин бохирдуулж, хоноцын сэтгэлээр ханддаг нөхдөд хариуцлага тооцож эхэлжээ. Тухайлбал, Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Туул голын сав газрын захиргаанаас Туул голын онцгой хамгаалалтын бүсэд хог хаясан нөхдийг илрүүлж, өөрсдөөр нь цэвэрлүүлж эхэлсэн байна.