Нийслэлийн Цагдаагийн газар, НИТХ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны холбоотой хамтран “Оюутан цагдаа” хөтөлбөрийг өнгөрөгч долоодугаар сарын 1-ний өдрөөс энэ сарын 25-ныг хүртэл хэрэгжүүллээ.
Өнөөдөр ЦЕГ-ын Цагдаа, олон нийтийн төвд “Оюутан цагдаа” хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа болж, дээрх байгууллагын удирдлагууд болон нийслэлийн төвийн зургаан дүүргийн 44 чиглэлд үүрэг гүйцэтгэсэн 88 оюутан цагдаа нар оролцлоо. Оюутан цагдаа нар 186 цаг ажилласан ба 600 гаруй мянган төгрөгийн цалин урамшуулал авсан байна. Энэ жилийн “Оюутан цагдаа” хөтөлбөр амжилттай хэрэгжсэн учир тус хөтөлбөрийг ирэх жил хэрэгжүүлэхээр болжээ. Ингэхдээ цар хүрээгээ өргөжүүлэн нийт 200 оюутныг хамруулахаар төлөвлөж буй юм байна.
“Оюутан цагдаа” хөтөлбөрийг жуулчдыг гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гэмт хэрэг зөрчлийг шуурхай шийдвэрлэх, тэдэнд шаардлагатай тусламжийг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн. Оюутан цагдаа нар үүрэг гүйцэтгэсэн хугацаандаа 70 гаруй гэмт хэргийг таслан зогсоожээ. Хөтөлбөр хэрэгжихээс өмнө оюутнуудад жуулчидтай хэрхэн зөв харьцах, тэдэнд асуудал тулгарвал яаж хуулийн дагуу шийдэх тухай ойлголт өгч, англи хэл, сэтгэл судлал, бие хамгаалах урлагийн хичээлийг мэргэжлийн багш нар заасан билээ.