ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…
Ном сонин, сэтгүүл гэсэн биет зүйлс ой ухаанд боловсролыг илүү сайн ургуулаад байдгийн учир юу вэ. Нялхаст зурагтай сэтгүүл үзүүл, сурагчдыг ном унш, залуусыг сонин гарчиглаж хэвш, интернэт рүү онц шаардлагагүй бол хэт бүү авт, телевизийн хувьд голдуу унтраастай байсан нь дээр дээ гэсэн зөвлөгөө бол хүнээ бодсон чин сэтгэлийн үг юм. Энэнд ямарваа хуучинсаг сэтгэлгээ, ашиг сонирхол, бизнесийн далд ятгалгын аль нь ч байхгүй. Энэ ном сонин чинь эргээд ноцдог эд мөрийн баримт учир түүн дээрх уншварууд муусайн ч хариуцлага, ур авьяас, хөдөлмөр илүү шингэсэн байдаг. Нэгэнт зардал орсон бол таарч тохирсон үнэ нэхэгддэг.
Сонин нь уншигддаг, сонсогддог, гарт баригддаг, цагаар хавчихгүй, солигдож арилахгүй. Хэрэв сайн сэтгүүлч даацтай зүйл нийтлүүлсэн байвал түүнээс амт үнэр мэдрэгдэж, алдаа оноогоо танихад нэмэр тустай. Шил дэлгэцний цаанаас чихэр долоолгох гээгүй учраас уншигчийн бусад мэдрэхүйнүүд харах мэдрэхүйний хамт ажиллаад эхэлдэг. Аль болох олон мэдрэхүй дээр хүлээж авсан мэдээлэл ой санамжинд удаан хадгалагдаж үл мартагдах зүй тогтоцтой. Хүүхдийг номыг биет хэлбэрээр нь гартаа бариад унш гээд байдгийн ач холбогдол энд оршдог.