Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Алан хядагчдын бүлэглэл Хамасаас дор улс төрийн хүчин гэж байх уу

Гэрийн гадаа пид пад

Гараад харсан Дондог алга. Хаачсан юм бол гээд хайсан чинь шорон руу чирээд явж байдаг байна шүү. Ямар учиртай юм бол гээд нягталсан чинь сонгуульд өрсөлдөхдөө луйвар хийж ялсан юм гэнэ. Тэгээд тэрхүү луйвар нь илрээд 10 жилийн ял авч шорон руу ачигджээ. Энэ бүхэн ер нь юу болов. Хотын газрын мафийнхан гэж яригддаг хэсэг бүлэг хүмүүс бий болсоор удлаа. Лавтай арван хэдэн жил болж байна. Тэдгээр бүлэг хүмүүс нь Төв аймгаас УИХ-д буг болтлоо сонгогдож байгаа дөрвөн нөхөр юм. Тэр дөрөв дээр Т.Бадамжунай, “Мон уран”-ы Наранхүү нарын толгойлогчид нэмэгдэнэ. Нийслэлд нэвт шувт сүлжээ үүсгэн дархлагдсан эдгээр нөхөд дотроо хамгийн роль багатай нь Д.Дондог юм шүү дээ. Тийм хэрнээ 10 жилийн ял авч байгаа нь шударга ёс мөн үү. Шүүхийн шударга шийдвэр мөн үү. Газрын наймаа, авлигачдын эсрэг хийж байгаа гал цогтой тэмцэл мөн үү. Өрмийг нь хулгайлж иддэг том гарууд нь үлдээд хусмыг нь долоохыг оролдсон нөхдөд Монголын Шүүх яасан том ял онооно вэ. Нийслэлийн газрын мафитай холбоотой ахиад нэг хэрэг таслагдаад ял авлаа гэхэд яг л Д.Дондог шиг гар хөл нь болсон төдий нөхөд явна. Авлигын эсрэг тэмцэл гээч нь ийм л замаар АТГ илрүүлсэн нэр зүүж, Шүүх засаглал нь шүүсэн нэр зүүсээр дуусах нь бололтой. Жинхэнэ их гарын луйварчид Их хурал, Засгийн газартаа байсаар. Их доошиллоо гэхэд том намын удирдах бүрэлдэхүүнд шингээд.

УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн ингэж зүтгэсэн ялалтын ачаар МАН сонгуульд ялж Засаг барих эрх авсан юм. Энэ бол энгийн хэнд ч ойлгогдох асуудал. Засгийн эрх авснаасаа хойш зад найрласан даа, улсын өмчөөр тэд. Нэг муу хашааны газар байтугай идсэн. Д.Дондогт л юм өгөөгүй хөгийн нөхдүүд байхгүй юу. Тооны багш номхон дөлгөөн нэгнийгээ элэг барьсан хэрэг л дээ. Тэрнээс эрийн хуйхнууд байсан бол ижилхэн Төв аймагт хөтлөлцөөд нэр дэвшиж явсан нөгөө гуравт нь жаахан газар Д.Дондогтоо өгөх юухан байхав. Тэдний ийм нэг амиа хичээсэн луйварт нь намынх нь нөхөд эртнээсээ дургүйцэж зарим нь бүр хэвлэл мэдээллээр ил тод ярьж хэлдэг байсан юм. Жишээлбэл УИХ-ын гишүүн асан, нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Сайхансамбуу бээр “Би анх Нарантуул захын газрыг авахаар ерээд онд хөөцөлдөж явахад газрын авлига огт байгаагүй. 2000 он гарсаар газрын авлига цадигаа алдсан юм даа” гэж хэлсэн нь МАН засгийн эрхэнд сууж, дээрх нэр дурдсан нөхөд нийслэлийн удирдлагаар ажиллаж байсан он жилүүд юм. Сайхансамбууд Д.Дондог шиг хандсан ч цаадхи нь баян хүн болохоор Д.Дондог шиг золиослогдоогүй. Аймшигт хэргээр яллагдсан, “Судалт” төвийн босс байснаар нь хүмүүс мэдэх, МАН-ын бага хурлын гишүүн нэгний 2005 онд өдөр тутмын нэгэн хэвлэлд өгсөн ярилцлага бий. Тэрбээр “Би чөмгөө дундартал зүтгэсэн олон жилийн хөдөлмөрийнхөө үрээр шинэ 105 машин унаж байхад нийслэлийн газрын албанд очоод нэг жил ч ажиллаагүй хурган дарга шинэ 105 машин унаад давхиж явааг нь харахаар уур хүрдэг. Үнэндээ энэ нийслэлийн газрын хууль бус наймаа дэндлээ шүү дээ” гэж ярьсан нь хэвлэлийн шарласан хуудаснаа хадгалагдан үлджээ. Намынх нь тодорхой гишүүд ийнхүү хэлж шүүмжилж байснаас хойш 14 жил өнгөрлөө. Газрын мафийнхан улам дээшилж байр сууриа бататгасаар. Тэдний тэргүүнд Төв аймагт холбоотой бяруу шиг явж ялдаг хэдэн нөхөр “бид дархлагдсан хулгайч” гэсэн аятай байсаар. Хэрэг нь сөхөгдөөд ирэхээр хамтран зүтгэж явсан нэгнийхээ доройг нь шорон руу түлхчихээд чимээгүй үлддэг. Төрийн нэрээр амьдарч сурчихсан тэдний зан чанар юм шиг байна. Төр засгийн өндөр өндөр эрх мэдлийг ээлж дараалан хашсан эдэн шиг хүмүүс Монголын төрд байхгүй. Монгол Улсын Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, Гадаад харилцааны сайд. Тун ядлаа гэхэд Шадар сайд болцгоож байдаг. Үнэн чанартаа та бүгдийг ийм их эрх мэдэл, мөнгө хөрөнгөтэй болоход Д.Дондогийн идсэн уусан гэх тэрхүү мөнгөний хувь нэмэр их байгаа юм. Ингэж үйлээ үзэж олсон мөнгөөрөө Д.Дондог сонгуульд ялж, намдаа суудал авчирч, та нарыг сайд болгосон. Юу үнэн гэвэл энэ л үнэн. Гэтэл яагаад ийнхүү холбоотой бяруу шиг явсан нөхрөө, намынхаа гишүүнийг та нар, танай нам өмгөөлөхгүй, хамгаалахгүй байгаа юм бэ. Яасан хүний үнэргүй эрчүүд вэ, та нар. МАН-ын зүгээс гишүүнийхээ луйвар хийгээд ч болтугай олж ирсэн мөнгөөр нь сурталчилгаагаа хийж сонгуульд ялж байсан нь маргашгүй үнэн шүү дээ. Гаалийн Ерөнхий газрын дарга асан Баатар гэж МАН-ын сонгуулийн санхүүжилтэд олон арван тэрбумыг цуглуулж өгсөн аварга амьтан байлаа. Түүнийг яаж золиосонд гаргаж шоронд явуулав. МАН-ын бүх томчуулын хэргийг үүрч Хархорины шоронд хэдэн жил суусан түүнийг гарч ирээд намынхаа эдгээр дарга нартай уулзах гэхэд бүгдээрээ хэрхэн нүүр буруулж, утсаа авахгүй зугтсан тухай Баатар манай сонинд ярилцлага өгсөн. Бүр нэртэй устай нь ярьсан. МАН-ын  гишүүдийнхээ төлөө өчүүхэн ч хариуцлага хүлээдэггүй энэ байдал нь МАН-ын насыг улам богиносгож байгаа юм. Өнөөдөр Баатар, Дондог… гэхчлэн олон гишүүд нь ийнхүү том луйварчдынхаа тоглоом боллоо. Гишүүнийхээ төлөө энэ нам ядаж нэг мэдэгдэл хийж, зөв бурууг нь ялгахыг анхааруулж албан бичиг ч явуулсангүй. Хуруугаа бүү хэл хумсаа ч хөдөлгөсөнгүй. Өчигдөрхөн намыг нь төлөөлж УИХ-д сууж, байнгын хорооны дарга хийж явсан журмын нөхрөө үнсэнд хаясан шалз шиг орхилоо. Намын дарга М.Энхболд надаас холуур өнгөрөөсэй гэсэн шиг таг чиг. Төв аймагт ижилсэж явсан үеэ тэр өнөөдөр бодохыг ч хүсэхгүй байгаа нь мэдээж. Нэг чинь шоронд явчихлаа, нэг л өдөр алх дэргэд чинь дуугарахгүй гэх газаргүй. Д.Дондог шиг дорой, тооны багш, Ц.Батбаяр шиг цэргийн шазруун дарга дэргэд чинь үлдээгүй гэдгийг ард түмэн ярьж байгаа шүү.

МАН-ын удирдлагууд “Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Л.Гансүхийг шоронд эргэж очлоо огцор” гэсэн инээдтэй юмаа ярьж суухаар Д.Дондогийгоо эргэж очооч. Араас нь анхаарал тавьж яваач. МАН үнэндээ дэлхийд зартай алан хядах бүлэг Хамасаас дор байна. Хамас хажууд нь хамаагүй шударга, гишүүдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг байгууллага юм байна. Тэд гишүүнээ шоронд хийлгэх, ял үүрүүлэхийг үзэж чаддаггүй. Зөрүүлээд нэг сэтгүүлчийг барьцаалж аваад нөхдөө суллахыг шаардан наймаалцаж эхэлдэг. Адгийн муу алан хядах бүлэглэлүүд ийм зарчимтай, дүрэмтэй байхад намаа ялуулахын төлөө бүгдийг хийж сонгуульд ялалт авчирсан Д.Дондогийн төлөө МАН яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ. Ийм хүйтэн цэвдэг МАН-ын төлөө хойшид хэн явах юм бэ. Д.Дондогийн төлөө МАН хэрхэн хариуцлага хүлээхээс энэ намын цаашдын нэр хүнд шалтгаална. Ямар ч логикоор бодсон Д.Дондогийн энэ үйлдэлд нам л буруутай. Арван хэдэн тэрбумын цагаан байшингаа зараад ч болтугай Д.Дондогийг суллаж ав. Ингэж байж танай намын нэр хүнд, гишүүдийн чинь итгэл сэргэнэ. Тэрнээс Д.Дондог шиг гишүүдээ хэрэгтэй үед нь ашиглаад, хэрэг нь дуусахаар амны алчуур шиг хаяад байвал МАН-ын мөхөл жилээс жилд улам ойртсоор байх юм байна. 

Б.ДОРЖСҮРЭН       

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *