Монголчуудыг бөх барилддаг хэдэн бор охид нь л баярлуулдаг болжээ. Жүдогийн ДАШТ-д эмэгтэй жүдочид багаараа мөнгөн медаль хүртсэний дараа бид жигтэйхэн баярласан. Манай сонин “Амьдралаа үүрч ирсэн монгол ээжүүдийн охид үзүүлээд өгөхөөс өөр яах билээ” гэж нийтлэл бичиж, ерээд оны шилжилтийн үеийг биеэрээ, сэтгэлээрээ туулж давж өнгөрүүлсэн монгол ээжүүд манай редакци руу утасдаж жүдочдоороо бахархаж байгаагаа, бас зах зээлд хөл тавьсан тэр өдрүүдэд эмэгтэйчүүд л байдгаа барж зүтгэж, хань ижилдээ түшиг болж байсан талаар хоолой зангируулан сэтгэгдлээ хуваалцаж байв. Одоо дахиад л эрэмгий монгол охидоо бахдаж бичиж байна. Сайн сайхан зүйлийг нэгэндээ дуулгаж, бахархаж үг холбохоос илүү сайхан зүйл хаана байх билээ.
Нэгэн үе Монголыг дэлхийд сурталчлах гол багана нь чөлөөт бөх байв. Ерэн он гарснаас хойш юм дуулгах нь багасч, хоёр мянган он давснаар бүр паг болчихсон байсан чөлөөт бөх сэргэж эхэлжээ. Тэр дундаа эмэгтэй бөхчүүд нь сонор мялааж, сэтгэл хөдөлгөж байна. Чөлөөт бөхөөр ДАШТ болж эхлээд гучин жил ч болж амжаагүй, Монголд эмэгтэйчүүд чөлөөт бөхөөр хичээллэж эхлээд хорин жил ч хүрээгүй шүү дээ. Хоёр мянгаад онд байх, олон улсын шүүгч тухайн үедээ Чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга байсан А.Басхүү гуай манай сонинд эмэгтэйчүүд чөлөөт бөхөөр барилдана гэсэн ярилцлагыг анх өгч байлаа.
Тухайн үед сурвалжлагч миний толгойд ч, бас олон олон уншигчдад бүсгүйчүүдийг чөлөөтөөр барилдана гэхэд буухгүй байсан. Манайд ч бүх зүйл шинэ, барилдах бөхчүүдээс нь эхлээд шүүгч ч байхгүй. “Хүндийн өргөлтөөс ганц хоёр охин бөх рүүгээ урвуулсан, чи овоо спорт мэддэг юм байна. Дүрэм журмыг нь судалж, сургалтад суугаад чөлөөтийн шүүгч болохгүй биз” гэж байлаа. Монголын эмэгтэй чөлөөт бөхчүүдийн түүх ингэж л эхэлж байж. Тэгвэл өнөөдөр дэлхийд өнгөлж чадна гэдгээ улам бүр баталж байна. Уржигдар 19хөн настай Сүхийн Цэрэнчимэд охины барилдаан монголчуудыг зурагтынх нь ард жинхэнэ өндөлзүүлсэн дээ. Түүний тэсрэлттэй барилдаан, хөл мэхэнд шилжиж буй хурд, өрсөлдөгчийнхөө дутуу хийсэн мэхийг хариулж буй сэтгэмж, амжилттай болсон мэхний хувилбартаа урамшиж байгаа эр зориг зэрэг нь өгүүлшгүй их таашаалыг өгсөн. Ялимгүй өөлбөл хэвтээ барилдаандаа анхаармаар санагдсан. Ийм торгон агшинд захын хорооллын борогхон гэрт нь ямар их тэсрэлт, залбирал, хайр ивэлж байсан гээ. Манай сонины сурвалжлах багийнхан шинэхэн алтан медальтнаа өлгийдөж авах гэж байсан С.Цэрэнчимэдийнд очиход энэ бүхэн мэдрэгдэж байсан юм. С.Цэрэнчимэд ах, эгч хоёртой. Эгч нь хүний хүн болоод Эрдэнэтэд амьдардаг, ах нь Солонгост ажиллаж байгаад саяхан нутагтаа ирсэн. Зургаа, долоон жил харьд ажилласан гэхээр С.Цэрэнчимэд охин ээжтэйгээ хамт өнгөрсөн он жилүүдийг үджээ. Бөх болох хүсэлтэй, барилдаж явсан ах нь эрүүл мэндийн улмаас барилдаж чадахаа болихдоо арав гаруйхан настай дүүгээ Ц.Хосбаярт шавь оруулаад хүний нутагт амьдрал хайхаар явжээ. Харин дүү нь ахынхаа хүслийг хөсөр хаялгүй, өөрөө барилдаж амжилтад хүрснээс дутахгүй ахыгаа баярлуулж байгаа нь сайхан. Баярласан ах нь дүүгээ одоо гавьяат авах болов уу гэж нэг амандаа дуугарч байна лээ.
