Ерөнхий сайдын ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Адуучин 2014” тэмцээнд 21 аймгаас шалгарч ирсэн адуучид уурга ташуур шүүрэх, уран уургач, уран бугуйлч, эмнэг хангал сургагч гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Монголчуудын адуу эдлэх соёлыг олон нийтэд түгээн сурталчлах, энэ соёлыг хадгалж хамгаалж үлдэх, эзэмшихэд энэ “Адуучин” тэмцээн чухал ач холбогдолтой. Бидний бахархал болсон энэ соёл, уламжлалыг олон нийтэд сурталчилж, хүртээл болгох үүднээс ирэх жилээс энэ тэмцээнийг Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт оруулах болсон гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэмцээнд оролцогчдод хандаж хэллээ.
Аймаг бүрээс шалгарч ирсэн шилдэг адуучдаас Хэнтий аймгийн Биндэр сумын адуучин Х.Бат-Эрдэнэ шилдгийн шилдгээр шалгарч Ерөнхий сайдаас шагналаа гардлаа.