Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эд чадаж байгаа бол бид чадна гэсэн үг

Сүүлийн үед байшин барилга барьдаг хүмүүс олширчээ. Мөн олон аж ахуйн нэгжүүд чиг үүргээ өөрчилж барилгын салбарт  хошуурцгааж байна. Энд алтны “Нинжа”-гаас дутахгүй ашиг байгаа учраас тэр. Тэгээд ч мужаан, дархан хийх нь тийм муухай ажил бишээс гадна барилгажилт ойр мөддөө барж идэхээргүй эрэлт хэрэгцээг нэхэх боллоо. Хөгжиж байгаа Монгол оронд төдийгүй дэлхий даяар хашаа байшингаа шинэчлэх бүтээн байгуулалт өрнөн кран сэрийлдсэн дүр төрх эртний хотуудыг ч тайван байлгахаа больсон байна. Дэлхийн хүн амын эрс өсөлт хотжилт хоёр давхцаад хаа сайгүй шинэ тохижуулалт тохиргоо хийх шаардлага гарчээ. Зарим хуучин хотыг хусч байгаад шинээр байшин гудамж гаргахаас ч өөр аргагүй болсон гэнэ.

Улс төрчдийн амлалт, банкны зээл, шинжлэх ухааныхны практикт  амжилт олох хамгийн хурдан боломжтой талбар нь барилгын салбар болоод ирсэн чинь энд өнөөдөр банз хаддаг хадаас хүртэл  шал өөр болон хөгжлийн үр хаялгыг хүртэж. Цаагуур гадаад ертөнц ялангуяа хөрш Хятад гүрэн тэр аяараа нүргэлэн тариа  ногооноосоо илүү барилгын эринд амьдарцгаах болов.

Ухаантай толгойнууд, нөлөө бүхий салбаруудыг татаж чадвал ямар их ач холбогдол, үр дүн гардаг сонгодог жишээ өнөөдөр их барилгажилтад тод харагдаж байна. Ердөө хэдхэн жилийн өмнө орон сууц барих гэж язганадаг байсан олон хүн,  гар ажиллагаануудыг дор нь халж хялбарчлан улам чанаржуулан мужааны алх, гар хөрөө, шавар зөөдөг “насийлк” аль хэдийнэ үеэ өнгөрөөжээ.

Сая саяар нь мөнгийг уутлаад буй яруу алдарт барилгачдын амьдралын зах зухыг өнгөрөгч зун хажуунаас нь харж үзсэнээ магтаж муулалгүй бичвэл уншигчдад сонин бас хэрэгтэй ч юм билүү гэсэн санаа төрсөн юм.

Сонин дээрх “Канад өвөл зуны дүнзэн байшинг мэргэжлийн өндөр түвшинд богино хугацаанд түлхүүр гардуулах нөхцөлөөр…” гэсэн зарын дагуу утас цохилоо. Ямар ч байсан “Хэрэглэгч та хаан” гэдгийг хэлж мэдэх хэмжээний уриалгахан менежэр, боссууд өөрсдөө гүйгээд  ирж байна. Ингээд гучин саяд багтаагаад мансард ороод хоёр давхар хаусархуу маягийн өвөл зуны дүнзэн байшинг хотоос 160 км зайд хоёроос гурван долоо хоногийн дотор угсраад түлхүүр гардуулахаар тохирлоо. Энэ хугацаанд өөр иймээ тиймээ яриа буцаа шалтаг тоочихгүй. Энэ альбом дээр байгаа фото зурагнууд шиг байшин шүү дээ…

 Материалаа худалдаж авах гарааны мөнгө гээд арван саяыг бусдыг нь явц дундуур цувуулж өгөх юм байна. Тэрнийгээ тоолох ч үгүй авч хармаалаад наадмын маргааш  бүх юмаа ачаад очно гээд гарч одов. Болзсон өдөр төв замаас салдаг дээр мод ачсан том машин, гэр бараагаа ачаалсан портер бүхий ажилчдын бригад хэлсэн ярьснаараа ирцгээв. Канад дүнз гэхээр ямар гээч лаг мод байдаг бол, орос дүнзийг бол вагон дээр ачаад Хятад руу зөөж явааг харсан. Яг нэг хэвэнд цутгасан юм шиг гоё бөөрөнхий моднуудыг ачааны галт тэргээр урагш тээж яваа харагддаг. Харин манай барих байшингийн “канад мод” тийм биш айлын малын хуучин пингийн дээвэр хуулаад ирчихэв үү гэмээр зузаахан зах банзнууд ачжээ. Бүр өгөрч хөхрөөд зарим нь ялзарчихсан ч байх шиг.

…Зүгээрээ ах аа. Дараа нь янзын гоё зүлгэчихээр яг канад дүнз болчихдог юм. Харин ч зузаан дүнзтэй таарсан шүү гэж тайтгаруулав. Байгаль орчны хууль чангарч нойтон мод хот руу оруулахаа болихоор модны хулгайч нар аргаа өөрчилж ууланд нь юм уу гэрийнхээ гадаа торхоо угсраад хуучруулчихдаг аж. Манай мод гэхэд л хотын хойд зуслангийн нэг амнаас хямдхан авсан гэсэн. Шаргаморьтын эх юм уу Хандгайтад хийсэн ч байж магадгүй. Тэгээд хуучин хашаа байшин зөөж байгаа мэт гэмгүй царайлан 22-ын товчоогоор орж гарахад хэн юу хэлэх юм. Уулын мухрын ой энэ мэтээр улам л сүйдээд байгаа болохоос хамгаалалт аль хэдийнэ алдагджээ. Ойн яам татан буугдаад байгаль хамгаалах яам байгуулсны гор ингэж гарч байна даа. Хямдхан авсаархан моторт хөрөө, торх угсардаг ухдаг бусад жижиг, дунд үйлдвэрийн янз бүрийн өчнөөн хөөрхөн багажнууд урд хөршид байдгийг олж ирээд эзгүй хөвчид хэдүүлхнээ гараад биеийн ядаргаагүй техникээр зодон яах ийхийн зуургүй ажлаа амжуулчихдаг гэнэ шүү. Тэгээд хууль чангарсан, мод үнэд орсон тул  төдөн сая гээд харин ч бүр завшаантай юм болсон байна. Ийм сайхан шанстай, эрэлт ихтэй, алт ухахаас дутахгүй олзны сургаар олон хүн ажлаасаа гарч модчин, барилгачин болжээ.

Канад байшин барьдаг мэргэжлийн өндөр түвшинтэй хүмүүстэйгээ танилцлаа. Манай байшинг барих бригадын бүрэлдэхүүн гэвэл ноднин цэргээс халагдсан гэх хүү, энэ жил долоод орно гэсэн хурдны морь унаснаа ярихаас өөр шидгүй пацаан, нас тавь гарч яваа малчин эр, аа бас тогооч гээд энэ хавар арав төгссөн охин. “Анхны алхам” кинон дээр гардаг хадланчин өвгөд бол эдний дэргэд ёстой жинхэнэ мэргэжлийн бригад байхгүй юу.

Босс руу нь утас цохиж хэл ам хийлээ. …Зүгээрээ  ахаа. Наадуул чинь олон байшин барьсан туршлагатай хүмүүс, янзын гоё барина. Харж л байгаарай. Үгүй тэгээд дараа нь худлаа гэхийн аргагүй юм.  Яагаад гэхээр одоо цагт байшин барих нь ерөөсөө ядаж цөхөх юмгүй, доширакийг хэрхэн хоол болгох дайны  ур ухаан шаардсан ажил байж уу.  Нэг удаа тог тасраад мод гар хөрөөгөөр тайрах болсон чинь бригад дотор тэгшхэн хөрөөдчих хэмжээний гарын эв дүйтэй мужаан байхгүй мурий сарий огточоод ёстой тараа таниулав. Тэгэхнээ зайлуул хөдөө Булганы төв дээр уурын зуухны галч хийж байсан, зун хийх ажилгүй болчихоод садангаа бараадаж халтуур хийж яваа “Би чадна”-чуудын өрөөсөн аж. Ямар элэнцэгнийх нь өндөр мэргэжилтэн. Канад гэж улс уу модны нэр үү гэдгийг хариулж чадаагүй шүү.

