-ДАХИН ШТС-ЫГ ДЭЭРЭМДЭЖ, ХҮНИЙ АМЬ ЭРСДЭХГҮЙ ГЭХ БАТАЛГАА АЛГА-
Төв аймгийн нутаг дэвсгэрт “Шунхлай” шатахуун түгээх станцын түгээгч эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг өнгөрсөн сарын 17-нд гарсан. Хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газар, ЦЕГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хааг¬чид шалгаж байгаа. Гэмт хэрэгт¬нийг улс даяар эрэн сурвалжилж, хэргийн талаар баттай мэдээлэл өгсөн хүнд өндөр шагнал өгнө гэдгээ цагдаа нар мэдэгдээд байгаа. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр гэмт этгээд хэргийг өс хонзонгийн сэдэлтэйгээр үйлдсэн байж магадгүй гэх таамаглал дэвшүү¬¬лээд байгаа юм байна. Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэр “Шунхлай” шата¬хуун түгээх станцад зургаан сая орчим төгрөг байсан гэнэ. Хоёр сейфэнд хоёр, гурван сая төгрөг тус тусдаа хадгалсан байжээ. Гэмт хэрэгтэн тухайн өдрийн орлого болох 1.2 сая төгрөгийг дээрэмдэж авсан гэнэ. Шинжээч нарын үзэж буйгаар их хэмжээний мөнгөтэй сейфийг онгойлгох гэж огт оролдоогүй байсан гэнэ. Шүүхийн шинжилгээний шилдэг, туршлагатай шинжээчдийг хэргийн газарт ажиллуул¬сан байна. Шинжээч нарын хэргийн газарт хийсэн үзлэгээр гэмт хэрэгтний гутлын мөр, хурууны хээ, өмсөж явсан цамцны урагдаж үлдсэн хэсэг зэргийг бэхжүүлэн авсан байна. Эд мөрийн баримтаар дээрх зүйлсийг хавтаст хэрэгт хавсаргасан гэнэ.
ГЭМТ ХЭРЭГТНИЙ ХУРУУНЫ ХЭЭ, ГУТЛЫН МӨР, ШҮЛС ЗЭРГИЙГ ШИНЖЭЭЧИД ТОГТООЖЭЭ
Гэмт хэрэгтэн шатахуун түгээгч эмэгтэйг хөнөөсний дараа касснаас мөнгө авахдаа хурууныхаа хээг үлдээжээ. Шатахуун түгээх станцын камерийн бичлэгийг устгах зорилгоор компьютерийнх нь процессорыг салгахдаа залгуур хэсэгт мөн л гарынхаа хээг үлдээсэн байсан гэнэ. Гарын хээ тодорхой байгаа боловч гэмт хэрэгтэн иргэний шинэчилсэн бүртгэлд бүрт-гүүлж, хурууныхаа хээг цахим бүртгэлийн санд оруулаагүй болохыг тогтоожээ. Гэмт хэрэгтэн хэргийг үйлдсэний дараа Шатахуун түгээх станцын камерийн бичлэгийг устгах зорилгоор компьютерийнх нь процессорыг авч яван хэргийн газраас холгүй байх байшингийн цонхыг нь хагалж орсон байна. Тэр хавийн зуслангийн байшингуудад Төв аймгийн шүүх, цагдаагийн дарга нар амьдардаг аж. Гэмт хэрэгтний орсон байшин Төв аймгийн нэгэн шүүгчийн байшин гэнэ. Хэрэгтэн байшинд орж компьютерийн процессороос хард дискийг нь салгаж аваад явсан ул мөр үлджээ. Хэргийн газарт үзлэг хийсэн шинжээчид ЦЕГ-ын үнэрч нохойг гэмт хэрэгтэн явсан мөрийн дагуу мөрдүүлсэн байна. Гэмт хэрэгтэн компьютерийн процессороос хард дискийг нь салгаж аваад хэргийн газраас зүүн хойд зүг рүү алхсан байжээ. Бугын сангийн аж ахуй буюу дархан аварга А.Сүхбатын эдлэн газраар явсаар Бугатай даваан дээрээс машинд суун Багахангай дүүргийн нутаг дэвсгэр төв зам руу явсан байна. Таван километр орчим явган алхаж, замдаа хэвтэж, сууж байсан ул мөр үлдсэн байна. Сууж амарч байхдаа тамхи татсан бололтой үнс нь үлдсэн байжээ. Гэхдээ тамхины ишээ үлдээгээгүй гэнэ. Мөн шүлс, цэрээ хаясан ул мөр байгаа юм байна. Хэргийг мөрдөж байгаа цагдаа нар гэмт хэрэгтний үлдээсэн ул мөрийг энэ хүргээд алджээ. Хэрэв гэмт этгээд баригдвал нотлох баримт хангалттай байгаа аж. Шатахуун түгээгч эмэгтэйг хөнөөсөн хэргийг илрүүлэхээр цагдаа нар өргөн хүрээтэй зохион байгуулалт бүхий ажиллагаа хийж байна лээ. Хэрэг гарсан өдөр хот руу орж ирсэн бүх тээврийн хэрэгслийг шалгаж байгаа юм байна. Хэргийг мөрдөх ажил үргэлжилж байгаа. Одоогоор цагдаа нарт хэргийн талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна. Хэргийг мөрдөн шалгах ажил удааширсан байдалтай байгаа гэдгийг эх сурвалж хэлж байна.
