Өнөөдөр Төрийн өмчийн хорооны удирдлага “МИАТ” ХК-ийн Тамгын газрын дарга Б.Баасанцогт, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Даваасүрэн нарыг дуудаж уулзсан байна. Уулзалтаар “МИАТ” ХК-ийн 2014 оны хагас жилийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын тайланг сонсчээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Том төрөөс, Ухаалаг төр лүү” санаачлага болоод Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд төрийн өмчит хуулийн этгээд, компаниудын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаар талууд ярилцсан байна.
Энэ үеэр холбогдох албаныхан “МИАТ” ХК-ийн одоогийн бүтцийг цогцоор нь сайжруулах, боловсон хүчний чадавхийг ахиулах, ажиллагсдийн ёс зүй, дүрэм, журмыг боловсронгуй болгох талаар ТӨХ-ны удирдлагын түвшинд санал санаачлага гаргаж ажиллахаа илэрхийлжээ. Мөн “МИАТ” ХК-ийн хариуцлагатай албан тушаалтан болон гадаад улс оронд төлөөлөгчөөр сууж буй зарим хүмүүстэй хариуцлага тооцох, ёс зүйн асуудлыг эргэж ярихаар энэхүү албаны уулзалт өндөрлөсөн байна.