Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад ажлын айлчлал хийх гэж байна. Тэрбээр хэдхэн хормын дараа Чингис Хаан олон улсын нисэх буудалд газардах гэж байна.
Тэгвэл өчигдөр Ерөнхийлөгч В.Путины зөвлөх Юрий Ушаков айлчлалын үеэр том хэмжээний 13 хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөсөн гэж мэдэгджээ. Эдгээрийн дотор хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр багтсан нь тодорхой боллоо. Түүнчлэн Улаанбаатар төмөр замын шинэчлэл, стратегийн хөгжлийн түншлэлээр Оросын төмөр замын “РЖД” хувьцаат нийгэмлэг болон Монгол улсын Зам тээврийн яамны хооронд мөн хэлэлцээр хийгдэхээр болсон гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
Юрий Ушаков “Монголын тал визгүй зорчих асуудлыг 1994 оноос хойш тавьж байгаа хэдий ч манай тал түдгэлзүүлсээр ирсэн билээ. Гэвч энэ удаад манай хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих болсноор харилцан ашигтэй бизнес цэцэглэн хөгжиж, соёл урлаг, аялал жуулчлалын харилцаанд чухал түлхэц үзүүлэх нь дамжиггүй” гэжээ.
Үүнээс гадна Хэрлэн, Онон, Улз зэрэг Монголын томоохон голууд цутгадаг Амур мөрний зэрлэг ан амьтны нөөц, Монгол улсад цэрэг техникийн тусламж үзүүлэх тухай протокол, Хоёр улсын Хууль зүйн яамдын хамтын ажиллагаа, худалдаа болон эдийн засгийн харилцааг хөгжүүлэх санамж бичиг, “Аэрофлот” болон “МИАТ”, Монголын иргэний агаарын тээврийн компаниудын хооронд харилцан ойлголцлын санамж бичиг, Газрын тосны “Роснефть” компанийн түнш байгууллагуудад зориулсан сургалттай холбоотой Монгол улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам болон “Роснефть” хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна.
Харин Оросын талаас эдийн засгийн хамтын ажиллагаа хангалтгүй байгаад сэтгэл хангалуун бус байгаагаа ноён Ушаков илэрхийлжээ. Монгол улсын хувьд гадаад худалдааны хоёр дахь томоохон түнш хэдий ч урд хөрштэй харьцуулахад харьцангуй удаашралтай явагдаж байгаа хэмээн үзжээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд худалдааны бараа эргэлт хумигдсан үзүүлэлттэй гарсан байна. 2013 оны хоёр орны гадаад худалдааны нийт эргэлт 1.3 тэрбум ам.доллар байсан бөгөөд энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад 16 хувиар буурсан үзүүлэлт аж. Гэтэл энэ жилийн эхний хагасын байдлаар газрын тосны бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмжийн бүтээгдэхүүний худалдаа 13 хувиар буурсан байна.
Иймээс хоёр улсын төрийн тэргүүн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудалд илүү нухацтай хандана гэж олон улсын ажиглагчид бичжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Тээврийн сайд Максим Соколов, Эрчим хүчний сайд Александр Новак, Хууль зүйн яамны сайд Александр Коновалов, Алс дорнод дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч, дэд сайд Юрий Трутнев, Алс дорнодын хөгжлийн сайд Александр Галушка, Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской, Барилга хот байгуулалт, нийтийн үйлчилгээний сайд Михаил Мень тэргүүтэй нарын хүмүүс багтаж байгаа ажээ.