С.Цэрэнчимэдийн гэр АлтанӨлгий Цагаахуаран тэр хавьд. Автобусны буудлаасаа гурван км орчмын цаана. Хэсэг засмал яваад цаашаа яалт ч үгүй шороо тоос боссон гудмаар туучихаас аргагүй. Гэхдээ мянга мянган жирийн монгол хүмүүсийн амьдрал буцалж байгаа тэр л гудамжнаас дэлхийн аварга төржээ. Энэ дэлхийн улс орнуудаас ганцхан Монголд л ийм орчин нөхцөл дундаас дэлхийн бөх төрж байгаа байх. Ээж нь хувийн жижиг тэргээрээ 500 төгрөгийн унаанд явдаг юм байна лээ. Төв замаас хол хүмүүсийг хүргэж өгч, тосон авдаг буянтай ажил. Гэрээс замд хүргэж, замаас гэрт хүргэж иржээ. Шавар шавхай туучин алхах жаал, хөгшидийг үнэ хөлс гэхгүй хүргээд өгчихнө. Ихэд шунахгүй, бага багаар зам туулсан энэ ээж дэлхийн аваргыг төрүүлжээ. Дэлхийн аварга охин өөрийн гэхээс өрөөлийн тал хашаануудаар хашаалагдсан эгэл даруухан байшинд амьдарна. Энэ гэрийг авч явах ах нь Солонгосоос ирснээр, тэднийх байшингаа засч эхэлсэн юм билээ. Ээж, ах хоёр нь охиноо, дүүгээ ирэхээс өмнө байшингаа засна гээд тун завгүй байсан. Бас хавь орчмын айлууд нь тэдний хашааны газрыг тэгш гээд бүгд машинаа оруулаад тавьчихсан байгааг харахад аваргын гэрийнхэн ямар олонтойгоо хүмүүс гэдэг нь харагдаад байсан. Охиноо гурав ч хүрээгүй байхад бурхан болсон аав Ж.Сүхээ нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын хүн ажээ. Заан Сүхээ гэхээр нутгийнхан нь андахгүй сайхан бөх байсан талаар аваргын ээж хуучилж сууна. “Сүхээ цэргээс ирчихээд эмнэг сургаж хоёр чихийг нь хулмайтал нь барьчихаад “Алив ээж барьж чадах уу. Би гэрээс хазаар аваад ирье” гэхэд “Үзээд алдъя” гээд хадам ээж эмнэг морь чихдэж байсан гэдэг шүү” хэмээн охиныхоо удам судрыг бахдан ээж ярина. “Сүүт гүүний унага, цуут хүний үр гэдэг” гэдэг дээ. Үнэхээр удам дамжсан тэнхээ, бяр бас ухаан ажээ. Эмнэг чихэддэг эмээгийн ус түрж өссөн охин дэлхийд тасархай байхаас ч яах билээ. С.Цэрэнчимэд ижийтэйгээ өссөн он жилүүдэд гэрийнхээ бүхий л ажлыг хийж, ус зөөж тэрэг түрж өссөн байж таарна. Багаасаа л үхрийн нойтон баасыг шуудайд хийчихээд “Би дийлнэ, би чадна” гээд чирээд явдаг байсан гэж байгаа. Үнэхээр тэр чадаж байна, тэр дийлж байна. Засч амжаагүй хуучин байшингаа өргөх шахам баярлалдах энэ гэр бүлээ авч явахаар боллоо, аварга охин нь. Нэг үеэ бодвол спортод амжилт гаргаж чадвал амьдрал нь баталгаатай болчихсон сайн цаг ирсэн. Тэр үүнийг мэдэж байсан учраас хичээж зүтгэж, хөлсөө дуслуулан хөдөлмөрлөжээ гэж ойлгогдож байна.
Түүнийг ухаалаг, заасан зүйлийг хурдан сурдаг гэж байсан. Бас нуруугаа чангалаад орилоод босоод ирэхээрээ эвгүй дээ хэмээн бөхийн тайлбарлагч хэлж байна лээ. Үнэхээр монгол бүсгүйчүүд ийм л байдаг. Шийдсэн үедээ хэнээс ч эмээж, нугарахгүй. Ийм эмэгтэйчүүд заавал юм дуулгаж таарна. Дэлхийд ямар азаар эмэгтэй бөхчүүд барилддаг болсон юм. Дэлхийн бөхчүүдийг хэдэн бор монгол охид маань ч гаргаахгүй дээ гэж бахархан омогшиж хөөрцөглөмөөр байна шүү. Хэнтийнхэн ч одоо юун Бат-Эрдэнэ аварга вэ гээд шинэ дэлхийн аваргаа угтаж авах байх даа. Хэнтийнхэн гэлтгүй бүгд л тэгмээр байна шүү.
Э.ЭНЭРЭЛ