Categories
мэдээ нийгэм

Залуус цусны хорт хавдартай хүүхдийн эмнэлэгийг цэвэрлэв

Ажиа Гэгээнтний  санаачилгаар,  гадаад дотоодын сүсэгтэн олон шавь, сайн санаат хүмүүсийн хандиваар босож буй “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийн бүтээн байгуулалтын ажилд Монголын залуучуудын холбоо нэгдэжээ. Тодруулбал, Монголд анх удаа хүүхдэд зориулан баригдаж буй энэхүү эмнэлгийн нээлт энэ сарын 28-нд боно. Нээлтийн арга хэмжээнээс өмнө буюу өчигдөр залуус нэгдэж, барилгын дараах их цэвэрлэгээг хийсэн байна.

Монголын залуучуудын холбооноос санаачилсан энэхүү сайн үйлсийн аянд Энэрэл нигүүсэл оюун билгийн төв, МЗХ – ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж , Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн зүүн бүс ОНӨААТҮГ, Цус сэлбэлтийн үндэсний төв, Залуу дугуйчин клуб хамтран зохион  байгуулсан бөгөөд дэмжигч байгууллагаар Cannondale дугуйн дэлгүүр, ДЦС- 4 ТӨХК-ий залуучуудын зөвлөл, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Сүү хувьцаат компани,  MNG event consulting business service, Хан – Уул дүүргийн Түшээ дунд  гол – Өргөө ОНӨААТҮГ, НЗД-ын дэргэдэх ХЗСХТЦ-ын Залуучуудын төв, Монголын Сурагчдын холбоо, МУИСОХ,ОК хамтран оролцсон юм.

Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн бүтээн байгуулалтын ажилд туслахаар нийт  70 гаруй хүүхэд багачууд, оюутан залуус хүрэлцэн ирсэн. Уг үйл ажиллагааны нээлтэнд Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат,  Энэрэл нигүүсэл оюун билгийн төв тэргүүн Ажиа Ринбүүчий, Анагаах ухааны доктор Ч.Батнайрамдал, “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийн эмчилгээ хариуцсан захирал н.Алтанцэцэг гэхчилэн нэр хүнд бүхий зочид хүрэлцэн ирж үг хэлсэн юм.

Өнөө цагийн бурханы шашны оройн дээд эрдэмтэн мэргэдийн нэг болох Ажиа Ринбүүчий хүүхэд залуустаа хандаж “Хүн ямар ч шашныг шүтэх нь онцын чухал биш. Чухам хүний төлөө сайн сайхан зүйл хийх, буян хийхэд шашин хамаагүй. Эмнэлэг барих болсон минь ч шашинтай шууд хамааралгүй. Өвчин, зовлон ямар ч шашинтай, хэнийг ч тойрохоо хүрвэл тойрдог нь ертөнцийн жам. Гагцхүү орчлон хорвоод хүнд тустай, буян хийж байх нь хорвоогийн сайн буян юм шүү” гэдгийг онцгойлон хэлж байв.

Сайн үйлсийн аян нэгдсэн залуус  долоон давхар эмнэлгийн  цонхны дотор тал, паар, залгуур арчих,эмнэлгийн өрөө танхимуудад цэвэрлэгээ хийсэн ба гаднах талбайн хогийг цэвэрлэн,  гадаад талбайд нь ДЦС-4 ТӨХК-ийн  залуучуудын зөвлөлийн  хийсэн төмөр сандалыг байршууллаа. Сайхан сэтгэл, эрч хүчээр дүүрэн залуус “ Олны хүч оломгүй далай”  гэдгийг харуулсан юм. Их цэвэрлэгээнд оролцсон бүх залуусыг  “Сүү” ХХК-ий хамт олон  идээний дээж болсон цагаан сүү, амтат таргаар дайлсан юм. Ажиа Гэгээнтэн өөрийн болон олон сайхан шавь, сүсэгтэн  олны хандиваар баригдсан энэхүү эмнэлэг нь нийт 75 ортой байх бөгөөд дотроо хавдрын, хүүхдийн эрчимт эмчилгээний, хагалгааны гэсэн гурван үндсэн тасагтай байх аж. Уг эмнэлгийг  тун удахгүй ашиглалтанд оруулж Монгол улсын засгийн газар, Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгөх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *