Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Алтанхуяг: Засгийн газрын танхимын сэлгээ хийх асуудлыг намрын чуулганаар шийдвэрлүүлнэ

Монгол ахан дүүсээ,
Мэнд сайн бол үйлс сайн гэж үг бий. Дэвжих Монгол орны минь дэлгэр заяат түмэн олон Та бүхэн тавтай сайхан намаржиж байна уу.

Эх оронд маань намрын налгар өдрүүд айлчлан ирж, урин зуны улиралд алжаалаа тайлсан та бүхэн маань шинэ эрч хүчээр ажил үйлстэйгээ золгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Улс орон даяар хичээлийн шинэ жил эхэлж, тариаланчид ногоочид маань хавар, зуны нөр их хичээл зүтгэлийнхээ үр шимийг хурааж, мал сүрэг тарга тэвээргээ авч, малчид маань хадлан тэжээлээ бэлдэж байгаа их ажил хөдөлмөрийн өдрүүдэд та бүхэнтэйгээ мэндчилж байна.

Шинэчлэлийн Засгийн газрын хичээж зүтгэсэн энэ хоёр жилийн хугацаа шинэчлэл, өөрчлөлт, их бүтээн байгуулалтын үе байж чадлаа.

Хэдхэн жишээ дурдахад, Монгол Улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт 200 Мвт хүчин чадлыг барьж байгуулсан бол бид хоёрхон жилийн дотор энэ 20 жилтэй тэнцэх  хүчин чадлыг бүтээн босголоо. Бидний бүтээн байгуулалт ингээд зогсохгүй, ирэх хавраас эхлэн нийтдээ үүнээс 7 дахин илүү хүчин чадалтай гурван ч цахилгаан станцыг бүтээн байгуулж эхэлнэ.

Таван Засгийн газар дамжин, 12 жилийн хугацаанд нийтдээ 2300 км зам тавьсан бол Шинэчлэлийн Засгийн газар хоёрхон жилийн хугацаанд 2500 км зам буюу түүхэндээ хамгийн их замыг тавьж чадлаа. Гэхдээ энэ нь ч бас бидний хувьд эцсийн үр дүн биш ээ, бид дараагийн 2 жилд бүх аймгийн төвийг улсынхаа нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлаа дуусгана. Зам дагаж хөгжил ирнэ. Хэдхэн хоногийн өмнө нийслэлдээ Богд уулын шинэ замыг ашиглалтад орууллаа. Энэ ч бас бидний хувьд эцсийн үр дүн биш. Шинэчлэлийн Засгийн газар Монголдоо, Улаанбаатартаа анхны хурдны замыг бүтээн босгоно.

Орон сууц, барилгын салбарт бид багагүй амжилт оллоо. Өмнө нь жилд хамгийн ихдээ 800 мянган метр квадрат орон сууц барьдаг байсан бол бид нэг жилийн дотор 36 мянган өрх орон сууцтай болох боломж бүрдүүлж, 1 сая 200 мянган метр квадрат орон сууц ашиглалтад өглөө. Барьж байгуулах нэг ажил. Харин барьчихсан орон сууцанд орох, байртай болох Монголчуудынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэх нь үүнээс дутахгүй чухал ажил. Шинэчлэлийн Засгийн газар үүнийг шийдэж чадсан.

Жилийн 16 хувийн хүүтэй байсан орон сууцны зээлийн хүүг хоёр дахин багасгаж 8 хувийн хүүтэй болгосноор өрх тус бүрийн сард төлөх хүүгийн төлбөр 400 мянган төгрөгөөр буурч, зээл төлөх нийт хугацаандаа өрх бүр 50-70 сая төгрөг хэмнэх боллоо. Энэ бололцоог зөвхөн Улаанбаатарт төдийгүй улс орон даяар хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн иргэд 7 хувийн хүүтэй зээлд хамрагдаж эхэллээ.

Чингис бондын санхүүжилтээр Байшин үйлдвэрлэх, угсрах үйлдвэрүүдийг сэргээснээр барилгын гол материал болох арматур, цементийн үйлдвэрлэл гадны  хараат байдлаас гарах эхлэл тавигдлаа. Хөтөлд 1 сая тн хүчин чадал бүхий Цементийн шинэ үйлдвэрийн хүрд эргэж, эх орны хэрэгцээний гуравны нэгийг хангаж эхэллээ. Ирэх жил нийт 2 сая тн хүчин чадал бүхий үйлдвэрүүд шинээр үүд хаалгаа нээснээр дотоодынхоо цементийн хэрэгцээг бид бvрэн хангана.

Өөр нэгэн сайн мэдээ гэвэл Монгол Улс байгалийн хийтэй ижил найрлагатай, нүүрсний давхаргын метан хийн томоохон нөөцөө нээж оллоо. Таван Толгойн нүүрсний ордод 20-30 тэрбум метр куб метан хий  байгаа нь судалгаагаар батлагдлаа. Уг хийгээр Улаанбаатар хотын дулаан, цахилгааны хэрэгцээг 30 жил хангах боломжтой юм. Энэ нь Улаанбаатарын утааг хамгийн хурдан, оновчтой, шийдэх арга зам билээ.

Бид Монголбанктай хамтран гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнж тогтворжуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр иргэдийнхээ халаасанд 650 тэрбум төгрөг үлдээж чадсан. Валютын ханшийн савалгаанаас болж 2000 төгрөгөөс хол давах байсан шатахууны үнийг тогтворжуулжснаар нэг л өглөө нэмэгддэг байсан бензиний үнийн өсөлтийг бид сүүлийн 2 жилд мартжээ. Нүүрсний үнийг тонн тутамд 200 мянгаас 80 мянган төгрөг болгон хямдруулснаар гэр хорооллын 160 мянган өрхийн нүүрсний зардал 70-аад тэрбум төгрөгөөр  хэмнэгдсэн.

Эх орны эрүүл хөрсөнд ургасан хүнсний ногоогоор зах, дэлгүүрүүдийн лангуу дүүрч, энэ жил эх орны улаан буудай, төмс, гурилаар дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангахаар байна.

Орон нутагт иргэд төсвөө өөрсдөө мэдэн үр дүнтэй зарцуулах боломж өгч, энэ жил 280 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа нь Монгол Улсын 1997 оны төсвийн нийт зарлагатай тэнцэж байна. Аймгийн төвүүдийг хот болгох ажил, “Шинэ сум” төслүүд ч үргэлжилж байна. Хөдөө орон нутгийн иргэд оношлуулах, эмчлүүлэх гэж Улаанбаатар хотыг зорьж цаг, мөнгөө үрдэг байсан үеийг халж 11 аймгийн төвд орчин үеийн оношилгооны төвийг байгууллаа. Мөн бүх аймгийн төв, нийслэлийн 80 цэгт Төрийн үйлчилгээний цахим машин иргэдэд шуурхай үйлчилж байна.

Өнгөрсөн хугацаанд өмнөх 5 жилийн дунджаас 3 дахин илүү буюу 105 цэцэрлэг ашиглалтад оруулж, 10.000 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, хувийн хэвшилд 1000 гаруй тусгай зөвшөөрлийг цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахаар олгосон байна.

Засгийн газраас хэрэгжүүлсэн “ЭЗЭН-100” хөтөлбөрийг эдийн засгийн хүндрэлийг 100 хоногийн хугацаанд нэг мөр шийдчих юм шиг мушгин гуйвуулж улстөржүүлэх боллоо.

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын гол зорилго нь:

1) Эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг Их хурал, Засгийн газраар хурдан шуурхай шийдвэрлүүлэх,

2) Хувийн хэвшлийнхэн бизнесийнхнийг дэмжин, тэднийг татан оролцуулж хамтран ажиллах,

3) Олон сар, жилээр хурсан асууудлуудын гацааг гаргаж, бизнест ээлтэй орчинг бий болгохыг зорьсон юм.