За хэдүүлээ нөгөөдөр бороо орохоос өмнө туургаа босгоод дээврээ хийчихье гээд шууд ухасхийж байна. Хажуунаас нь хошуу нэмж “Эхлээд хундаамаа цутгах энэ тэр гээд дэс дараа байдаггүй юм уу? Та нарын яриагаар бол хоёр хоногийн дотор дээвэр дээрээ тултлаа ажиллана гэдэг чинь бараг байшингаа барьчих нь ээ!” Ингээд дарга цэрэггүй хоолоо хам хум идээд  дүнзнүүдээ ноймероор нь хөөгөөд гэрийн хана дугуйлахаас арай урт хугацаанд дөрвөн туурга босоод ирэв. Модны хооронд цагаан хөөс шүршин хадаж бэхлэх, завсар зай бөглөх асуудлыг хамтад нь шийдчихлээ. Тэгээд маргааш нь  зузаан банзаар хэдэн “А” нуруу хийгээд дээврээ хучиж орхив.

“Дружба” хөрөө ёнги­нуулан өрсөн дүнзнүүдийг тас хярган дотор нь бэлэн ачиж ирсэн вакуум цонх, бүргэд хаалгаа чихэж оруулаад нөгөө хөөсөө цацлаа. Хайрга жаахан цемэнттэй хольж зууран түр хашлага хийж байгаад сууриа сүүлд нь цутгаад авав. Тэр хавьд ухаж гаргасан шороо чулуунуудыг шаллах газраа дүүртэл асгаад гурван хуруу хэрээтэй зузаан хайргатай цементээр бетондон дээр нь пракет хэмээх цаасан шал угсарна. 

Барилгачин мужаан нарт “Кен” хэмээх тасдах, хөрөөдөх зориулалттай цахилгаанаар ажилладаг сахлын машин шиг бичил багаж бүх юманд нь хэрэг болно. Скоч тэр хоёргүй өмнө нь яаж болж байсан юм бол. Нөгөө өгөр дүнзний гадаргыг “кээн”-ээрээ хоёр өдөр илээд л юу ч үгүй точилдон цоо шинэ болгочиж байна шүү. 

Бас нэг цахилгаан үдээсний машиныг хий хураадаг баллонтой хавсран тусгай хадаасаар цэнэглэж байгаад юу л бол юуг ганц гох дараад л нам хадаж орхино. Модыг төмөртэй хүртэл нийлүүлээд хадчих юм.

Эрээнээс татаад “Зуун айл” дээр зарж буй эдгээр орчин үеийн багажнууд хамгийн үнэтэй нь л  100 мянга орчим. Манай нөхдүүд болохоор түүнээс хямдхан хулхийг нь аваад янз бүрээр додомдон тог цахилгааны бөөн масс үүсгэн монголчилжээ. Байсгээд л нөгөө багаж нь хиншүү хангинуулан шатаж эвдрэх ба түүнтэйгээ ноцолдон өдрийг барна. Цахилгаан багажнуудын буянаар булчин ажиллах шаардлагагүй болсон ч түүний өдөр турш чарлах дуу чимээ ба гарч буй үртэс тортог нь найгүй. Дээр нь янз бүрийн эвгүй үнэртэй будаг шунх лаак хангинаад л. Өөрийгөө хамгаалсан маск, чихэвч малгай ч байхгүй ажилчид цөмөөрөө найтаалган бүгшүүлэн ханиацгаана. Мөн чих нь дүлийрч, нүд нь час улайн бүлцийжээ. Том барилга дээр ажиллагсад ингээд л осол аваар гаргаж, ужиг өвчинд баригддаг нь харваас илт байв. Ажил хурдан бүтэж амар хялбар болсон ч хариуд нь урьд цагийн амар тайван орчин, уран барилгын гоо сайхан, урлаг нь ор мөргүй арилжээ. Дарх, мужаан оролддог өвөө ажаагийн үед ашиг олохоосоо илүү тэр гуайн хийсэн эмээл хазаар, авдар, орон гэр гэсэн нэр төрөндөө илүү анхаардаг байв. Нутаг усныхан гарын уртай цөөн хэдэн өвгөчүүлээ эвдэрч хэмхэрсэн эд зүйлээр дарж, үнэгүй засуулан “за”-гийн өрөнд хийж залхааж орхидогсон.

