ОХУ-ын Челябинск хотод болсон жүдо бөхийн ДАШТ өчигдөр дууслаа. Долоон өдөр үргэлжилсэн тус тэмцээний эхний өдөр манай эрэгтэй тамирчдаас 60 килограммын жинд “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт клубийн тамирчин, ОУХМ Г.Болдбаатар алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон билээ.
Өчигдөр болсон тэмцээний сүүлийн өдрийн барилдаанд манай эмэгтэйчүүдийн баг тамирчид шөвгийн 16-д Польшийн багийг 3:2-ын харьцаатайгаар хожсон. Харин финалийн тоглолтод Францын багтай аваргын төлөө барилдсан ч 2:3-ын харьцаатай хожигдож мөнгөн медаль хүртлээ. Алтан медалийн төлөөх барилдаанд 57 килограммын жинд Д.Сумъяа болон 63 килограммын жинд Б.Мөнгөнчимэг нар ялж оноог адил хоёр болгосон бөгөөд шийдвэрлэх барилдаанд Б.Мөнхтуяа 70 килограммын жинд барилдан цэвэр ялагдсан юм. Ийнхүү манай улсын эмэгтэйчүүдийн баг “Челябинск-2014” ДАШТ-ийг мөнгөн медаль хүртсэнээр өндөрлүүллээ.
Э.НОМИН