БАТСҮМБЭРТ ГАРСАН ХЭРЭГТЭЙ ИЖИЛ ТӨСТЭЙ ЗҮЙЛ ОЛОН БАЙГАА ГЭНЭ
Төв аймагт шатахуун түгээх станцын түгээгч эмэгтэйг хөнөөж кассын мөнгийг дээрэмд¬сэн хэрэг 2011 оны арваннэгдүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг “Гурван цагаан далай” нэртэй шатахуун түгээх станцыг гурван залуу дээрэмдэж, “ТОЗ 8” маркийн буугаар 37 настай Далай гэх эмэгтэйн толгойд нь буудаж амь насыг хөнөөсөн хэрэг гарсан. Мөн талийгаач эмэгтэйн нөхөр Г.Лхагвасүрэнгийн гуянд хутгалж, гэмтээсэн гэх эдгээр хэргүүдэд ижил төстэй зүйлс олон байгаа гэнэ. Хэргийг үйлдсэнийхээ дараа компьютерийн процессороос хард дискийг нь салгаж аваад ул мөрөө баллаж үлдээх, мөн гэрт байсан их хэмжээний мөнгийг бүгдийг нь авалгүй орхих, 41 размерийн гутлын мөр. Хүний хөлөөс зайдуу газарт байрлах шатахуун түгээх станцыг сонгож дээрэм хийж байгаа гээд хэргийг үйлдсэн арга гээд дээрх хоёр хэрэг хоорондоо ижил төстэй зүйлс олон байгаа юм байна. Батсүмбэр суманд гарсан хэрэг одоог хүртэл илрээгүй байгаа. Цагдаа нар хэрэгтний үлдээсэн ул мөрийн дагуу шуурхай эрэн сурвалжилсан боловч одоог хүртэл хэргийг илрүүлж чадаагүй юм. Батсүмбэр суманд гарсан хэргийг талийгаач эмэгтэйн нөхөр үйлдсэн байж магадгүй хэмээн шалгасан. Тэр хэргийг сүүлийн хоёр жил цагдаа нар дорвитой хөөцөлдөж мөрдөх ажил хийгээгүй байна. Төв аймгийн нутаг дэвсгэрт гарсан дээрх хоёр хэрэг ямар учраас илрэхгүй удааширч байгаа шалтгаан нь хүний хөлөөс зайдуу газарт шатахуун түгээх станц байршуулж байгаатай холбоотой гэж цагдаа нар үзэж байна. Шатахуун түгээх станцуудад хамгаалалтын албатай гэрээ байгуулж ямар нэгэн гэмт халдлагад өртлөө гэхэд тусламж дуудах дохиоллын систем нэвтрүүлэх шаардлагатай байгаа гэнэ. Мөн ил камераас гадна нууц камер байршуулах хэрэгтэй гэнэ. Шатахуун түгээх станцуудад дээрх аргыг нэвтрүүлэхгүй бол дахин гэмт хэрэг гарахад мөн л илрүүлж чадахгүй гацаанд орсоор байх болно гэдгийг эх сурвалж онцолж байсан юм. Гэхдээ хэрэг гарсан хойно дор нь илрүүлэх бус хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх талаар хамгийн их бэлэн мөнгөний орлоготой байдаг шатахууны компаниуд юу ч хийхгүй байгаад онцгой анхаарах цаг болжээ. Шатахуун түгээгчид амиа алдсаар байх уу.
Э.БААТАР