Энэ дашрамд Засгийн газраас санаачлан оруулсан эдийн засгийн олон чухал асуудлыг 100 хоногийн хугацаанд цаг алдалгүй баталж шийдвэрлэхэд хүчин зүтгэл гаргаж хамтран ажилласан УИХ-ын гишүүддээ нам харгалзалгүй баярлаж талархсанаа илэрхийлж байна. Мөн 100 хоногийн хугацаанд төр хувийн хэвшил хамтарч чадвал их зүйл шийдэх бололцоотойг харуулж, бидэнтэй хамтран зүтгэсэн хувийн хэвшил, бизнесийнхэндээ бас баярласнаа илэрхийлье.

Шинэчлэлийн Засгийн газар “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд шинэ төмөр зам бүтээн байгуулах шийдвэрээ гаргаж УИХ-д өргөн барилаа.

Монголоос гарах бүтээгдэхүүн хямд үнээр далайн боомт хүрэх гэрээнүүдийг байгуулж чадлаа.

Бизнесийн орчинг ээлтэй болгох зорилгоор том бүтээн байгуулалтын төслүүдэд дэмжлэг үзүүлж, жижиг дунд үйлдвэрүүдээ гааль,НӨАТ-н татваруудаас чөлөөллөө.

Бизнес эрхлэгчид, иргэдээ дэмжих зорилгоор Орлогын татвар, НӨАТ-уудын буцаан олголтын хуулиуд өргөн баригдлаа.

Далд эдийн засгийг ил болгох, баялаг бүтээгчдийг  элдэв төрлийн дарамтаас салгах Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Мэргэжлийн хяналтын байгууллагын шинэчлэлийн хууль, зөвшөөрөл лицензийг цөөлөх хуулиуд батлагдахад бэлэн боллоо.

Эдийн засгийг эрчимжүүлэх ажил 100 хоногоор дуусах учиргүй. Харин ч энэ эрчээрээ улам цаашаа ажиллах болно.

Монгол хүний төлөө, Монгол төр, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлийн төлөө зүтгэсэн хоёр жилийнхээ дэлгэрэнгүй тайланг Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөрийн үр дүнгийн хамт Монгол Улсын Их хурал, Монголын ард түмэн,айл өрх бүрт тайлагнах ажлаа Засгийн газар ойрын үед зохион байгуулна.

Монгол ахан дүүсээ,

Бидний ажил үйлс, амжилт бүтээл дандаа дардан шулуун байгаагүй ээ. Өнөөдрийн эдийн засгийн энэ хүндрэлтэй нөхцөл байдал ч нэг өдрийн дотор бий болоогүй. Нүүрсний болон зэсийн үнийн огцом өсөлт биднийг тэрхэн хугацаанд муу занд сургаж амжсан.

Оюу толгойн анхны хөрөнгө оруулалт, долларын их урсгал дандаа ийм байх юм шиг, дангаараа хөгжиж чадах юм шиг ойлголтыг ч зарим хүмүүст төрүүлсэн юм.

Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулагчдаа үргээж, хайгуулын үйл ажиллагааг царцааж, 106 лицензийг шүүхээр цуцалж, Оюу толгойг тойрсон эрүүл бус улстөржилт, Таван толгой төслийг гацаасан үйл явдлын өрнөлт, улс төрчдийн хариуцлагагүй мэдэгдлүүд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг барьсан, хорьсон тухай мэдээ…

Энэ бүхнийхээ төлөөсийг бид өнөөдөр өөрсдийн хармаанд байгаа монгол төгрөгөөрөө, эдийн засгийн өсөлтийн аажмаар буурч байгаа үр дүнгээр төлсөөр сууна.

Гэхдээ бид уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт, гадаадын хөрөнгө оруулалтын огцом бууралт, хавтгайрсан халамжийн уршигт үр дагавар, “үйлдвэрлэдэггүйн гай”-гаас эхтэй валютын ханшийн өсөлтийг үглэж үсчих, өөгшүүлж дэвэргэх, тэвдэж сандрах биш бодит тооцоо судалгаанд  үндэслэн сэтгэл гарган зүтгэж, толгой гудайлгүйгээр даван туулж байна.

Одоо хоосон улс төрөө хойш тавьж, ултай суурьтай асуудлаа шийдэх цаг болжээ.

Улс орны аюулгүй байдал, гадаад харилцаа, хөршүүдийн бодлого дээр мөн банк санхүүгийн итгэлцэл, монгол төгрөгийн ханшин дээр улс төр бус улс үндэстний эрх ашиг vйлчлэх ёстой.

Гадна дотны олон хөрөнгө оруулагч манай хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин шинэ хуулиудаа даган эрс сайжирсныг үнэлж байна. Гагцхүү Оюу толгой, Таван толгой төслүүдийн гацаатай байдал Монгол руу орж ирэх хөрөнгө оруулалтын гол түгжээ нь болоод байна. Тиймээс бид энэ намартаа Оюу толгой төслийг гацаанаас нь гаргаснаар 4 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөл бүрдэх юм.

Саяхан Засгийн газраас Таван толгой нүүрсний ордын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа. Ойрын хоёр жил хагасын дотор 30 сая тн нүүрс угаах хүчин чадал бүхий үйлдвэр барих, энэ хэмжээний нүүрсийг жил бүр экспортлох, төмөр замыг гүйцээн барьж байгуулах, урьдчилгаа төлбөр төлөх, удирдлага менежментээ хариуцах нөхцөлтэйгөөр гадна дотны хөрөнгө оруулагчдыг татах замаар Таван толгойн асуудлыг энэ ондоо багтаан шийдвэрлэнэ.

Зөвхөн сөрөхийн тулд сөрөх бус улс үндэстний эрх ашгийн асуудалд нэгдмэл байр суурьтай байж, том төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажиллахыг уриалж байна.

Улс төрийнхөө тэмцлийн үр дүнг Засгийн газрыг нурааснаар бус, хэн нэгэн сайдыг огцруулснаар бус, харин улс орноо хэрхэн яаж хөгжүүлснээрээ, аливаа хүндрэлийг хамтдаа даван туулж чадсан эсэхээрээ үнэлүүлдэг болох ёстой.

Албан тушаал тойрсон улс төрөөс асуудал шийдсэн улс төрд шилжиж ажиллахыг хүсч байна. “Ордны хуйвалдаан”-аас илүү олон нийтийн санаа бодолд тулгуурлаж ажиллахыг санал болгож байна.  

Олон нийтийн, олон судалгааны үр дүнгээр улс төрийн тогтвортой байдал нь эдийн засгийн хүндрэлүүдийг давах гол нөхцлүүдийн нэг гэж дийлэнх олонхи үзсээр байгааг энд сануулах шаардлагагүй биз ээ.

Гэхдээ энэ нь хариуцлагаас мултрах, ажлаа эрчимжүүлэх, асуудлаа шийдвэрлэхээс бултах арга зам болох ёсгүй бөгөөд Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд өнөөдөр Та бүхэнд хандан дараахь зүйлийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Монгол ахан дүүс ээ,

Шинэчлэлийн Засгийн газар илүү хурдтай, илүү эрчтэй, нягт нямбай, өндөр хариуцлагатай, шинэ эрч хүчтэй ажиллахын тулд Засгийн газрын танхимын сэлгээ хийх асуудлыг миний бие удахгүй эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганы эхээр санаачлан оруулж шийдвэрлүүлнэ гэдгээ өнөөдөр зарлаж байна. Засгийн газрын танхимын сэлгээнд зарим сайдуудын асуудлаас гадна Засгийн газрын бүтцийн асуудлыг хамтад нь оруулж шийдвэрлэх болно.