Орчин цагийн орон сууцны үнэ ханш нь ашигтай байрлал, чанартай материал хоёртоо л байдаг болов уу. Өмнө нь сайтар төлөвлөж бэлтгэлээ базааж байгаад дөрвүүл тавуулаа наадмын таван өдрийн амралтаараа энэ олон саяын үнэтэй олон өрөөтэй орон сууцыг эднээс дутахгүй барьчих боломж харагдаад байх юм. Чанартай материалд зардал хайрлахгүй хаяад нөгөө урьдчилгаа гучин хувийн мөнгөөрөө л хүссэн орон сууцаа өөрөө барьчихмаар багцаа тооцоо гардаг. Өөрсдийгөө цалинжуулах, шулна гэж байх биш газраа л  шударгаар олоод авчихвал орон сууц төдийгүй хаус шилтгээнүүдийг хүссэн зургаараа барих бүх боломжийг зах дээр зарж байна. Даанч орчин үеийн залуучууд биеийн хүч, оюун ухаан хоёроо дайчилж юм бүтээж үзээгүй, тэр талаар харанхуй хариуцлагагүй боловсорсон.

Зах зээлээс өмнө гэр бүлийнхэн голдуу өөрсдөө орон байраа бэлддэг уламжлалтай байсан. Одооных шиг ийм сайхан материал багаж байсан бол ямар газаргүй гэх биш хойч үедээ өвлүүлэх олон сайхан хаус босгочихсон, орон сууц проблем биш байх байхгүй юу. 

Шууд түлхүүр гардуулна гэж барилгынхан тэвдүү хэлээд байгаагийн цаана их олон учир байна. Хийж ядах юмгүй ажиллагаа бүхий бизнесийг нь мэдчих вий гэсэн болгоомжлол, материалын  өртгөө хэмнэж далдлах юм их тул үйлчлүүлэгчдэдээ юу хийж байгаагаа үзүүлэх тун дургүй. Үйлчлүүлэгч нь ч гэсэн бас нэг таарсан амьтан  амьдралаас тасархай юм шаардах буюу асуугаад яршиг төвөг уддаг бололтой. Дээврийн хонгилын А нурууг тавьж байхад нь захиалагч хүүхэн ирж таараад зүлгээд буд гэсэн байгаа юм. Би ирээгүй бол энэ чигээр нь тавих нь ээ гэж баахан аашилж. Тэгснээ дээвэр хадаад дууссан хойно шал дэмий илүү юм хийлгэснээ сая анзаарсан ч мөн л өөртөө буруу үл халдаан хангинасан байх жишээтэй.

70,80-аад оны үед юм мэдэхгүй бас ховроос болоод жинс өмдийг идэшний шараар авдаг байлаа. Тэр нь орги биш хуурамч шүү. Оросын ямбий суудлын автомашиныг төө соруултай гаанс, хаш хөөргөө өгч авчихаад “Гочоо минь ээ хө…” гээд дуулаад давхиж явдаг бол үнэн юм.   Одоо солонгос “эксел”-ийг дөрөв таван зуун саяын хөөрөг гаансаар солих уу. Яг үүн шиг орон сууцны барилга бодит бишийг нүдээр харлаа. Энэ салбар руу манай бохир улс төр, луйварчин бизнесмэнүүд, залхуу халтуурчингууд бэлчээрийн даац хэтрүүлэн орж ирж шавцгаагаад монополь тогтоон үнийг нь хаданд гаргажээ. Эдний заль мэх, үг хэл нь гүйцэгдэхгүй. Хэрэглэгч та хаан гэж уяртал панаалдаж клиентээ олж олж аваад гучин хувийн урьдчилгаагаа салгаж авсны маргаашаас эхлэн зангаа хувирган гоншгоноод эхэлнэ. Одоо эргэж буцахаасаа өнгөрсөн гэдгийг сайн мэднэ. Ядахад төр засаг хүртэл худлаа шоудаад Хөтөл шинэ үйлдвэртэй болчихлоо гээд тууз хайчлаад байсан. Тэгвэл энэ зунжингаа Эрээнээс зөөдөг цементийн үнэ тасралтгүй нэмэгдэн гүний гааль дээр вагоноос газар буулгалгүй булаалцалдан авцгаасан даа. Зурагт үзсэн хэнд ч гэсэн цемент навс хямдрах нь ойлгомжтой атал амьдрал дээр яагаад тийм биш байсан юм бол.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *