-Ц.Бат батлан даалтад гарлаа–
Зам тээврийн сайд А.Гансүхийг твиттерээр гүтгэсэн хэмээн жиргээч “Бат инженер” буюу Ц.Батад Баянзүрх дүүргийн шүүхээс зуун хоногийн баривчлах ял оноогоод байгаа билээ. Тэрээр дээрх ялыг эсэргүүцэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Давж заалдах шатны шүүхээс Ц.Батын гомдлыг хэлэлцээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, түүнийг батлан даалтад гаргалаа.
Өчигдөр 16 цаг 15 минутын үед түүнийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүхээс батлан даалтад гаргасан юм.
Батлан даалтаар гараад ирэхэд нь түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
–Таныг хоригдсоныг хүмүүс янз бүрээр хүлээж авсан?
-Энд зөвхөн “Бат инженер”-ийг хорьсон асуудал байхгүй шүү дээ. Нийт монголчуудыг хорьсон асуудал. Би зүгээр л үг хэлсэн. Монгол Улсад чинь шүүмжлэх эрх бий. Эцсийн эцэст үг хэлнэ гэдэг чинь дарга нарыгаа магтаж байх эрх биш шүү дээ. Эсрэгээр нь үнэнийг хэлж байх тийм л эрх шүү дээ.
–Таныг эгчтэйгээ хамт А.Гансүх сайдын өрөөнд орж ирээд МИАТ–ийн албан тушаалд тавихыг гуйсан. Тэгээд албан тушаал өгөөгүйгээс твиттерээр өөр рүү нь дайрсан гэсэн утгатай зүйлийг А.Гансүх сайд ярьсан?
-Монголчууд унасан бөхийг өшиглөдөггүй гэдэг. Хүнийг унагаачихаад, шоронд хорьчихоод энд тэнд ярилцлага өгч шоу хийгээд явах нь утгагүй асуудал.
–Та твиттерийг юу гэж боддог вэ. Жиргээчид цуг–лаан хийх үеэрээ таныг манай нэр хүндтэй жиргээч–дийн нэг, залуу твиттерчдийн хүндлэлийг хүлээсэн хүн гэж дүгнэж байсан?
-Твиттер чинь хэвлэл биш шүү дээ. Бид нар одоо ярьж байна. Энэ яриа чинь л үсгийн хэлбэрт буучихсан хэлбэр. Би ингээд л хүнтэй ярьж байна, буу халж байна даа. Тэр чинь үсгийн хэлбэрт буучихаад байгаа нь тэр. Одоо ингээд ярьж байгааг та хэвлэл гэж
ойлгох уу.
–Зарим жиргээчид “Твиттер, фэйсбүүктэй холбоотой хуулийн заалт байдаггүй. Ц.Батыг байхгүй хуулийн заалтаар яллачихлаа” гэж байна лээ?
-Би хуульч биш юм чинь наад асуултад чинь хариулж чадахгүй шүү дээ. Яахав Улсын дээд шүүх хуулийн хэм хэмжээг тогтооно л доо. Анхан шатны шүүх чинь Улсын дээд шатны шүүхийн дээд талд гараад өнөөдөр твиттерийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд оруулчихлаа. Энэ нь болж байгаа эсэхийг нь би сайн мэдэхгүй байна.
–Та хэд хоног баривчлагдав?
-Би хоног тоолоогүй.
–Таныг өнгөрсөн сарын 18-нд баривчилсан билүү?
-Тийм.
–Танд өмнө нь удаа дараа сануулж байсан. Тэгээд эцэст нь болохоо байгаад баривчилсан юм биш үү?
-Тэр хүн сануулаад л, би тэрийг аваад л. Би тийм субьект биш. Жишээлбэл, намайг тэнд байхад “Бат
инженер” МИАТ-ийн захирал, махирал болно, албан тушаал нэхсэн гэж ярьсан байна лээ л дээ. Тэгтэл МИАТ-ийн захирал гэдэг хүнийг томилдог хүн чинь сайд биш ш дээ. Төрийн өмчийн хорооны дарга томилно.
–Таныг шоронгоос жиргэж байна гэцгээж байсан. Та жиргэж байсан юм уу?
-Би яаж жиргэх юм бэ. “Бат инженер” гэдэг энэ аккаунт чинь олны аккаунт ш дээ. “Бат инженер”-ийн ард байгаа хүмүүсийг бүгдийг нь хорих юм болов уу, яах юм бол.
-“Бат инженер”-ийг хорьж ард түмэнд айдас төрүүлэхийг хүсч байна гэж үзэх хүмүүс ч байна?
-Шоронгийн хаалгыг би өөр бусад, эрх чөлөө эрхэмлэгч хүмүүсийн хувьд хаачихаад ирлээ. Үнэхээр тэгж хаагдаж чадсан бол хаагдана гэж бодож байна. Үгээ хэлдэг хүмүүс шоронд орох ёсгүй байхгүй юу.
Д.САРУУЛ
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН