“МонголГерманы ашигт малтмал, технологийн их сургууль”ийн нээлт өчигдөр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон ХБНГУын Канцлер Ангела Меркел нарын санаачилгаар байгуулагдсан энэхүү сургууль нь ашигт малтмал, технологийн чиглэлийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инженерүүдийг бэлтгэн гаргахаараа онцлог юм.
Сургуулийн нээлтийн ажиллагаанд Монголын талаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөлөл болон албаны хүмүүс, Германы талаас Эдийн засгийн хөгжлийн яам, Германы эрдэм солилцооны алба, хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөллүүдээс гадна цаашид тус сургуультай хамтарч ажиллах тодруулбал, төгсөгчдийг нь авч ажиллуулах “MCS”, “Оюутолгой”, “Мак” зэрэг манай уул уурхайн томоохон компанийн төлөөлөл хүрэлцэн ирсэн байв.
Нийслэлийн Налайх дүүрэгт байрлах тус сургууль өнгөрсөн жил үйл ажиллагаагаа эхэлсэн ч өөрийн гэсэн хичээлийн байргүйн улмаас нийслэлд түрээсийн байранд анхны элсэгчдээ авч байжээ. Харин энэ жил Засгийн газрын зүгээс Оюу толгой компанийн барьж байсан барилгыг сургуулийн байр болгох тухай тохиролцоо хийсний дагуу ийнхүү Налайх дүүрэгт суурьшихаар болжээ. Оюутолгой компанийн хувьд тус байрыг техник технологийн чиглэлийн багш нарын мэргэжил дээшлүүлэх төв болгохоор төлөвлөн барьж байжээ. Гэсэн ч тухайн үед хоёр улсын хоорондын гэрээг үзэглэсэн байсан тул Засгийн газраас яаралтай арга хэмжээ авч Оюутолгойд хүсэлт тавьсан нь энэ аж.
Германы Канцлер Ангела Меркель өнгөрөгч 2011 онд манай улсад айлчлах үед хоёр улс хамтарч инженер, технологийн чиглэлийн сургууль байгуулах тухай тохиролцож байсан билээ.
Герман улсын зүгээс ихэвчлэн эрдмийн талын асуудал буюу эрдэмтэн багш, профессоруудаар хангаж ажиллаж байгаа бол манай улс сургуулийн байраа бэлдэх болон оюутны сурах нөхцөл бололцоог хангах чиглэлд анхааран ажиллажээ. Тиймээс ч байрны дотоод загварыг их сургуулийн сургалтын орчны стандартыг бүрэн хангахуйц нөхцөлтэй байхаар шийдсэн байв.
Энэхүү их сургууль нь уул уурхайн боловсруулах инженер, механикийн инженер, нөхөн сэргээх буюу хүрээлэн буй орчны инженер гэсэн гурван мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж гаргах аж.
Ингэхдээ төгсөгчид нь Герман болон Европын улсуудад хүлээн зөвшөөрөгдсөн дипломтой төгсөх, улмаар тэдгээр улсуудад мэргэжлийн зэргээ ахиулан суралцах бүрэн боломжтой байх ажээ. Хамгийн гол нь уг сургуулийг төгссөн оюутнууд ажлын байрны хувьд санаа зовох ямар ч шаардлага байхгүй бөгөөд ирээдүйн амьдрал нь баталгаатай байх тухай сургуулийн нээлтэд ирсэн уул уурхайн компанийн төлөөллийн хэлсэн үгнээс анзаарагдаж байв.
Элсэх оюутнуудаас Еш–аасадна тусгай шалгалт авна
Өнгөрсөн жилийн тухайд зөвхөн бэлтгэл анги хичээллэсэн бөгөөд өнөө жил тэнд сурч байсан 20 гаруй сурагч бакалаврын боловсрол эзэмшихээр дэвшин суралцаж байгаа юм. Энэ хичээлийн жилд мөн шинэ элсэгчдээ хүлээн авсан бөгөөд нийт 70аад оюутан энд суралцаж байна. Тус сургуулийн барилга 700 гаруй оюутан суралцуулах хүчин чадалтай бөгөөд сургуулийн захиргаанаас дараа дараагийн жилүүдэд оюутныхаа тоог нэмэх бодлого баримталж байгаа юм билээ.
Гэхдээ ингэж шууд тооны араас хөөцөлдөхгүй юм байна. Учир нь тус сургуульд элсэхэд нэлээд том шалгуур давах шаардлагатай аж. Тодруулбал, элсэлтийн ерөнхий шалгалтын англи хэл болон математик, физик, химийн хичээлүүдээс хоёроос доошгүй шалгалтад нь 500аас дээш оноо авсан байх гэсэн энгийн шалгууртай. Үүнээс гадна сургуулийн захиргаанаас Монгол, Германы профессоруудын хамтарсан шалгалтын баг математик 50 хувь, физик 30 хувь, хими 20 хувь болон англи хэлний мэдлэг шалгасан тусгай шалгалт авах юм билээ.
Тус сургуульд багшлах боловсон хүчний хувьд 10 гаруй багш ажилладаг. Тэдний ихэнх нь Герман улсын эрдэмтэн, профессорууд. Монголын талаас ажиллаж буй багш нарын хувьд Герман эсвэл Европын улсуудын их дээд сургууль төгссөн байх гэсэн анхан шатны шалгуурыг давсан бөгөөд доктор, профессорын эрдмийн зэргээ ч шалгуулж байж багшлах эрхтэй болжээ. Оюутнуудын хувьд эхний хоёр жил инженерийн суурь хичээлүүдээ үзэж байгаа. Харин цаашид гурав, дөрөвдүгээр дамжаанд ороход нарийн мэргэжлийн багш нарыг тусгай гэрээгээр Герман болон бусад улсаас авчирч хичээлээ заалгах юм байна. Тиймээс оюутнууд ч тухайн үед аль мэргэжлээр дагнан хичээллэхээ сонгох ажээ.
Сургуулийн анги танхимын тухайд Монголын Засгийн газрын санхүүжилтээр шаардлагатай материал, хэрэглэгдэхүүнээр хангахаар эхний ээлжийн ажлууд хийгдэж байгаа юм билээ. Тухайлбал, өнгөрөгч сарын сүүлээр химийн кабинетийг тохижуулах ажлын хүрээнд бодис хадгалах зориулалтын савнаас эхлээд янз бүрийн урвал явуулж туршилт хийх шилэн хэрэглэгдэхүүнүүдийг авчирчээ. Цаашид ч бусад анги танхимыг тохижуулах ажил үргэлжлэх юм.
Харин сургуулийн номын санд өнөөдрийн байдлаар 1.6 тонн ном байгаа гэсэн. Эрдмийн талын ажлуудыг Германы тал хариуцна гэснийхээ дагуу ийнхүү инженерийн чиглэлийн номуудыг авчирсан байна. Цаашид ч энэ төрлийн олон мянган ном авахаар захиалгаа өгчихсөн байгаа тухай сургуулийн ректор Н.Дорждэрэм хэлж байлаа.
Тус сургуулийн сургалтын төлбөр энэ төрлийн бусад их, дээд сургуулиудыг бодвол харьцангуй өндөр буюу долоон сая төгрөгийн өртөгтэй. Гэхдээ энэ нь бакалавр зэрэг олгох ангийн төлбөр бөгөөд бэлтгэл анги нь гурван сая 500 мянган төгрөг гэсэн. Энэ төлбөрт сургуулийн дотуур байр болон хичээлд шаардлагатай бусад техник хэрэгслүүд багтаж байгаа гэсэн.
Сургууль нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн диплом гардуулахыг дээр хэлсэн. Тиймээс цөөн хэдэн мөнгөтэй хүмүүсийн хүүхэд суралцах вий гэсэн болгоомжлол нийгэмд бий. Үүнд сургуулийн удидлагууд хэлэхдээ “Сургуульд элсэх шалгалт нь нэлээд хүнд даалгавартай байна. Учир нь элссэн хойноо бүх хичээл англи хэлээр явах учир хэлний талаасаа л гэхэд шууд, уншиж, ойлгох чадвартай байх ёстой. Уг шалгалтын багт Монгол, Германы эрдэмтэн багш нар багтсан байгаа. Тиймээс хэн нэгэнд мөнгө өгөөд сургуульд элсэх, улмаар төгсөж диплом гардах асуудал огт байхгүй. Германы талаас эрдмийн чиглэлийг бүрэн хариуцан ажиллана” гэсэн юм.
Дотуур байрны тавилгуудыгдотоодын үйлдвэрт үйлдвэрлэжээ
Сургуулийн нээлтийн ёслолын дараа дотуур байртай нь танилцсан юм.
Өнөөдрийн байдлаар тус сургуульд нийслэл болон ДарханУул, Хөвсгөл, Булган зэрэг аймгийн оюутнууд бий. Тэд бүгдээрээ сургуулийнхаа оюутны дотуур байрт амьдардаг. Нийслэлээс харьцангуй зайтай учир Улаанбаатар хотын оюутнууд ч эндээ байрлан эрдэм номдоо шамддаг гэсэн. Дотуур байраар ороход ая тухтай амьдрах бүхий л орчинг бүрдүүлсэн байв. Энд ашиглаж буй бүх тавилга буюу ор, хичээлийн ширээ, номын тавиур, хувцасны шүүгээ, гал тогооны шүүгээ гээд бүгдийг нь дотоодын мод, модон материал үйлдвэрлэгчид хийснээрээ онцлогтой юм билээ. Сурагчдынхаа эрүүл мэндийг бодолцон ийн цэвэр модон эдлэл ашиглуулж байгаагаа тус сургуулийн удирдлагууд хэлж байсан юм. Түүнчлэн өрөө бүр утасгүй интернэттэй гэсэн. 160 оюутны багтаамжтай, гурван давхар энэхүү дотуур байрны нэг давхарт өдгөө эрэгтэй оюутнууд, хоёр давхарт нь эмэгтэй болон гадны зочин багш нар амьдарч байна. Тус сургуулийн хувьд эмэгтэй оюутан тун цөөн юм билээ. Дөнгөж ашиглалтад орсон байр болоод ч тэр үү гал тогоо, угаалгын өргөө, усанд орох өрөө гээд тус байрны бүх зүйл цоо шинэхэн байлаа.
Их дээд сургуулийн сургалтын орчны стандартыг бүрэн хангасан тухай дээр дурдсан билээ. Оюутнууд өглөө есөн цагаас оройн 17 цагт хүртэл завсаргүй хичээллэж маш их ачаалалтай байх тул нэг дор шаардлагатай бүх зүйлсийг нь цогцлоохыг бодолцжээ. Ингэхдээ оюутны амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх өрөө, биеийн тамир, фитнесийн өрөөг ч тохижуулж, шаардлагатай төхөөрөмжөөр тоногложээ. Түүгээр ч зогсохгүй ирэх жил сургуулийн хичээлийн болон дотуур байрыг нэмж өргөтгөхөөр төлөвлөөд байгаа бөгөөд түүндээ оюутны спорт заал хийх гэж байгаа тухай биднийг хөтчилсөн химийн багш Б.Батцэнгэл хэлж байв.
Н.Дорждэрэм: Манай дипломтой төгсөгч Германы технологийн их сургуулийг төгссөн хүүхдээс ялгагдахгүй
Сургуулийн нээлтийн үеэр тус сургуулийн ректор Н.Дорждэрэмтэй цөөн хором ярилцсан юм.
–сургуулийн сургалтын хөтөлбөрийн онцлог юу вэ?
-Манай сургууль монгол улсын инженерийн талын боловсролыг дэлхийн стандартад гаргах зорилготой. Сургалтын хөтөлбөрийн хувьд Германы хөтөлбөрт тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж монгол болгон загварчлан сургалтаа эхлээд явж байна. Герман технологи дэлхийд алдартай гэж ярьдаг. Энэ нь тэнгэрээс буугаад ирээгүй юм. Тэнд Герман сургалт, хөтөлбөр, боловсрол дээд түвшинд хөгжсөн учир технологиуд нь ийм өндөр чанартай байдаг хэрэг. Тиймээс манай сургууль тэрхүү системийг Монголд оруулж ирээд дэлхийн түвшинд хүрсэн инженер бэлтгэж байгаа нь эх орныхоо хөгжилд онцгой хувь нэмэр оруулж байгаа хэрэг
юм.
–Тус сургуулийг төгсөгч нь төгссөн хойноо ажлын байрт санаа зовох асуудал байхгүй хэмээн сая уул уурхайн компанийн төлөөлөл хэллээ?
-Тэгж ойлгож болно. Нэгэнт манай диплом олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд манай дипломыг барьсан хүүхэд Германы технологийн их сургуулийг төгссөн хүүхдээс ялгагдах юмгүй болно. Яагаад гэвэл манай бүх хичээл англи хэл дээр явагдана. Тиймээс манай төгсөгчид англи хэлтэй болж төгсөж байгаа нь АНУд төгссөн хүүхдээс ялгаагүй болно. Энэ утгаараа манай төгсөгчдөд Монголд ажил олдохгүй бол гадагшаа гараад ажиллахад бүрэн боломж бий юм. Өөрөөр хэлбэл, төгсөнгүүтээ улсдаа л гэхэд 10002000 ам.долларын цалинтай ажилд шууд томилогдох чадвартай төгсөгчид бэлтгэгдэнэ.
–Яагаад заавал инженер мэргэжил гэсэн юм бэ?
-Бид энэ мэргэжлүүдийг агаараас авч сонгоогүй. Монголд хэн хэрэгтэй байна вэ гэдгийг судалсны үндсэн дээр энэ хөтөлбөрийг зохиосон учир манай төгсөгчид гараад ажиллахад ажлын байраар дутагдана гэсэн ойлголт санаанд нэг л буухгүй байна.
–Танай сургуулийн төлбөр нэлээд өндөр юм байна?
-Төлбөрийн хэмжээ нь бусад их, дээд сургуультай харьцуулахад өндөр сонсогдох байх. Бүр манайхаас өндөр төлбөртэй ерөнхий боловсролын сургуулиуд бий шүү дээ. Гэхдээ энэ огтхон ч чухал биш. Хамгийн гол нь ийм төлбөр өгчихөөд эргүүлээд юу авч байна вэ гэдэг нь л чухал. Энгийн жишээ хэлэхэд л манай оюутны байр үнэгүй. Монголд битгий хэл гадаадад ийм хэмжээний оюутны байр тэр бүр байдаггүй. Нөгөө талаас манайх чадалтай мэргэжилтнүүд бэлтгэнэ. Өөрөөр хэлбэл, тэднийг мэргэшүүлж, үйлдвэрийн байгууллагуудад дадлага хийлгэнэ. Ийм дадлага хийсэн хүн ажлын байран очсон эхний өдрөөсөө л бүтээмж өндөртэй ажиллана. Ингээд бодохоор хэдийгээр өндөр үнэ боловч тийм айхтар тоо биш.
Т.Гэрэлмаа