Шинэчлэлийн төлөө сэтгэл гарган хийж бүтээсэн, ухарч шантралгүй урагшилж тэмүүлсэн хоёр жилийн хугацаанд өгсөн итгэлээрээ улам дэмжиж, үг үйлдлээрээ өмөөрөн зогссон Монголын бүх иргэддээ талархлаа илэрхийлье.

Олон жилийн урхагийг эдгээж, уршгийг засаж явахад шинэчилэл өөрчлөлтийн ард бат хэрэм, хийж бүтээхэд торгуулийн суман болж зогссоор байгаа Ардчилсан намынхандаа талархлаа илэрхийлье.

Эх орныхоо төлөө эеийг эрхэмлэж, эвлэж хамтран хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа Шударга ёс эвсэл, Иргэний зориг ногоон нам, бие даагч гишүүддээ талархлаа илэрхийлье. Гадаад бодлого, үндэснийхээ эрх ашигийн төлөө хамтдаа зогссон сөрөг хүчиндээ бас талархлаа илэрхийлье.  

Шинэчлэлийн Засгийн газрын чадамж, хүч бололцоо шавхагдах болоогvй байна. Энэ намар бид олон чухал шийдвэрийн ард гарах учиртай.

Төмөр замын асуудлаа эцэслэж, Таван толгой, Оюу толгойгоо хөдөлгөх ёстой.

Өрийн удирдлагын хуулиа баталж,эдийн засгийн ил тод байдлыг хангах эрх зүйн орчинг бий болгох ёстой.

Хөрөнгийн биржээ амь оруулж, хувьчлал, төрийн өмчөө эзэнжүүлэх ажлыг шуурхайлах ёстой.

Хөрөнгө оруулалтын баталгааны сан болон Компанийн бизнесийн моргейжийг шинээр бий болгож, гэр бүл, найз нөхдийн зарчим дээр суурилсан компанийн одоогийн засаглалыг олон нийтэд нээлтэй болгох сонгодог зарчимд оруулах ажлыг бид хийх ёстой.

Хүүхэд багачуудаа халамжилж, хөгшид буурлуудынхаа тэтгэврийг нэмэгдүүлж, хөдөлмөрлөж ажиллаж байгаа хүмүүсийнхээ цалин хөлсийг ч нэмэгдүүлэх ажлаа шинэ төсвийн жилээс бид хийх ёстой.

Хоёр долоо хоногийн дотор сvvлийн 5-11 жилд Монголд ирээгүй байсан, дэлхийн бодлогыг тодорхойлогч хоёр том хөрш гүрний удирдагчид эх оронд маань түүхэн айлчлал хийж, түүхэн олон чухал шийдвэрт гарын үсгээ зурцгаалаа. Олон чухал төсөл хөтөлбөрийн гарааны шанг татлаа. Одоо биднээс зөвхөн идэвхтэй үйл ажиллагаа, эв эеэ дээдэлсэн хамтын хүчин чармайлтыг л шаардаж байна. Талын зам төслийн хүрээнд Монгол Улсаар дайрсан дэд бүтцийн том зам, хоолой, шугамуудыг гурван улсын удирдагчид Улаанбаатар хотноо нээх тэр агшин ойрхон байна.

Мал сүрэг маань өсч өдгөө 60 саяд хүрлээ. Энэ тоон дотор монгол адуу 3 саяд хүрч тоологдлоо. Унаагаа юүлж, уналгаа бэлдсэн болохоор энэ жилийн эцэс, ирэх оны эхээр Монголчууд маань түүхэнд анх удаагаа 3 сая дахь иргэнээ өлгийдөж авна. Монголчууд бидэнд эх орон гэдэг нэг эрх ашиг, хөгжин хүчирхэгжих гэдэг нэг л зорилго бий. Төр түвшин, түмэн олон минь амгалан байг.

Хүн шиг амьдарч, Улс шиг хөгжихийн төлөө хамтдаа зүтгэцгээе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *